УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулж, сонсголыг цуцална

Хуучирсан мэдээ: 2024.05.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулж, сонсголыг цуцална

УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулж, сонсголыг цуцална

УИХ-аас энэ сард хоёр ч том сонсгол зохион байгуулахаар Түр хороо байгуулаад байсан ч сонгууль хаяанд ирсэн үед далан булчирхайгаа тоочоод суух нь ялагдахын цондон тул хаврын чуулганаа завсарлуулаад тойргоо зорих нь ээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Орон нутгаас сонгогдсон гишүүд Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс учруулж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо”, “Чинээлэг малчин” хөтөлбөрүүдийг таниулах ажлаар орон нутагт ажиллах шаардлага байна гэдэг хүсэлт их ирүүлж байна. Нийслэлээс сонгогдсон гишүүд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг мөн тойрогтоо таниулах шаардлага үүссэн тул маргааш/өнөөдөр/УИХ-ын чуулганаар хуулиудаа хэлэлцчих юм бол завсарлуулна” гэдэг анхааруулгыг өчигдөр /2024.05.02/ өгөв.

Эрх баригчдын хувьд сонгууль ойртсон үед Ашигт малтмалын лиценз олголт болоод нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийгдэж ирсэн автобус худалдан авалтаар нээлттэй сонсгол зохион байгуулах нь нийтийн өмчөөс хэрхэн хулгай хийдэг байснаа олон нийтэд дэлгэрэнгүй ярина л гэсэн үг.

Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар өчигдөр “Нийтийн тээвэр мафижах процесс Т.Бадамжунайгийн үеэс эхэлсэн. “Тэнүүн огоо” компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймгийн угшилтай хүн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өрөөнд нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой 4-5 удаагийн хуралдаан болсон байдаг" гэж ярьсан нь хулгай зөвхөн ногоон автобусаар эхлээгүй, мөн угсарсан автобус худалдан авах үйл ажиллагаанд томчуудаас хэн, хэн оролцов гэдэг сэжүүрийг сөхөв үү гэж хэлж болно.

Уг нь автобус худалдан авалттай холбоотой асуудлыг шинжлэн судлах Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 100 гаруй хүнийг сонсголд гэрчээр дуудна” гэдгээ мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн Мягмар гаригт хуралдаж, сонсголын товыг тогтоох байсан Түр хорооны хурал гишүүдийн ирц хүрэхгүйгээс хойшилсон. Үүнээс болж, тавдугаар сарын 8-н орчимд хийхээр төлөвлөсөн энэхүү сонсгол долоо хоногоор хойшлох нөхцөл байдал үүслээ гэдгийг Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэн.  Гэвч ирцэндээ ч биш ер нь энэ асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийвэл МАН энэ сонгуулиар мааниа уншуулна гэдгээ мэдэрсэн учраас хэргээр Түр хороо хуралдах нөхцөл бүрдүүлэхгүй байна гэж хардах үндэслэл гарч ирж буй.  Учир нь МАН дотор нийтийн тээвэр дагасан шинэ мафи үүссэн байв уу гэмээр ноцтой зүйлийг Улаанбаатар хотын экс дарга Д.Сумъяабазар хэллээ. Хэрвээ түүнийг Түр хорооны хуралд гэрчээр дуудвал бүр ч ноцтой асуудал яригдаж мэднэ.

Ядахад, УИХ-д сууж байгаа МАН-ын бүлгийн гишүүд дунд өнөөдөр бүтэн нэртэй, бүлээн зүстэй хүн үлдээгүй.  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Боловсролын зээлийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудаас гадна Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчид, хамаарал бүхий этгээдүүд нь гол төлөв Ардын намынхан л болж таарсан.

Нүүрсний сонсгол зохион байгуулахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан том асуудалд холбогдсон бол Эмийн сонсголоор Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханаас эхлээд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд тэргүүтнүүдийн бизнес хөндөгдсөн.

Ийм үед нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хэдэн тэрбумыг яаж зувчуулсан асуудлыг ярих нь эрх баригч нарт сайн нэр авч ирэхгүй.

1992 оноос хойш хөөвөл эрх баригч хүчин Улаанбаатар хотод засаглаж ирсэн. Ардчилсан нам ердөө дөрөвхөн жил нийслэлд засаглаж үзсэн. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн “но”-г ухахад Ардын намынхан л өөрсдөө улам сэвтэй болохоор байгаа.

Ашигт малтмалын лиценз олголттой холбоотой асуудал ч мөн л эрх баригчдын нэр хүндийг шороотой хутгахаас аврахгүй.  Газар олголтын асуудлыг хамтад нь хэлэлцэх байсан ч хойшлуулсан нь мөн л УИХ-ын сонгууль дөхсөн үед намтайгаа, улстөрчидтэйгээ намнуулахаас болгоомжилсных.

Энэ удаагийн сонгууль  холимог тогтолцоогоор зохион байгуулагдана. Хувь улстөрчийн нэр хүндээс гадна намын нэр хүнд гайгүй байж, парламентад суудал авна.

Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар 126 гишүүний 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар УИХ- д сонгогдоно.  УИХ-ын сонгуулиар 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл олонхи болно.  Хэдийгээр эрх баригчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрсөддөө ашигтай тусахаар баталсан ч ард түмний амьдрал үмх мах, чимх гурилаар хэмжигдэж буй үед дээрх хоёр асуудлаар сонсгол хийх нь халтай тусах тул гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай нэрийн дор сонсголуудыг цуцлах болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж