Европын боомтууд эзнээ хүлээсэн хятад машинаар дүүрэв

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

Европын боомтууд эзнээ хүлээсэн хятад машинаар дүүрэв

Европын боомтууд эзнээ хүлээсэн хятад машинаар дүүрэв

Хятадын автомашин үйлдвэрлэл сүүлийн 10 жилийн хугацаанд хурдацтай хувьсгал хийсэн. Тодруулбал, зөвхөн барууны нийлүүлэлтээр хязгаарлагдаж байсан улс дэлхийн шилдэг машинуудыг үйлдвэрлэх хүртэл хувьсан өөрчлөгджээ. Үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болохын хувьд Хятад тэдгээр машиныг асар их хэмжээгээр үйлдвэрлэж байна.

Гэвч Хятадын үйлдвэрлэгчид Европт худалдан авагч олоход бэрхшээлтэй байна. Үйлдвэрлэсэн машинуудын олонх нь цахилгаан машин юм. Тэдгээр машин эзнээ хүлээн Европын боомтуудад бөөгнөрсөөр байна. Боомтод зогсох хугацаа нь заримдаа хэдэн сараар тогтохгүй жил, жил хагас дамнах нь бий.

Хятадын цахилгаан машиныг дэлхий дахин эерэгээр үнэлж байгаа энэ үед яагаад ийм асуудал гарч байгаа нь сонирхолтой. Угтаа бол хятад машинууд Европын алдартай брэндүүдтэй чанар, технологийн хувьд эн зэрэгцэнэ, зарим тохиолдолд бүр илүү ч гарна. Учир нь тогтсон зах зээлд өрсөлдөгчийн хувиар орох нь нарийн төвөгтэй ажиллагаа юм. Худалдан авагчид хашир, болгоомжтой байна. Мөн брэндийн дүр төрх бүрдүүлэлт, гаалийн татвар, шинэчлэгдэх хурд зэрэгасуудалтай Хятадын үйлдвэрлэгчид нүүр тулах хэрэгтэй болох юм.

ХУДАЛДАН АВАГЧДЫН ИТГЭЛ ДУТМАГ

Хятадын автомашины өргөтгөлийн хөтөлбөр нь 1960-70-аад онд Японы хийсэн алхамтай ижил төстэй. Тухайн үед япон бүтээгдэхүүн муугүй чанартай байсан ч барууны бүтээгдэхүүнүүдийн дэргэд нарийн хийц, насжилтаар дутмаг байжээ. Япон машины хийцэнд цагаан тугалга орсон, хүч багатай, амархан зэвэрдэг, Европын загвартай харьцуулахад харагдах байдал нь энгийн зэрэг дутагдал байсан.

Түүнчлэн барууны хэрэглэгчдийн хувьд Япон гэдэг үг дэлхийн хоёрдугаар дайн, Сувдан эргийн халдлага гэсэн хар дурсамжуудыг санагдуулдаг аж. Гэсэн хэдий ч найдвартай, харьцангуй хямд, улам бүр загварлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлж чадсанаар Япон улс 990, 2000-аад онд аажим аажмаар автомашины хүчирхэг үйлдвэрлэгч болсон юм.

Хятадаас мөн адил барууныхан цэрвэх хандлагатай байна. Гэвч япончуудаас сургамж авсан тул Хятадын автомашинууд европ брэндүүдийг давж гарахуйц хурдацтай хөгжсөөр байна.

Түүнчлэн "Volvo", "Lotus", "MG" зэрэг дэлхийн брэндийг Хятад худалдан авч байсан. Тодруулбал, Хятадын автомашины "Geely" компани 2010 онд "Volvo"-г, 2017 онд "Lotus"-ыг худалдаж авсан бол Хятадын төрийн өмчит автомашины загвар, үйлдвэрлэлийн "SAIC Motor Corporation" 2007 онд "MG"-ыг худалдаж авсан. Энэ мэт стратегийн худалдан авалт нь Хятадад нэр хүндтэй, дэлхийн шилдэг, инженерчлэлээр тэргүүлэгч брэндүүдийг бий болгожээ.

Хятадын үйлдвэрлэгчид барууны брэндүүдийг худалдаж авсан ч "BMW", "Porsche", "Ferrari", "Ford" зэрэг брэндийн үнэнч үйлчлүүлэгчдийг өөртөө татаж чадаагүй юм. Эдгээр брэндийн үнэнч үйлчлүүлэгчдийн хувьд найдвартай байдал, мото спортын амжилт гэх мэт зүйлс чухал. Ийм хүчин зүйлс нь цаг хугацааны явцад бий болох учиртай юм.

"Ford"-ын диллерүүд 1960-аад онд "Ням гаригт ялж, Даваа гаригт зарна" гэсэн хэллэгийг бий болгосон. Энэ нь "Худалдан авагчид уралдаанд түрүүлсэн машиныг харах л юм бол маргааш нь гараад худалдаад авчихна" гэсэн утгатай үг юм.

СОРИЛТТОЙ ХУДАЛДААНЫ ОРЧИН

Хятадын үйлдвэрлэгчдийн хувьд Европ эсвэл АНУ-тай харьцуулахад үнийн давуу талтай. Үйлдвэрлэлийн түвшин нэмэгдэхийн хэрээр нэгж бүрийн үйлдвэрлэлийн өртөг буурдаг, тээврийн сүлжээ сайн хөгжсөн, хямд ажиллах хүчинтэй зэрэг хүчин зүйл нь яах аргагүй хятад машины үнийг хямд болгодог.

Гэсэн хэдий ч олон оронд импортын өндөр татвар ногдуулдаг. Европын холбоо одоогоор оруулж ирсэн машин бүрт 10 хувийн импортын татвар ногдуулдаг. Мөн АНУ-д Хятадаас автомашин импортлоход 27.5 хувийн татвар ногдуулдаг. Энэ тариф цаашдаа ч өсөх магадлалтай. Европын холбоо л гэхэд өөрсдийнхөө тогтоосон тарифыг хэт бага юм биш байгаа гэж эргэлзэх болжээ. Энэ ондоо багтаагаад импортын автомашинд өндөр татвар ногдуулах шийдвэр гаргаж ч мэдэхээр байна.

Автомашин, тэр дундаа цахилгаан автомашин нь дэлхийн аль ч зах зээлд хурдацтай өөрчлөлт, шинэчлэлт, хөгжлийн үе шатандаа явж байна. Аливаа автомашины шинэ загвар нь зах зээл дээр дөрвөөс долоон жилийн хугацаанд тогтвортой байдаг. Энэ хугацаанд гоёл чимэглэлийн шинж чанартай жижиг өөрчлөлт гэх мэт зүйлс хийгдэж болдог.

Гэвч энэ жишигийг "Тесла" өөрчилжээ. Тухайлбал, "Tesla Model S" нь 2012 онд худалдаанд гарсан бөгөөд үүнээс хойш техник хангамжийн хувьд бараг танигдахааргүй болтлоо тасралтгүй шинэчлэгдсэн. Хятадын автомашин үйлдвэрлэгчид ч үүнийг анхааралдаа авсан нь дамжиггүй. Тэд бусад улстай харьцуулахад 30 хувь илүү хурдтайгаар шинэ загваруудыг гаргаж байна.

"Тесла" компани хуучин машиндаа технологийн шинэчлэл хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог. Гэвч энэ нь асар өндөр төлбөртэй аж. Үүнтэй адил баталгаатай програм хангамжийн дэмжлэг байхгүй учир хятад үйлдвэрлэгчид шинэ загвараа хэчнээн хурдтай гаргалаа гээд өнөөх нь удалгүй хуучирч хоцрох вий гэсэн болгоомжлолыг үүсгэх юм.

Эх сурвалж: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж