Болз, маргааш нь ч бас

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Болз, маргааш нь ч бас

Бидний амьдарч байгаа хот бол залуусын хот. Хаашаа л харна залуучууд, залуу бүсгүйчүүд. Гэхдээ яагаад ч юм тэд нэг л гунигтай харагддаг.  Магадгүй тэд болзоонд явахаа больсон юм болов уу? Зарим залуус өөртөө тохирох нэгнийг хайсаар явдаг бол нөгөө нь зүгээр л хэн нэгэнд дасахаас айдаг. Харин ихэнх залуус хэдэн жилийн өмнө салсан хайртаа мартаж чаддаггүй.

Та амралтын өдрөөр болзоонд явж, хэн нэгний ертөнцөд нэвтрэхийн  оронд  гэртээ телевиз үзэж суухыг илүүд үздэг үү?  Ямар ч хүн амьтангүй алслагдсан буйд нутагт амьдардаггүй л бол болзоонд явахгүй байх шалтгаан байхгүй.

Би л хувьдаа сайхан бүсгүйтэй болзоонд явах дуртай. Кофе уух, гадуур зугаалах, эсвэл кино үзэх байсан ч тэр болзоо бол болзоо шүү дээ. Хэн нэгний тухай илүү ихийг мэдэх энэ процесс, түүний юунд дуртай, юуг үзэн яддагийг  олж мэдэх маш зугаатай ажил. 

Та хэн нэгэнтэй учрахыг хүсдэггүй эсвэл долоо хоног бүр өөр бүсгүйтэй уулздаг бол энэ таны асуултын хариулт. Миний бодлоор бүсгүйчүүдэд  болзоонд явах тийм ч хэцүү зүйл биш. Учир нь эрчүүд эмэгтэй хүнтэй ярилцахаас  хэзээ ч татгалздаггүй.  Тиймээс хэрэв та эмэгтэй хүн бол танд илүү боломж байна гэсэн үг.

Залуу, бүсгүй та болзоонд явмаар байна уу?

Болзоог олон удаа амжилттай болгодог нууц бий.  Ердөө л  нийтэч  бас хөгжилтэй бай.  Маш энгийн байгаа биз.  Аль болох олон хүнтэй танилцаж, яриа өрнүүлж чадвал таны танилын хүрээ өргөсч, тэдний утасны дугаарыг авснаар дахин уулзах боломжтой болно.

Гэхдээ хүмүүс нүүр тулгарахаас айдаг.  Үл таних хүн хэрэв танд таалагдвал яах вэ?  “Би түүнд таалагдаагүй бол яах юм бэ?” “  Намайг  ямар тэнэг юм бэ гэж бодвол яана ?”  Ихэнх хүмүүс дотроо ингэж бодоод, үг дуугарч чадалгүй замаасаа хэтрэн явах эсвэл дэлгүүрээс өөртөө огт зохиогүй цамц дэмий худалдаж авдаг.

Харамсалтай нь тэр айдсыг танаас өөр хэн ч алга болгож чадахгүй.  Зүгээр л бусад хүмүүс юу гэх бол, яах бол гэдэг бодлоо толгойноосоо авч хая.

Төлөвлөгөө

Танд даваагаас баасан хүртэл бүтэн таван өдөр байна.  Хүссэн үедээ ядаж л цагт нэг бүсгүйтэй  уулзаж ярилц.  Ялангуяа сэтгэл санаагаар унасан үед энэ арга тус болно.  Энэ санаа эхэндээ ухаалаг санаа шиг сонсогдохгүй нь лав.   Танихгүй хүнтэй ярилцах хэзээд амаргүй байдаг.  Гэвч удалгүй  хэн нэгэнтэй энгийн яриа өрнүүлэх нь таны төрөлх чадвар гэдгийг олж мэднэ.  Хэрэв амжилттай болвол таны амьдрал шинэ учрал, гайхалтай мөчүүдээр дүүрэн болно. 

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж