Баялгийн хуваарилалтаар байртай болох нь!

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Баялгийн хуваарилалтаар байртай болох нь!

Баялгийн хуваарилалтаар байртай болох нь!

-Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Энэ бол 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр УИХ-аас баталсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан заалт. Эцэг хуулийн эдгээр заалтуудыг хэрэгжүүлэх гол концепци нь Үндэсний баялгийн сан болж байна.  Үндэсний баялгийн сангийн гол зорилго нь байгалийн баялгийг шударга хуваарилах тухай. Шударга хуваарилна гэдэг нь тэгш хуваарилахаас тэс өөр бодлого юм.

Монголын нийт хүн амын нэг хувь ч хүрэхгүй тэргүүлэх баячуудийн дийлэнх нь уул уурхайн орд газрын эзэд. Гурван үсэгтэй тэдгээр компаниуд Монголын баялгийн эзэд байсан нь саяхан. Саяхан ч гэж дээ, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд Үндсэн баялгийн сан батлагдах хүртэл. Тэгвэл ирэх долоо хоногоос И-Монголиад иргэн бүрийн нэр дээр хуримтлалын сан үүсгэнэ. Хуримтлалын сангаасаа эрүүл мэнд, боловсрол, ипотекийн хөтөлбөрт зарцуулах боломжтой болж байна. Товчхондоо, баялгийн шударга хуваарилалтаар Баянхошууныхны амьдралыг Зайсан руу ойртуулах бодлогын эхлэл ингэж тавигдаж байна.

Үндэсний баялгийн санг байгуулахдаа хоёр ч улсын туршлага дээр үндэслэжээ. Нэгд, Ирээдүйн өв санд үр хойчдоо үлдээж хөрөнгө хадгална, Норвегийн сантай ижил концепцтой байна.

Хоёрт, Хуримтлалын сан нь Сингапурынхтай төстэй, ирээдүйд биш өнөө үедээ энэ сангийн мөнгийг зориулна.

Гуравдугаарт, Хөгжлийн сангийн  ирээдүйд хийх хөрөнгө оруулалт буюу дунд хугацааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Төсөв ашигтай гарах үед Тогтворжуулалтын сангийн 50 хувийг тус санд төвлөрүүлэх гэнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан гол шийдвэр нь Хуримтлалын санд төрийн өмчийн уул уурхайн компаниудын 34 хувьд ноогдох ашиг буюу 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, ипотекийн зээлэнд зарцуулахаар болсон.

Хуримтлалын санд энэ жилдээ

  • -“Эрдэнэс Тавантолгой” ХК 200 тэрбум
  • -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 273 тэрбум
  • -Дарханы төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум
  • -Монголросцветмет 8.6 тэрбум
  • -Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр 3.5 тэрбум

-“Эрдэнэс Оюутолгой” 356 сая төгрөг тус тус төвлөрүүлж байна. Цаашдаа энэ сангийн мөнгө нэмэгдэнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд дуулгана лээ. Ингэснээр 2024 онд гэхэд 1.2 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, 10 мянган янданг цөөлөх гэнэ.  Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд дээр 17 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн, банкны шаардлагыг хангасан 10 мянга орон сууцанд орох боломжтой болж байна.

Урин цаг ирэнгүүт улаанбаатарчууд утаагаа мартчихдаг. Өвөл болохоор өтгөн утаандаа баригддаг. Дэлхийн хамгийн бохир агаартай Улаанбаатарыг утаанаас салгах ганц гарц бол яндангийн тоог цөөлөх. Гэтэл нийслэлд гэр хороололд амьдардаг 200 мянган өрх бий.

Улаанбаатарын утаатай тэмцэхээр Монгол Улс цөөнгүй арга, тактик ашигласан, багагүй мөнгө зарцуулсан. 2008 оноос хойш нийслэлийн утааг бууруулахад 1.2 их наяд төгрөгийг үрэн таран хийжээ. Үрэн таран гэдэг нь үр дүн муутай байсан гэсэн үг.

Үндсэндээ утаагүй зуух, утаагүй түлшээр Улаанбаатарын утааг бууруулахгүй болохыг бид бүгд нүдээрээ харлаа, амь нас эрүүл мэндээрээ туршлаа. Л.Оюун-Эрдэнийн засгийн бодлогоор иргэд хуримтлалын данснаасаа эрүүл мэнд, боловсролдоо зарцуулж болох юм байна. Ипотекийн зээлээр байр, орон сууцтай болж чадах юм байна. Байгалийн баялгийг тэгш биш шударга хуваарилна гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж