Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх бол хүний бусад бүх эрхийг хангах хөшүүрэг болдог. Тэр утгаараа ардчиллын үнэт зүйлсийн нэг хэсэг болох эрх чөлөөний тухай ойлголтыг иргэн бүр мэдэж, үнэ цэнийг нь хүндэтгэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд энэ талаарх ойлголтыг нийтэд таниулах, сурталчлах, үнэ цэнийг нь үл мартуулахаас эхлээд зайлшгүй шаардлагууд ихээр гарч байна. Түүний нэг хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө.
Одоогоос 31 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэ өдрийг /2024.05.03/ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхагласан. Энэхүү тунхаг нь улс орнуудад бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл олширч, цахим мэдээллийн чөлөөт урсгалыг хангах боломжийг бүрдүүлсэн юм.
Хэдийгээр Монгол Улс ардчилсан орон ч сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухарсаар байгаа.
ИНДЕКС УХАРЧ, ЭРХ ЧӨЛӨӨ ХУМИГДАЖ БАЙНА
Хэвлэлийн эрх чөлөө сүүлийн найман жилд хязгаарлагдмал болж байгааг холбогдох албаныхан онцолж буй. Тэгвэл 2016-2023 онд Монгол Улс тус индекст хэд, хэддүгээр байранд жагссан талаар мэдээллийг нэгтгэн хүргэе.
- 2015 онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 60 дугаар байрт /энэ нь өмнөх оноос 6 байр ухарсан үзүүлэлт/,
- 2016 онд дэлхийн 180 орноос 69 дугаар байрт /энэ нь өмнөх оноос 9 байр ухарсан үзүүлэлт/
- 2017 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өмнөх оноос 2 байр ухарсан үзүүлэлт/
- 2018 онд дэлхийн 180 орноос 70 дугаар байрт /энэ нь өмнөх оноос 1 байр урагшилсан үзүүлэлт/
- 2019 онд дэлхийн 180 орноос 73 дугаар байрт /энэ нь өмнөх оноос 3 байр ухарсан үзүүлэлт/
- 2020 онд дэлхийн 180 орноос 68 дугаар байрт /энэ нь өмнөх оноос байр урагшилсан үзүүлэлт/
- 2021 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өмнөх оноос 22 байр ухарсан үзүүлэлт/
- 2022 онд дэлхийн 180 орноос 71 дүгээр байрт /энэ нь өмнөх оноос 2 байр урагшлав/
- 2023 онд дэлхийн 180 орноос 88 дүгээр байрт /энэ нь өмнөх оноос 18 байр ухарсан/
- 2024 оны эхний зургаан сарын байдлаар 109 дүгээрт байрт /Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан судалгаа. Энэ нь өмнөх оноос 21 байраар ухарсан/
АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН БОЛОХ ЁСГҮЙ!
Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан алдаа, дутагдлыг гэмт хэрэг тэр дундаа эрүүгийн хэрэгт хамааруулж авч үздэг ардчилсан улс цөөн. Ардчилсан улсын дөрөв дэх засаглалд чөлөөт хэвлэл мэдээллийг нэрлэдэг мөртлөө, бодит байдал дээр эсрэгээрээ харин ч хараат байх боломжит бүхий л нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээж буй нь харамсалтай. Ингэхдээ хуулиар халхавчилж нийтийн мэдэх эрхийг хясан боогдуулах тохиолдлууд ч их гарч байгаа юм. Угтаа мэргэжлийн алдаа дутагдалтай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтын байгууллага шийдэх ёстой гэдэг зарчимтай. Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргахад хянадаг өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хороо гэж бий. Гэтэл хуулиар далайлгаж сэтгүүлчдийн эрхэнд халдаж байгаа нь ардчиллын зарчимд халдаж байгаа төдийгүй хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухрахад нөлөөлж байна.
Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн ёс зүйн алдааг гэмт хэрэг гэж авч үзэх нь олон зүйл дээр эрх чөлөөг хумьж байгаа хэлбэр.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын хэлснээр, иргэд олон нийтийн мэдэх эрхийг ханган ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хэрэгслийг Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд яллагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж байгаа нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргийг нь гүйцэтгэх боломжийг нь хязгаарлах, гэрийн хорионд оруулах, нэг асуудлаар олон газарт хэрэг үүсгэх, яллагдагчаар татсан нэрийдлээр сэтгүүлчийнхээ ажлыг хийхийг хязгаарлаж байгаа зүй бус үйлдэл хэрээс хэтэрлээ.
Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, сэтгүүлч Ж.Баттуул гэхчлэн 20 орчим сэтгүүлч яллагдагчаар татагдан шалгагдаж байна.
Эдгээр сэтгүүлчид улс төрч, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын зүй бус үйлдлийг шүүмжилж, сэтгүүлчийнхээ ажлыг хийснийх нь төлөө ийнхүү эрүүгийн хуулиар яллагдагч болчихоод шалгагдаж байна. Бид салбараараа тэмцэхгүй бол болохоо больчихож. Энэ өдөр хэдүүлээ тэмцлийн алхам хийхгүй бол болохоо больж байна гэсэн юм.
СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗААЛТ БАЙХГҮЙ Ч…
Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эрх чөлөөнд халдах тохиолдол сэтгүүлчдэд олноор тохиолдож байна. Улсын хэмжээнд 2023-2024 оны эхний гурван сарын байдлаар прокурорын байгууллага иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авсан байна. Дээрх 202 гомдол, мэдээллийн дийлэнхийг хувь хүний гаргасан гомдол эзэлж буй аж.
2023-2024 онд иргэн, байгууллагаас гаргасан хувь хүний нууцыг задруулах, худал мэдээлэл тараах, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, төрийн нууцыг хууль бусаар олж авахх зэрэг гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авч, прокурорт санал гаргаж ирүүлснээс 106 буюу 56.6 хувийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, хааж шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой нийт 187 гомдол, мэдээллийн 12.8 хувь буюу 24 хэрэгт мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Сэтгүүлчийн иргэний эрхийг хааж буй хуулийн заалтууд ч бий. Тухайлбал, өнөөгийн нөхцөлд сэтгүүлчийг гэм буруутайд үзэж, шалгаж хамгийн ихээр хамаатуулж байгаа хэд хэдэн хуулиуд бий. Тухайлбал,
- Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт бусдын нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд түгээсэн бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх,
- Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу худал мэдээллийг залруулж, бусдын нэр төрийг сэргээх арга хэмжээ авах,
- Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийн оролдох,
- Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйл шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх зэрэг байна.