Харанхуй гудамжийн хаа нэгтээ согтуучууд хашгирах нь сонсогдов. Хажууд гөлгөн нохой хуцаж байна. Араас хэн нэгэн алхаж буй мэт нуруунаас хүйт даана. Э.Цогтоо энэ гудамжаар үүрийн харанхуйгаар ажилдаа явж, үдшийн бүрийгээр гэртээ харьдаг аж. Жилийн дөрвөн улиралд тэдний гудамж тас харанхуй. Тэр хэдийнэ 18 нас насанд хүрсэн эр хүн боловч харанхуй гудамжаар алхахаас айдгаа нуусангүй. Энэ гудамжаар эмэгтэйчүүд, хүүхдүүд ч цөөнгүй алхдаг гэнэ. Баянзүрх дүүргийн Цагаандаваа орчим шиг гэрэлтүүлэггүй гудамжууд гэр хороолол төдийгүй орон сууцны байрууд дунд ч бий. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлэгч 87,090, гэрэлтүүлгийн шон 75,486, удирдлагын шит 1,208 бий. Гэрэлтүүлгийн асалт 99.6 хувьтай байгаа" талаар хоёр сарын өмнө хэлж байсан. Бодит байдал дээрээ хотод харанхуй гудамжны тоо нэмэгджээ. Нийслэлийн гудамж талбай болгоноо гэрэлтүүлж чадахгүй хүмүүс хотыг бүрэн камержуулна гэдэг үлгэр аж.
Э.Цогтоогийн явах замд олон бэрхшээл үүснэ. Хогны машинууд тоос, шороо бужигнуулан цэвэрхэн явах аргагүй аж. Өвлийн харанхуйд халтирч унахаас эхлээд нохойд хазуулах, бүр хүн зодуулсан байсан удаа нэг бус тохиолдож байснаа ярив. Э.Цогтоо энэ жил сонгууль өгнө. Тэр одоогоор хэнд өгөхөө мэдэхгүй яваа гэнэ. Гэхдээ "худалч, хулгайч" нарт саналаа өгөхгүй гэв. МАН засаг барьсан найман жилд түүний амьдралд олигтой өөрчлөлт ороогүй аж. Түүний хүсэл нь байртай, машинтай болох. Эхний ээлжинд машин авчихвал ядаж харанхуй гудамжаар алхаж, айж ичиж алхахгүй болно гэлээ. Тэрбээр аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Хоёр дүү нь энэ харанхуй гудамжаар алхах үе цөөнгүй гардаг гэлээ.
Их хотод ийм гудамж олон бий. Улаанбаатарын дарга нар хэвлэлд ярилцлага өгөхдөө гудамж, талбайн гэрэлтүүлэг сайжирсан гэдэг. Гэтэл тэр нь хаана байна вэ. Харанхуй гудамжаар хотын дарга нарыг алхахыг "урьж" байна.
Холбоотой мэдээ