Монгол Улсын Засгийн газраас "5Ш" ажиллагаа явуулж байгаагаа өнгөрсөн жил зарласан. Эдгээр ажиллагааны нэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, эх орноосоо оргон зайлсан, зугтсан, гадаадад байгаа, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэм буруутай эсэхийг нь тогтоох зорилго бүхий шувуу ажиллагаа юм.
Шувуу ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан Т.Бадамжунай болон Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг тэргүүтэй 92 хүний нэрийг зарлаж, эх оронд нь эргүүлэн авч ирэх талаар мэдээлж байсан.
Нэрс зарласнаас нэг их удалгүй ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбү хотоос авчирч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Тэрбээр одоогийн байдлаар шувуу ажиллагааны хамгийн эхний бөгөөд эцсийн том “ав” гэж зарим иргэд дүгнэдэг бол, зарим нь эх орноо санаад “шоу” болж сүр дуулиантай эргүүлэн авчирсан гэж үздэг. Ямартай ч түүний улаан нүүрийг нь улалзуулж, камерын өмнө хоёр талаас нь хар хувцастанууд сугадаж, хар машинд суулгаж явсанаас өөр сүр дуулиан болохуйц ажиллагаа алга.
Түүнэээс хойш уг ажиллагааны хүрээнд гадны улс орнуудаас авч ирсэн ганц нэг иргэдийн хэргийг аваад үзвэл ихэвчлэн хулгай, залингийн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан иргэдийг “шувуу” болгон авч ирсэн. Хачирхалтай нь Т.Бадамжунайг авч ирсэн шиг кино, клип шиг дүрс бичлэг хийгээгүй нь хүний эрхийн хувьд дабль стандарт тогтоож байгаа хэрэг л дээ. Угтаа Т.Бадамжунайгаас өөр том олзгүй болсон Засгийн газраас Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал болоод төрийн өндөр албан тушаал хашиж байгаад гадаадад оргон зайлсан хүмүүсийг хэзээ авчрахыг нь олон нийт хүлээсээр.
Засгийн газраас сүр дуулиантай мэдэгдэх нэг өөр. Яг “шувуу” болгож авчрах хоёрын хооронд асар их ялгаа бий. Угтаа ам ажлын зөрүү энд үүсдэг.
Улс орнууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой болж, хэрэг маргааныг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр Унгар, Болгар, Румынь, Чех, Словак, БНАСАУ, Куба, БНХАУ, Франц, Казакстан, Польш, ОХУ, БНСУ, Украин, Вьетнам, Киргиз, Турк, Энэтхэг, Канад зэрэг нийт 23 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй.
Тиймээс АНУ зэрэг европын улсад амьдарч байгаа "шувууг" авчрах, шалгах асуудал тийм ч амархан бүтэхгүй. Тиймээс хууль эрх зүйн хувьд дэлхийн улс орнуудтай харилцан туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээрийн тоог бодитоор нэмэгдүүлж, хоёр тал харилцан зөвшөөрсөн тохиолдолд жинхэнэ утгаараа шувуу ажиллагаа хэрэгжих боломж бүрдэх юм.
Гэсэн хэдий ч бид хуулийг гууль болгож хэн нэгний эрхийг зөрчих хэрэгсэл болгон ашиглах учиргүй. Тухайлбал, хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд Европын зөвлөлөөс Страсбург хотноо 1959 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан.
Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенц нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан “эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ"-нд хамаарах тул УИХ соёрхон батлах зохицуулалттай юм. Тус конвенц нь 30 зүйлтэй бөгөөд гишүүн улсууд хооронд эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлт гаргах нийтлэг үндэслэл, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэл, конвенцын талуудын харилцах журам, конвөнцын үйлчлэх хүрээ, шүүхийн баримт бичиг гардуулан өгөх, гэрч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх, хоригдож буй этгээдээс нотлох баримт гаргуулах буюу мөрдөн байцаалтад байлцуулахаар ирүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан мэдээлэл солилцох, шийтгэх тогтоол болон түүний дагуу авсан арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зэрэг зохицуулалтыг багтаасан байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батласнаар тус конвецид нэгдсэн улс орнуудад оргон зайлсан иргэдийг шилжүүлэн авч ирэх боломж бүрдэнэ гэж ойлгож болох юм.
Бүрэн эрх нь дуусахад сар гаруй хугацаа үлдсэн УИХ-аар хууль "машиндах" нь элбэг. УИХ-ын гишүүдийн бүрэн эрх нь хэрэгжиж байгаа 73 гишүүнээс 50 хувь нь буюу 36-37 гишүүн ирц бүрдүүлэн сууж түүний 50 хувь буюу 17-18 гишүүн үндсэндээ хууль баталж байна. Тиймээс тойргоо тойглож гүйгээд, ордонд суух завгүй, орондоо орох ч завгүй байгаа гишүүдэд хүний эрхийг зөрчихгүй, ирээдүйд ямар нэг эрсдэл учруулахгүй хууль батлахгүй байхыг шаардах эрхтэй, иргэд.
Ирэх сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болохоос гадна олон намын төлөөлөл орж ирэх учраас улс орон, нийгэм , эдийн засаг, хууль эрх зүйн орчинд чухал нөлөөтэй хуулийн төслүүдийг батлан гаргахгүй байх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн. Түүний хэлдэг үнэн.
Угтаа МАН хэт олонх байгаа энэ үедээ бүрэн эрх нь дуусахаас өмнө амжиж өөрсдөдөө ашигтай хуулийн төслүүдийг "машиндах", намын дарга нь чуулганы индер дээрээс "нэр дэвших эрх өгөхгүй" хэмээн сүрдүүлж, хууль баталдаг нөхцөлд Б.Энхбаярын өргөн барьсан Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах юм бол олон улсад Монгол улсын хүний эрх, эрх чөлөөний байдал улам дордох эрсдэл байгааг судлаачид хэлж байна. Европын конвенцид нэгдэх нь чухал боловч түүнийг олон талаас нь хэлэлцэж хийдэлгүй, хийгүй хууль баталж гаргах ёстой.
Холбоотой мэдээ