Тавдугаар сарын 3. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр улам бүр арагшилсаар байгаа нь аюулын ХАРАНГА юм. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн нэг үнэт суурь. Хэвлэлийн эрх чөлөөгүй ардчилал гэж үгүй. Ардчилал үгүй бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал ч "үгүй" болж мэднэ.
Тиймээс,
-Монголд хэвлэлийн эрх чөлөө хангалттай байж чадаж байна уу ?
-Хэвлэлийн эрх чөлөөнд хамгийн их халдаж байгаа асуудал юу вэ?
-Хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид хамгаалж чаддаг уу? гэсэн асуултад улстөрч Э.Бат-Үүл, сэтгүүлч Д.Нарантуяа, багш Ч.Энхбат нарын байр суурийг хүргэж байна.
"СЭТГҮҮЛЧИД ӨӨРСДӨӨ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХУДАЛДДАГ БОЛСОН"

АН-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Э.БАТ-ҮҮЛ:
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагааг худалддаг болжээ. Хэн гэхээр улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүст тэд эрх чөлөөгөө худалддаг болсон. Эрх чөлөөгөө эрх баригчдад худалдаж байна гэдэг нь тухай хэвлэл чөлөөт хэвлэл байж чадахгүй гэсэн үг. Харин худалдагдахгүй байгаа хэвлэл мэдээллийн байгууллагыг нь дарамталж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, чөлөөт хэвлэлийн байр сууриа хадгалсныг нь дарамталж байна. Үнэн хэрэг дээрээ Монголд хэвлэлийн эрх чөлөө хүнд нөхцөлд байна. Монголд хэвлэлийн эрх чөлөө устаж байна гэж хэлж болно. Хэвлэлийн эрх чөлөөний орон зайг олон нийтийн сүлжээ эзэлж байна. Олон нийтийн сүлжээ, иргэд чөлөөт хэвлэлийн үүргийг гүйцэтгэж байна
Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараат бус, үнэн зөв мэдээлэл өгч чадаж байгаа эсэхэд иргэд эргэлзэж, итгэхгүй байна.
Мэдээллийг шуурхай иргэдэд хүргэх тал дээр их дутмаг болж. Тийм учраас иргэд олон нийтийн сүлжээгээр л мэдээлэл солилцдог болжээ. Мэргэжлийн сэтгүүлч олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээллийг мэдээ болгож чадах ур чадвартай байх ёстой. Тэр чадвараа бүрэн гаргаж чадахгүй байна. Сэтгүүл зүйн салбарыг дөрөв дэх засаглал гэж зүгээр ч нэг санамсаргүй хэлчихээгүй. Ардчилсан нийгмийг хамгаалах том багануудын нэг нь хэвлэлийн эрх чөлөө. Жишээлбэл, хараат бус шүүх, парламентат ёстойгоо дүйцэхүйц хэмжээнд чөлөөт хэвлэлийн институци байх ёстой. Гэтэл тэгж чадахгүй, технологийн дэвшил рүү буруугаа чихэж байна. Эрх бүхий албан тушаалтнууд олон түмэнд хэрэгтэй, сенсаци тарих хэмжээний мэдээллийг хийж байхад сэтгүүлчид тэрийг нь мэргэжлийн түвшинд мэдээ болгож чадахгүй байна. Олон нийтийн сүлжээнд хэзээ ч тийм мэдээ "үйлдвэрлэж" чадахгүй шүү дээ. Нөгөө талаас ажлаа хийж байгаа сэтгүүлчдийг хуулиар далайлгах явдал ч гарч байна. Заримдаа сэтгүүлчид өөрсдөө энэ боолчлолд дуртай байгаа юм шиг харагддаг.
"ЭРХ БАРИГЧИД СЭТГҮҮЛЧДИЙГ ОНЦГОЙЛОН ТОЙГЛОЖ БАЙНА"
Analytic.mn сайтын эрхлэгч Д.НАРАНТУЯА:

-“Freedom house”-аас гаргасан судалгаагаар Монгол Улс 2015 онд дээгүүр гарч ирээд, тэрнээс хойш тогтмол байр ухарч байгаа. Олон улсын индекс яагаад ухраад байна гэхээр Монгол Улсын хэмжээнд сэтгүүлчид чөлөөтэй ажиллаж чадахгүй, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байна гэсэн үг. Миний мэдэхийн сүүлийн хоёр, гурван жил сэтгүүлчдийг цагдаа шүүхээр айлгах, хууль барьж далайлгах тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Эрүүгийн тухай хуулийн 13.14 заалт буюу "Илт худал мэдээлэл тараах" гэдгээр маш их гул барьж байна. Өнгөц харахад, сэтгүүлч худал мэдээлэл тараасан гээд хөнгөн юм шиг харагдаж байгаа боловч өргөн агуулга, үйлдлийг хамруулж, зарим тохиолдолд өөрт ашигтайгаар ашиглах хүмүүс гарч ирж байгаа учраас сэтгүүлчид хуулийн байгууллагад дуудагдах боллоо.
Нөгөө талаараа цар тахлын үед төр засгийн байгууллагууд мэдээллийн урсгалаа нэг болгож, төрийн эх сурвалжтай болгож байгаа нь олон улсын индекс буурахад нөлөөлж байна.
Эрх баригчид сэтгүүлчдийг онцгойлон тойглож, мэдээллээ цацуулж байгаа байдал нь индекс ухрах нэг шалтгаан болсон. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарын гол санхүүжүүлэгч нь төр болсон. Уг нь хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллээ түгээж, хэрэглэгч мөнгөөрөө үзэж, уншаад, энэ салбарыг санхүүжүүлж байх ёстой. Бас нэг оролцогч тал нь зар сурталчилгаа гээд гурван талын тоглогч зах зээл дээр байх ёстой. Гэтэл одоо хэрэглэгч, үзэгч, уншигч байхгүй болж, тэр орон зайг төр эзэлж байгаа нь маш харамсалтай. Хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэд гомдол ирүүлдэг. Ингэхдээ сэтгүүлч мэдээ материал нийтлэхдээ мэргэжлийн ёс зүйн ийм алдаа гаргаж, буруу баримт ашигласан байна гэдэг. Хэвлэл мэдээллийн зөвлөл 2015 онд байгуулагдаад, ес дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 500 гаруй гомдол ирүүлснээс Ёс зүйн хороогоор авч хэлэлцдэг.
Гомдлыг хэлэлцэхдээ сэтгүүлчийн ёс зүйн 10 зүйлтэй зарчим дотор мэдээ материалаа бэлтгэсэн байна уу гэдгийг хянадаг. Нийт гомдлын 50 хувь нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн зарчмаа баримтлаагүй байна гэдэг дүн мэдээ гарсан.
Тэгэхээр энэ салбарын тал нь ёс зүйн зарчмаа баримтлахгүй, мэдээ материал нь хуудуутай, баримтаа сайн нягтлахгүй, нэг талыг барьсан байна гэсэн үг. Тэр дундаа шууд мэдээллийг дамжуулах лайв дээр гомдол их ирдэг. Лайв дамжуулахад нэг эх сурвалж давамгайлж, бодит байдал гарахгүй байгаа учраас гомдол мэдээлэл их ирдэг.
"ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ ЯМАР ЧУХЛЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА"
МУБИС-ийн Сэтгүүл зүйн танхимын багш, доктор (Ph.D) Ч.ЭНХБАТ:

-Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс сүүлийн жилүүдэд буурах буюу байр ухарч байсан. Харин энэ жил “Freedom house”-аас гаргасан судалгаанаас харахад ногоон өнгөөр буюу эрх чөлөөтэй орон гэх жагсаалтад тэмдэглэгдсэн байна билээ. Олон улсын сэтгүүлчдийн холбоо, хэвлэлийн эрх чөлөөг дэмждэг байгууллагуудаас энэ талаар манайд сануулга, чиглэл хүртэл өгч байсан. Ер нь төр засгийн байгууллагууд ардчилсан улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдгийг төдийлөн сайн ойлгохгүй байх шиг байна.
Үйл ажиллагаанууд нь ихэвчлэн тушаал шийдвэр, үүрэг даалгавраар явдаг, тусгай чиг үүргийн зарим байгууллага иргэний эрх, эрх чөлөөнд халдах нь түгээмэл боллоо.
Иймээс төрийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд чөлөөт сэтгүүл зүйн эсрэг байнга гомдоллодог. Монголын хууль эрх зүйн орчин ч хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй нөхцөлд нөлөөлж байгаа учраас чөлөөт байдал хумигдаж эхэлсэн гэж харж байна. Зөвхөн сэтгүүлч гэлтгүй бүхий л төрлийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэх оюутны тоо буурах хандлага ажиглагдаж буй. Энэ нь тухайн мэргэжлүүдийн цалин хөлс, нийгмийн хангамж зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой юм.
Холбоотой мэдээ