Зам засвар хэзээ дуусах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Зам засвар хэзээ дуусах вэ?

Нийслэлд энэ жил зам засварын 36 ажил төлөвлөснөөс 17 аж ахуйн нэгж ажил гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар орон сууц, хорооллын дундах зам засварын ажлууд бүрэн хийж дууссан бөгөөд томоохон хэмжээний урсгал засварууд ойролцоогоор 70 гаруй хувьтай байгаа аж. Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний үеэр Хотын дарга Г.Мөнхбаяр есдүгээр сарын нэгэн гэхэд ачаалал ихтэй зарим замын зорчих хэсгийг нээх, удаашралтай байгаа тул зам засварын ажлыг шуурхайлах, одоог хүртэл сонгон шалгаруулаагүй байгаа замын ажлын гүйцэтгэгчийн тендэрийг хурдавчлах үүргийг харьяа газрын даргад үүрэг болгосон. Замын зорчих хэсэг нээсэн эсэх, зам засварын ажлын гүйцэтгэлийн талаар нийслэлийн Авто замын газрын ахлах инженер Б.Жаргалсайханаас тодрууллаа.

-Хотын дарга өнөөдрөөс эхлэн засвар хийгдэж буй төв замын зорчих хэсгийг нээх үүрэг даалгавар өгсөн. Үүний хэрэгжилт ямар байгаа вэ?

-Өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор хотын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу бүх замын зорчих хэсгүүдийг нээсэн. Тухайлбал,  баруун дөрвөн замаас Баянбүрдийн аюулгүйн тойрог хүртэлх 2.2 км замын шинэчлэлтийн ажлын зорчих хэсэг бүрэн нээсэн. Мөн баруун дөрвөн замаас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх 1.6 км авто зам ажил хараахан дуусаагүй ч, өнөөдөр зорчих хэсгийг нээсэн байгаа. Харин Самбуугийн гудамж буюу “Зоос гоёл”-ын уулзвараас Бөмбөгөр чиглэлийн замын ажил энэ хугацаанд амжсангүй тул зорчих хэсгийг нээгээгүй.

-Нийслэлийн хэмжээнд зам засварын ажлын гүйцэтгэл хичнээн хувьтай байгаа вэ?

-Энэ хугацаанд гүйцэтгэгч компаниуд гэрээнд заасан хугацаандаа зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр цаг сунган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хорооллын дундах замууд бүрэн засварлаж, замын их засвар ойролцоогоор 70 хувьтай байна. Гэхдээ зарим замын засварын ажил ирэх сараас эхэлнэ. Учир нь зарим зам засварын ажилд удаа дараа тендэр зарласан ч гүйцэтгэгч тодроогүй байгаа. Наймдугаар сарын 30-нд дөрвөн зам дээр хязгаарлагдмал тендэр нээсэн. Үүнд Шархадны зам, Таван шараас Орбит чиглэлийн зам, Бага тойруу буюу Цэцэг төвөөс Багшийн дээд хүртэл 2.6 км авто замын ажилд өнөөдрийн байдлаар тэндэрийн үнэлгээний ажил хийгдэж байна. Мөн үүний зэрэгцээ хоёр зам дээр нээлттэй тендэр зарласан. ТЭЦ4-ийн зам, Ажилчны гудамж буюу Гурвалжингийн гүүрнээс урагш 3.5 км авто замын тендэрийн замын сонгон шалгаруулалт энэ сарын 2-нд болно.

-Яагаад зарим зам засварын тендэрийн сонгон шалгаруултад гүйцэтгэгч тодрохгүй байна вэ?

-Эргэн төлөгдөх нөхцлөөр буюу өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсний дараа төсвөөс хөрөнгийг нь олгодогтой холбоотой. Замын ажил гэдэг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тийм хэмжээний чадвартай замын компаниуд манайд цөөн байна.

-Энэ онд нийслэлийн зам засварын ажилд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Энэ жилийн тухайд нийслэлд  дөрвөн эх үүсвэрээр замын ажил хийгдэж байна.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 тэрбум 650 сая төгрөг төсөвлөсөн.  Энэ хөрөнгөөр нийт 10 ажил хийгдэхээс нэг замаас бусдад нь  гүйцэтгэгч шалгарч ажлаа төлөвлөсний дагуу хийж байна. Харин 100 айл Лхам худалдааны төвөөс “Жоби” барилгын материалын дэлгүүр хүртэлхи 300 метр замд гүйцэтгэгч олдоогүй байна. Хоёр дахь нь замын сангийн хөрөнгөөр барьж буй 6 тэрбум 400 сая төгрөгийн өртөгтэй ажил.  Энэ хөрөнгөөр гол гудамжууд, хороолол дундах зам болон тэмдэг тэмдэглээний ажил хийж байна. Үүнд Саппорагийн аюулгүйн тойрог, аюулгүйн тойргоос Гурвалжингийн гүүр хүртэлх замын шинэчлэл, БЗД, Энхтайвны өргөн чөлөөнөөс Жанжин клуб хүртэлх 300 метр замын ажил орж буй юм байна. Гурав дахь ажил нь он дамжин хийгдэж буй автозамууд юм. Баруун 4 замаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлхи энэ замын тухайд одоо Төмөр замын коллежоос баруун 4 зам хүртэлх ажил үргэлжилж байна.  Одоогийн байдлаар урд хэсгийг нь  хааж зам засварын ажил хийж байгаа.  Зам барилгын ажлын дөрөвдэх нь энэ жилээс цоо шинээр эхлүүлж буй эргэн төлөгдөх нөхцөлтэй зам барилгын ажлууд ажээ.  Энэ нь гүйцэтгэгч компаниуд өөрсдөө хөрөнгийг нь гаргаж ажиллаад дараа нь улсаас  энэ мөнгөө гаргуулж авах явдал.  Нийтдээ 52,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 км замыг засварлах ажил хийгдэж байна. Үүнээс зарим замыг он дамжин гүйцэтгэх төлөвтэй байна.

-Зарим зам засварын ажлыг энэ сараас эхлүүлэхээр яригдаж байна. Энэ талаар?

-Энэ сард шинээр зам засварын ажил эхлэх гэж байна. Сансарын шатахуун түгээх станцаас Дарь эх, Шадивлингийн чиглэлийн 12 км замын засвар, өргөтгөлийн ажил эхлэх гэж байна. Уг замын засварын ажил эхлүүлэхээс өмнө барилгын талбай чөлөөлөх, зам дагуух айл нүүлгэн шилжүүлэх, замын зурагт орсон цахилгааны шонг шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тендэр нь зарлагдсан ч гүйцэтгэгч шалгараагүй учраас тендэрийг дахин зарлахаар болсон замын их засварын ажил хэд хэд бий. Удахгүй гүйцэтгэгч компаниуд шалгарсан хэдий ч он дамжин үргэлжилэх нь тодорхой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Шар хадны зам. Энэ зам нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс жил бүр нөхөөс хийгээд явсан ч замын ачааллаа хүчрэхгүйд хүрсэн учраас заавал урсгал засвар хийх шаардлагатай байгаа.

-100 айлын автозамын дагуух явган хүний замын ажил хэзээ дуусах вэ?

-Хотын даргын шийдвэрээр жил гаруйн хугацаанд гүйцэтгэгчээр шалгарсан дөрвөн компанийн замын тохижилтын ажлын гэрээг цуцалж, харьяа дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн ажилчид гүйцэтгэж байна. Замын дагуух явган хүний замын ажлыг долоо хоногийн өмнө эхлүүлсэн болохоор өнөөдөр хүлээлгэн өгөхөд цаг хугацааны хувьд амжих ямар ч боломж байсангүй. Гэхдээ эдгээр компанийн ажилчид уртасгасан цагаар ажиллаж байгаа болохоор ирэх долоо хоногт амжаад явган хүний зам, тохижилтыг хийж дуусгана.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж