Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр

Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр

Монгол Улс 1990 оноос хойш либерал ардчилалтай орны хувьд сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэж ирсэн. Гэвч олон улсын шинжээчдийн болон дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс Монголд сэтгүүлч, зохиолчдыг  хамгаалах эрх зүйн орчин дутмаг байгааг онцолжээ.

"Reporters Without Borders" агентлагийн гаргасан 2024 оны "Хэвлэлийн эрх чөлөөний индекс"-т Монгол Улс 180 орноос 104-т жагссан байна. Хамгийн эрх чөлөөгүй, хэвлэн нийтлэх эрх нь боогддог орон буюу 180, 179 дүгээр байранд Хятад, Хойд Солонгос оржээ. Тэгвэл олон улсын тавцанд  Монгол Улсын хэвлэн нийтлэх салбар хэрхэн танигдсан талаар "Reporters Without Borders" -ийн бэлтгэсэн тайланг орчуулан хүргэж байна.

Монгол Улсад  телевизийн салбар хамгийн эрэлттэй, зах зээлийн 60-аас доошгүй хувийг эзэлдэг.  Олон нийтэд хамгийн танигдсан хэвлэл мэдээллийн байгууллага болох МҮОНТ-д телевиз, радио, мэдээллийн сайтууд багтдаг бөгөөд хамгийн олон үзэгчтэй. Харин хамгийн  алдартай өдөр тутмын сонин бол “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдсан. Үүнд  хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр өмчлөх ёсгүй гэж заасан ч зургаан төрлийн хэл дээр мэдээлэл хүргэдэг  Монцамэ агентлаг төрийн өмч хэвээр байна.

Улс төр, хуулийн хүрээнд

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ил тод биш. Хувийн ч бай, төрийн өмч ч бай Монголын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газар, төр, улс төрийн намтай холбоотой гэдгээ ил харуулдаг. Хэвлэл мэдээллийн бие даасан үйл ажиллагаа явуулах боломж улстөрчдийн дарамт, шахалтаар хязгаарлагддаг.

Хэвлэлийн салбар бүрийн эрх чөлөөний индекс үзүүлэлт

Монголын сэтгүүлчид өдөр тутамдаа  ажилтай холбоотой заналхийлэл, дарамт шахалт, доромжлолд өртдөг ба  дарамт шахалт, хүчирхийллийн хэрэг хэд хэдэн удаа бүртгэгдэж байжээ.

Монгол Улсын сэтгүүлчдийн талаас илүү хувь нь гүтгэлгийн хэрэгт холбогдсон байдаг. Өндөр торгуулиас болж сэтгүүлчид өөрсдийгөө цензурдаж, хараат бус байх, эрэн сурвалжлахаас эмээдэг тул хэвлэл мэдээллийн хөгжил хязгаарлагддаг. Сэтгүүлчид худал мэдээлэл тараасан хэрэгт хамгийн их буруутгагддаг ба дийлэнх гомдлыг улс төрчид, засгийн газрын гишүүд, төрийн албан хаагч болон төрийн байгууллагууд гаргасан байдаг.

Эдийн засаг, нийгэм соёлын хүрээнд 

Гурван сая орчим хүн амтай тус улсын хувьд 260 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Үүний  ихэнх нь хувийн хэвшлийнх юм. Монголын хэвлэл мэдээллийн эзэд зөвхөн ашгийн төлөө бизнес хийдэггүй. Мөн тэд хэвлэл мэдээллийн салбарыг өөрсдийн улс төрийн давуу талыг сурталчлах, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг. Цалин багатай, ачаалал ихтэй байгаагаас сэтгүүлчид мөнгө сайн олохын тулд зарим нэг өндөр албан тушаалтны, байгууллагын  даалгасан контентыг хийдэг. Энэ нь иргэдийн хувьд  олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийг алдагдуулдаг аж.

Монголчууд улс төрийн томоохон үйл явдлуудын үнэн худал эсэх, тухайн контентын чанарт санаа зовдог учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл итгэх хандлагатай. "RSF"-ээс 2016 онд хийсэн судалгаагаар, иргэдийн 10 хувь нь өдөр тутмын сонинд гарсан мэдээлэлд итгэдэг бол үндэсний радио, телевизэд хамгийн өндөр хувь буюу 44 хувь нь итгэдэг. Харин цахим мэдээллийн эх сурвалжид хамгийн бага буюу таван хувь нь итгэдэг аж.

Эх сурвалж: Reporters Without Borders 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж