Засгийн газрын ордныг Номтын аманд барина

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

LiveЗасгийн газрын ордныг Номтын аманд барина

Засгийн газрын ордныг Номтын аманд барина
18 : 14
2024-5-3

Засгийн газрын ордныг Номтын аманд барина

Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Шинэ Зуун мод хотын бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх вэ. Засгийн газрын ордныг Номтын ам руу байгуулах зураг төсөл хийгдэж байгаа юм яригдлаа. Парламент шийдвэрээ эцэслэхгүй бол Хархоринд Ерөнхийлөгчийн ордон барих юм шиг, Төв аймагт Засгийн газрын ордон барих юм шиг, энд парламентын ордон үлдэх юм шиг болоод явлаа. Засгийн газар тусдаа, Ерөнхийлөгч тусдаа нэг юм ярьдаг боллоо. УИХ-ын дарга ямар бодолтой байна вэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Намайг байхгүйд та Засгийн газрын ордныг нүүлгэн шилжүүлэх тухай тогтоол баталсан байна лээ ш дээ. Та өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн шүү дээ.  Парламент эндээ үлдэнэ. Саяны баталж байгаа гурван хуулийг дагаад Төрийн ордны тухай хууль батлагдах ёстой юм. Тэрэндээ нийцүүлээд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоол баталсан. Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолд Парламентын ордноос Ерөнхийлөгчийн Тамгын газрыг шилжүүлэх тухай чиглэл өгсөн байгаа.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга М.Батбаяр:

-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ бүс нутагт хүн амыг 2,1 сая хэтрүүлэхгүйгээр байх төлөвлөлттэй. Түүнээс 440 мянгыг хаяа дагуул хотуудад суурьшуулахаар төлөвлөсөн. Тэгвэл Богдхан уулын урд өвөрт  150 мянган хүн суурьшуулах  төлөвлөгөөтэй. Хот суурин байгуулахад цэвэр усны нөөцдөө тулгуурладаг.

Хоёр сайдын багц дээр 2022 оноос хойш нийт 497 тэрбумын хяналтын төсөвтэй ус,  дулаан, цахилгаан холбоо үерийн далан суваг байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар  162 тэрбум төгрөгийн ус хангамж, цахилгаан хангамж, үерийн далан сувгийн ажил эхлээд 50 гаруй хувьтай  явж байна. Дулааны асуудлыг шийдэх ёстой. Улсын төсөв дээр 2025 онд дулааны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийг тусгаж өгч, үе шаттай хийж чадвал 2027 онд ус дулаанаар хангагдах боломжтой болно. 2025 оноос эхний төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ.

Цахилгаан эрчим хүчээр Шинэ Зуун мод хотыг хангахаас гадна Сэргэлэн, Төв аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдаж байгаа. Сэргэлэн дэд станцын ажил Улаанбаатар хотын баруун талаас эхлээд 76.8 км агаарын шугам татсан. 2024 онд бүтээн байгуулалт эхлэхэд цахилгааны эх үүсвэртэй болсон.  Цэвэр усны хангамжаа мөн шийдэж байгаа.

Улмаар хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Малчин иргэдийн эрх зүйн холбооны тухай хуулийн төслийг гишүүд орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авахыг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг төв суурин газарт ажиллах УИХ-ын гишүүд иргэдээс санал авч, санал дүгнэлтээ байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болголоо.

Мөн Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой олон асуудал хөндөгдөж байгаа тул Ашигт малтмалын лицензтэй холбоотой хяналт шалгалтын Түр хороо ажлаа идэвхжүүлж, тавдугаар сарын 20-25-ний хооронд нээлттэй сонсгол зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг судлах Түр хорооны гишүүдийг ч үйл ажиллагаа идэвхжүүлж, Түр хороогоо хуралдуулан нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах ёстой гэдгийг санууллаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

 

17 : 18
2024-5-3

Шинэ Зуун мод хотыг Сэргэлэн, Алтанбулаг суманд байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хийв. 

Танилцуулгад дурдсанаар Шинэ Зуун мод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулахаар заасан бөгөөд засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын дагуул хот статустай байхаар заажээ.

Шинэ Зуун мод хот нь амралт, аялал жуулчлал, олон нийтийн худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон судалгаа шинжилгээний, тээвэр ложистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны аж ахуйн нөөц зэрэг есөн бүстэй байхаар, цааш бүсчлэлийн хуваарийг зөвхөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлохоор төлөвлөжээ.

Шинэ Зуун мод хотыг иргэдэд зориулсан ногоон хөгжлийг дэмжсэн ирээдүйн хотын олон улсын концепцын дагуу нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоотойгоор байгуулахаар тусгажээ. Тодруулбал, иргэд оршин суугаа газраасаа 20 минутад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт очих “20 минутын хот” стандарт гэсэн концепцын хүрээнд төлөвлөх аж. Хотын хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгох асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ба төсөл болон сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм байна.

Шинэ Зуун мод хотын удирдлага нь хотын оршин суугчдаас сонгогдсон хотын зөвлөл, захирагч болон ерөнхий архитектур, хотын хөгжлийн корпорацаас бүрдэх ба зохион байгуулалтын хувьд хороонд хуваарилагдана. Шинэ Зуун мод хотын хөгжлийн корпорацыг Төв аймаг болон нийслэл хамтран байгуулж, хотын газар хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлтийг хариуцаж, хөрөнгө оруулагчидтай төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ. Шинэ Зуун мод хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, нийслэл хот, Төв аймгийн үүрэг байх бөгөөд төрөөс бүтээн байгуулалтын явцад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, улсын төсөвт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг тусгаж батлах, төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аж. Мөн хот нь төсөвтөө байх тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл, Төв аймагт хуваарилж зарцуулахаар заажээ. Хууль батлагдсанаар дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгох, шинээр ажлын байр бий болгож, ДНБ болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулж хөгжүүлснээр орон нутгийн болон  бүс цаашлаад олон улсын логистикийг сайжруулна гэж үзэж буй юм байна. Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, орон сууцын хангамж нэмэгдэж нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тооцсон байна. Бүс нутгийн тэнцвэртэй байдлын хөгжлийг хангах бодлогын хүрээнд шинэ Зуун мод дагуул хоттой Төв аймаг нь эдийн засгийн интеграцид нэгдэж тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

 

 

14 : 20
2024-5-3

Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Монгол Улсын Үндсэн хуулийн ззэл бармтлал, Үндсэн хуультай зөрчилдсөн хууль оруулж ирж хэлэлцүүлмээргүй байна. Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд нийслэл дүүргүүдэд хуваагдана гэж заасан. Гэтэл УИХ, Засгийн газар Үндсэн хуульд заасан энэ асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх нь зөв юм уу. Хот биш Монгол Улсын Засаг захиргааны нэгжийн тухай асуудлаа хэлэлцүүлмээр байна. Хөдөө орон нутагт эмчлэх хүнгүй эмнэлэг, сургах сурагчгүй сургууль байна.  Сумуудаа нэгтгэх асуудлыг оруулж ирж болдоггүй юм уу. Хот гэдэг нэрийн дор шинэ бүтэц бий болгох асуудал орж ирж байна. Хархорхиныг хот болгохыг зөвшөөрнө. Дүүргүүдийг хот болгоно гэдэг Үндсэн хуультай зөрчилдсөн асуудалд хариулт авмаар байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Хотын асуудлыг УИХ цогц байдлаар хэлэлцэж байгаагүй. УИХ болохоор нийслэлийн асуудал гээд орхидог, Засгийн газар мөн нийслэлийн асуудал гээд шийдэх эрхийг нь өгдөггүй. Парламентад орон нутгийн гишүүд нь олонхи байдаг, төсвөө орон нутагтаа илүү тавиад яваад байдаг. Ийм байдалтай Улаанбаатар хот явсаар байгаад шийдэл гаргах эрх мэдэл ч байхгүй, шийдэл хийх мөнгө ч байхгүй болчихоод байна. Одоо ийм байдлаар цогц реформ хийхгүй явбал 86 га дотор байгаа Бага тойруу доторх эрх мэдэл тэсэрнэ, дийлдэхгүй.

Бага тойруу доторх 86 га дотор өнөөдөр шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гол байгууллага байна. Энийг задлахгүйгээр хотын түгжрэлийн асуудлыг шийднэ гэж байхгүй. Парламентын гшишүүддээ уриалж байна.  Сонгууль бодсон бол ийм эрсдэлтэй галтай юмыг оруулж ирж яах юм. Энэ удаад шийдэхгүй, орон нутгийн сонгууль гээд шийдэхгүй. Он гараад дараагийн сонгууль гээд шийдэхгүй. Ингэж биенээ хуурсаар явтал асуудал хуралдаад байна.

Хотын асуудлыг цогц байдлаар шийдэхэд битгий бойкот хийгээч ээ, орон нутгаа зөвхөн урдаа битгий бариач ээ. Бойкот хийхгүй, сонгууль гэж жижгээр харахгүй, том зургаар нь хараад цогц реформ хийгээд өгчих хэрэгтэй. Засгийн газрыг аваад би Хөшигийн хөндий рүү нүүе гэж байгаа юм. Их ,дээд сургууль гар аа би үлдэе гэхээр хэн ч нүүхгүй. Тэр хүртэл Бага тойруугаас гүүр бариад гарах реформ хийе гэж байгаа юм.

Үндсэн хууль дээр нэгдмэл байсан шиг хамтдаа хийвэл болно. Одоо суурь асуудлаа шийдчихье, энэ агуулгаар парламентын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүнийг Улаанаатар хотын даргаар тавьсан. Олон жил ярьсан, Одоо шийдчихье, болохгүй гэдэг зүйл зөндөө л сонсч явлаа. Одоо болгох талаас нь харчихая. Тэгвэл Б хувилбараа танилцуул л даа. Б хувилбар байхгүй байж А хувилбар болохгүй гэж явсаар байтал энэ хот баларлаа. Бүгдээрээ төвлөрөөд асуудлыг нь шийдээд өгчихье.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улс Хот тосгоны эрх зүйн байдлаа шийдэж чадалгүй 30 гаруй жил болсон. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар ард иргэд нь хотын даргаа шууд сонгох хуультай. Гэтэл засаг захиргааны нэгжийг дагуулж хотын даргыг томилж ирсэн.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Хөшигийн хөндийг яаж хөгжүүлэх гэж байгаа вэ. Дагуул хот үүсэх нь. Эдийн засгийн бүтцийг шийдэх нь чухал. Шинэ хот байгуулагдах юм бол Улаанбаатар хоттой яаж холбогдох вэ. Түгжрэлтэй үед 45 минут явж хүрдэг. Төв аймгийн нутаг дэвсгэртэй яаж уялдах вэ. Нутаг дэвсгэрийн зааг хязгаарыг яаж шийдэх вэ. Богд хан уулын дархан цаазат газарт орсон Зайсан, Яармагийн асуудлыг шийдэх үү. Жил бүр сонгуультай болох юм уу. Тодруулж өгнө үү. Хороодын Засаг дарга нарыг эрх мэдэлтэй болгоно гэдэг зөв. Хэрвээ эрх мэдэлтэй болох юм бол газрын наймаа замбараагүй болох вий.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Нэгдүгээрт, Шинэ зуун мод хот гэж нэрлэнэ. Төв аймгийнхны санал. Хоёрдугаарт, Төв аймаг  аймгаараа л байна. Төв аймгийн газар нутагтай холбоотой ямар ч асуудал гарахгүй. Төв аймгийн нутаг дэвсгэр дээр улсын чанартай хот байгуулагдана л гэсэн үг. Одоо байгаа аймаг илүү өргөжин төлнэ.

Дээрээс нь яагаад Шинэ зуун мод хот гэж нэрлэж байгаа вэ гэвэл нисэх буудал орчим нь аймгийн төвөөсөө илүү хөгжих гээд байгаа учраас аймгаа орхигдуулахгүй байх зорилготой.

Онгоцны буудалтай Улаанбаатар хотыг яаж холбох вэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талаас Туул гол дээгүүр гүүр тавина. Хотын төвийн урсгалтай гурван цэгээс гүүрээ хүрсэн томоохон замын байгууламж хийгдэнэ. Энэ гүүр шууд яваад Хүрхрээгийн амын хажууд ирээд тунелээр хүрээд Номтын ам руу гарна. Аймгийн төв энэ тунелээр гараад 1,5 км –т байгаа онгоцны буудал руу очно. Энэ тунелийн бүтээн байгуулалтад Оюутолгойн инженерүүд зөвлөгөө өгч ажиллана.

10 мянган метрийн гүнд манай инженерүүд бүтээн байгуулалт хийж чадсан. Энэ чадвараа нийслэлийн түгжрэлийг бууруулахад Улаанбаатар  хотын төвийг Хөшигийн хөндийтэй холбох том тунелэн байгууламжийг хийхэд ашиглана.23- 25 орчим км үргэлжилсэн тунель хийнэ.  Тэгэхээр хотын төвөөс Хөшигийн хөндий рүү шууд гүүр облон тунелээр дамжиж холбогдоно.

Засгийн газрын баталгаа болон санхүүгийн эх үүсвэр дагаж орж ирж байгаа. Ингэж Бага тойруу дахь эрх мэдлийг задална.

Төв аймгийн нутаг руу Засгийн газар нүүж болохгүй гэдэг юм яриад байгаа. Богд хан уул өөрөө дархан цаазат уул. Богд хан ууланд Их тэнгэр цогцолбор байгаа. Төв аймгийн газар нутаг дээр очих гэдэг агуулга биш. Нөгөө талаараа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу улсын төвшинд үйл ажиллагаа явуулж байгаа аль ч байгууллага улс орны нутаг дэвсгэр дээрээ аль ч төвшинд ажиллах эрх нээлттэй.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Нэгд, Төв аймгийн нутаг Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэр дээр 2012 онд Засгийн газрын тогтоолоор 31 мянга га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. 31 мянга га нутаг дээр Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлыг боловсруулж ор гэдэг даалгаврыг энд суугаа УИХ -ын гишүүд 2020 онд Засгийн гакзарт даалгасан.  Энэ тогтоолын дагуу Шинэ зуун мод хот эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж байгаа. Энэ хуулиар дагуул хотоос олсон орлогын 20 хувийг Төв аймагт төвлөрүүлж өгөх, 80 хувийг эдийн засгийн тэлэлтэд зарцуулах хотын эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирсэн.

Цаашид Шинэ зуун мод хот нь аялал жуулчлал, тээвэр логистик, төрийн захиргааны төв байгууллага, худалдаа үйлчилгээний төв, санхүгийн төв гэсэн тэргүүлэх таван чиглэлтэй хот байхаар төлөвлөсөн. Татварын эрх зүйн хөнгөлөлттэй орчинтой байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Хотын даргаа нийслэлчүүд сонгохоор оруулж ирж байна. Яамдууд Төв аймгийн нутаг дэвсгэр лүү нүүнэ гэсэн үг үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газрын харьяа байгууллагууд нүүнэ. Ер нь Бага тойруу гээд 86 га дотор Ерөнхийлөгчийн институт, УИХ бүхэлдээ, түүний харьяа байгууллага Засгийн газар бүхэлдээ нэг байшин дотор байдаг улс цөөхөн. Эрх мэдэл бүхэн салангид байх ёстой.  Хууль тогтоох гүйцэтгэх зрх мэдэл заагтай байх ёстой.  Ерөнхийлөгчийн дээр Шадар сайд нь байдаг, доор нь Ерөнхий сайд байдаг ид шидтэй байшин манайд л байгаа. Аюулгүй байдал талаасаа ч болохгүй болж байгаа. Энэ бүх эрх мэдэл 86 га дотор байгаа нөхцөлд нийслэлийн түгжрэлийг шийднэ гэдэг нь өөрсдийгөө л хуурсан асуудал. 100 га дотор юу давхарлаж барих юм. 100 га бол метроны нэг л буудал. Энэ 100 га дотор л түгжирч байгаа. Бидний эрх мэдэл түгжирч байгаа, энийгээ задлах ёстой.

Эрх зүйн орчны хүрээнд Үндсэн хуулийн дагуу парламент 126 гишүүнтэй болж байгаа учраас энэ ордон парламентын ордон болж үлдэнэ. Засгийн газар Богд хан уулын цаана байгаа Номтын аманд очно, хотын төвтэй тунелээр холбоно.

Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын холбогдох яамтай хамт нүүхийг уриална.  Тэнд шинэ орон сууцны хороолол баригдаж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоёр таталцлын төвтэй хот болно. Энэ нь одоогийн нийслэл, нөгөө нь Хөшигийн хөндий орчмын хот болон хөгжинө. Энэ асуудлыг шийдэж байж түгжрэлийг шийднэ. Өөр гарц байхгүй, бусад нь гал унтраасан л арга болно. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн  78.9 хувь нь нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

12 : 28
2024-5-3

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойрууг Хөшигийн хөндийтэй дүүжин гүүр, тунелээр холбоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга хэлэлцэх эсэх/ хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ. Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулсаар ирлээ. Суурь асуудлыг шийдэхгүй бол түүнээс улбаалсан асуудал арилахгүй.

Авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүллээ. Хөгжлийн банкны бондыг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлүүлж, “Эрдэнэт” үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр,  Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хууль бус асуудлыг цэгцэлж, Оюутолгой ордын 2,3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, нүүрсний худалдааг биржээр нээлттэй арилжаалж эхэлснээр далд эдийн засаг ил болж -4,6 хувьтай байсан эдийн засаг 7 хувийн өслтөд хүрсэн нь бүхэлдээ 10 гаруй пунктээр өссөн үзүүлэлт юм.  

Эдийн засаг хоёр дахин тэлж, валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрч нэг хүнд ногдох ДНБ сүүлийн хоёр жил дараалан 1000 ам.доллараар өсч, өнөөдөр 5875 ам.долларт хүрсэн байна.

Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн нөхцөл байдал 2012 оны эдийн засгийн сэргэлтийн цаг хугацаатай ижил төвшинд ирж байна гэж хэлж болно. Гол нь бид гаргасан алдаагаа дахин давтахгүйн тулд хамтдаа хичээх ёстой. Өнгөрсөн хугацааны алдааг засах гэж 10 жил зарцуулдаг.  

Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд Үндэсний Баялгийн сангийн тухай хууль батлагдаж, эдийн засгийн өгөөж иргэн бүрт хүртээмжтэй болох суурь нөхцөл хэрэгжиж эхлээд байна. Хуримтлалын санд төвлөрөх энэ жилийн орлогыг ипотекийн зээлийн эхү үсвэрт оруулснаар 10 гаруй жилийн дараа авахаар дараалалд байсан 10 мянга гаруй иргэний орон сууцны асуудлыг нэг жилийн дотр шийдэж чадна гэдэг бидэнд ямар их боломж байсны энгийн нэг жишээ юм.

Шилэн ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээ гар утсанд шилжиж, аливаа ашиг сонирхлын асуудал хэн нэгнээс хамааралгүй ил тод болсоор байна. Дүр эсгэсэн хуурамч байдал өдрөөс өдөрт хүчгүйдэж байна.

Монгол Улс Алсын хараа- 2050 бодлогын баримт бичигтэй болж, олон улсад сайн жишээ болж судлагдаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн УИХ -ын гишүддээ талахарал илэрхийлье.

Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 20 минутын хот концепцийг өргөн барьж байна. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий, Шинэ Зуун мод хот, Дархан, Эрдэнэт,  Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх боломж үүснэ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотыг 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот,  Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот болно.

Цаашдаа аливаа ауудлыг цахим хөгжилд тулгуурласан байдлаар төсөв тавигддаг болно. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгоно. 

Гуравт, Амьдралын чанарын бүхий л үйлчилгээнд 20 минутын дотор заавал хүрдэг байхаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсынн төсвийн хүрээнд тусгах цогц реформ энэ хуулийн хүрээнд туссан.

Дөрөвдүгээрт, Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү шилжүүлэн байршуулахаар оруулж ирж байна. Бага тойруугаас  Хөшигийн хөндийг дүүжин гүүр болон тунелээр холбож, 20 минутын дотор Төрийн ордны Чингис хааны хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудал шууд очдог болох гүүрэн байгууламжийг хийх хөрөнгө оруулалтын асуудлыг мөн оруулж ирж байна. Энэхүү холбоос гүүрийг байгуулснаар хотын төв онгоцны буудалтайгаа шууд холбогдох боломжтой болно. Энэхүү холбоос гүүрийг өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэхээр шийдвэр гаргасан гэв. 

 

 

11 : 19
2024-5-3

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.03/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ногоон автбусны худалдан авалтаар нээлттэй сонсгол хийх ёстой ч Түр хорооны ирц бүрдэхгүй байна. УИХ-ын сонгууль болохоос өмнө эл асуудлаар нээлттэй сонсгол хийх ёстой. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр энэхүү ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар маш ноцтой зүйлүүд ярьсан шүү" гэсэн юм. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Шинжлэх ухаан технологийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат “Аж үйлдвэрийн IV хувьсгал гарчихсан дунд сургуулийн хүүхдүүд код бичиж байхад тендер цохих гэсэн ноцтой хууль батлах гэж байна. дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд өөрийн шинжлэх ухааны бүтээлээ нийтлүүлсэн, эх орныхоо газрын хөрсөнд буусан шинэ бүтээлийг дэмжих чиглэлээр заалт тусгаж чадсан юм уу” гэв.  

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Баттөмөр “Сайн санаанууд хуулийн төсөлд орж ирсэн. Эрдэмтэд маш сайн оролцсон. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэд хэдэн удаа эрдэмтэнд судлаачид, мөн УИХ-ын даргад танилцуулж зөвлөгөөг нь авсан. Шинжлэх ухаанаа сайн ярих ёстой. Шинжлэх ухаанаа хөгжүүлж байж улс орон хөгждөг, хөгжлийг түргэсгэдэг. Шинжлэх ухааны байгууллагад төсвөөс хуваарилах санхүүжилт нэмэгдэнэ, залуу, дунд, ахлах бүх шатны эрдэмтдийн ажлыг дэмжсэн бүх заалт орсон. Энэ хууль батлагдах нь  олон талын ач холбогдолтой” гэв.

Хуулийн төслийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 3.1.10-д заасан судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй.” гэж нэмэхийг Ажлын хэсгээс санал болгожээ. Ажлын хэсгээс гаргасан энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.8 хувь дэмжив. Улмаар хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/

Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

Бусад

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж