АНУ: Орос дайны талбарт химийн бодис ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

АНУ: Орос дайны талбарт химийн бодис ашиглаж байна

АНУ: Орос дайны талбарт химийн бодис ашиглаж байна

Оросыг Украины цэргүүдийн эсрэг амьсгал боогдуулагч хлоропикрин хэрэглэж,  химийн зэвсгийн эсрэг дэлхий нийтэд тавьсан хоригийг зөрчсөн гэж АНУ буруутгаж байна. Төрийн департамент Лхагва гаригт  хийсэн мэдэгдэлдээ "Ийм төрлийн химийн бодис ашигласан нь ганц тохиолдол биш бөгөөд Украины цэргүүдийг бэхэлсэн байрлалаас гаргах гэж үзэж байна. Химийн бодис ашиглаж буй нь  байлдааны талбарт тактикийн амжилтад хүрэх гэсэн Оросын армийн хүсэл эрмэлзлээс үүдэлтэй байж магадгүй" гэж мэдэгджээ.

Нүд, арьс, уушгийг цочроодог, өнгөгүй тослог шингэн хлоропикриныг Дэлхийн нэгдүгээр дайны үед их хэмжээгээр хэрэглэж байсан гэж АНУ-ын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. Үүнийг хөдөө аж ахуйн хортон шавж устгах бодис болгон ашигласаар байгаа. Гэхдээ 1993 оны Химийн зэвсгийн тухай конвенцод (CWC) заасны дагуу дайнд хэрэглэхийг хориглосон байдаг. Орос улс  химийн зэвсгийг ашигладаггүй  гэж мэдэгдсэн ч ил тод байдлыг хүссэн олон улсын дарамт шахалттай учраад байна. Оросын цэргүүд хлоропикринээс гадна "CS" болон "CN" хий ачсан гранат ашигласан гэж энэ сарын эхээр Ройтерс агентлаг мэдээлсэн. Украины 500-гаад цэрэг хорт бодист хордсоны улмаас эмчилгээ хийлгэж, нэг цэрэг нулимс асгаруулагч хийнд боогдож нас барсан гэв.

Украины Ерөнхий прокурорын орлогч Гюндоз Мамедов дөрөвдүгээр сарын 24-ний өдөр олон нийтийн сүлжээнд "Оросын арми Украины цэргүүдийн эсрэг сүүлийн зургаан сарын хугацаанд 900-аас доошгүй удаа нулимс асгаруулагч хий ашигласан. Тэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш 1.4 мянга гаруй зөрчил гарсан" гэж мэдэгджээ.

Мөргөлдөөний  үеэр энгийн иргэд ихэвчлэн хорт хийнээс зугтаж чаддаг бол хийн баггүй цэргүүд дайсны галын дор зугтахаас өөр аргагүйд хүрдэг.  Москвагийн хлоропикрин хэрэглэж, "CWC"-ийг "үргэлжлэн үл тоомсорлож байгаа" нь "Алексей Навальный, Сергей, Юлия Скрипал нарыг Новичок мэдрэлийн бодисоор хордуулах үйл ажиллагаатай ижил төстэй гэж Төрийн департмент мэдэгдлээ. Хойд туйлын шоронгийн колонид гэнэт нас барсан Навальный 2020 онд Новичокт хордсон юм. Их Британид орогнол олгосон Оросын цэргийн тагнуулын ажилтан асан Сергей Скрипал 2018 онд охиныхоо хамт амийн хороох гэсэн оролдлогоос мултарч чаджээ. Хэргийг мөрдөж байсан Британийн цагдаагийн офицер мөн л хүндээр өвчилж, хордлогод орсон. Гэмт хэргийн газар хаягдсан лонхыг санамсаргүйгээр Давн гэх  эмэгтэй үнэртэй ус гэж бодож авсан ч дөрвөн сарын дараа нас барсан юм.

Москвагийн химийн болон биологийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой Оросын төрийн гурван байгууллага, Украины цэргүүдийн эсрэг хлоропикрин хэрэглэхэд тус дөхөм үзүүлсэн тусгай цэргийн ангид хориг тавьж байна гэж АНУ мэдэгджээ. Мөн  Москвагийн дэмждэг гурван байгууллага болон тэдний холбоотон дөрвөн компанид хориг тавилаа.

Эх сурвалж:Aljazeera

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж