3х3: Монголын баг Японоос олимпийн эрх авах өндөр боломжтой

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

3х3: Монголын баг Японоос олимпийн эрх авах өндөр боломжтой

3х3: Монголын баг Японоос олимпийн эрх авах өндөр боломжтой

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох хоёр дахь тэмцээн маргааш/2024.05.03/ Японы Үцүномияа хотод эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ баг ердөө ганцхан эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг оролцоно. Өнгөрсөн долоо хоногт 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын шинэ улирал Үцүномияа хотод эхэлж, Их дуулгын эхний тэмцээнд Монголын Улаанбаатар ММС Энержи баг өрсөлдсөн. Тус багийн бүрэлдэхүүнтэй хамт О.Энхбаатар, А.Ананд нар явж, үргэлжлүүлэн тус хотод бэлтгэлээ базааж буй.

Тэгвэл Монголын шигшээ багт энэ тэмцээнээс олимпийн эрхээ авах боломж бий юу? Эхний тэмцээнд чансаагаараа хоёрдугаарт бичигдсэн Монголын эрэгтэй шигшээ хэсгээсээ ч шалгарч чадаагүй. Шинэ Зеаланд, Египет, Латвид дараалан хожигдож, хэсгийнхээ хомоол хамсан. Гэхдээ одоо нэг том ялгаа байгаа нь Э.Дөлгөөн эргэн ирсэн явдал. Өнгөрсөн жил тивдээ түрүүлсэн Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Д.Дэлгэрням гэсэн бүрэлдэхүүн эргэн ирлээ.

Хэсгийн тухайд Монголын баг В хэсэгт Египет, Япон, Францтай нэг хэсэгт орсон. Ямар ч маргаангүй, хэсгээ тэргүүлэх бүрэн боломжтой. Нөгөө хэсэгт нь л гэхэд Литви, Нидерланд, Бразил, Пуэрто Рико гэсэн чанга багууд орсон. Өөрөөр хэлбэл, харьцангуй зөөлөн учраанууд Монголын хэсэгт байна. Эхний тэмцээнд Египетийн багт эцсийн мөчид хожлын шидэлтээр хожигдсоныг эс тооцвол одоо хамгаалалтын тулгуур Э.Дөлгөөн ирсэн учир тийм ч амар оноо алдахгүй л болов уу.

Өнгөрсөн Үцүномияагийн Их дуулгад Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн ч бэлтгэлжилт сайтай байгаа нь харагдсан. Харин А.Ананд Азийн аваргын формоороо байвал оноо авах тал дээр санаа зовохгүй. Мөн О.Энхбаатарын самбар, будагтай талбайн хамгаалалт, довтолгоо хэрэгтэй. Гол нь алдаагаа хянах, сул оноонуудаа алдахгүй цуглуулах.

Японы багийг ч илүүрхсээр ирсэн учир санаа зовох нь бага. Томояа Очиаи бараг арван жил монголчуудыг хожоогүй гэхэд буруудахгүй. Тиймээс хэсгийн гол өрсөлдөгч Франц. Тэд чансаагаараа гуравдугаарт бичигдэж байна. Саяхан Францад олимпийн эрхийн тэмцээнд бэлдсэн олон өдрийн тэмцээнүүд болсон. Энэ тэмцээнд сайн тоглож, шалгарсан бүрэлдэхүүнээ Франц илгээж байна.

Хэсгээс эхний хоёр байраар шалгарч чадвал Нидерланд болон Литвитэй учраа таарах магадлал өндөр. Нидерландтай таарвал Э.Дөлгөөн Уорти Де Йонгийг хэрхэн хамгаалахаас их зүйл шалтгаална. Саяхан Амстердам, Улаанбаатар ММС Энержи багууд учраа таарахад Уорти Де Йонг 13 оноо авч баг нь 20-15 гэсэн харьцаатай хожсон. Де Йонг бол өнөө цагийн 3х3 сагсан бөмбөгийн хамгийн ур чадвартай, хүчирхэг тоглогчдын нэг.

Олимпийн эрх олгох эхний тэмцээний финалд Латвид хожигдсон Нидерланд энэ удаад хүчтэй орж ирэх нь гарцаагүй.

Мөн Литви бий. Тэд энэ тэмцээнийг чансаагаараа тэргүүлж байна. Пукелис гэж үлэмж биетнийг зогсоох нь л чухал. Будагтай талбайд эзэрхэг тэрбээр алсын зайн шидэлтийг ч өндөр хувьтай гүйцэтгэдэг.

Монголын баг хэсгээсээ нэг эсвэл хоёроор гарах нь бараг л ялгаагүй. Эсрэг талаас аюултай шидэгч Ралат, олон талт Окасио нартай Пуэрто Рико л таамаг эвдэхгүй бол Нидерланд, Литви гараад ирнэ. Хагас шигшээ болон финалын тоглолтоо нягт нямбай, алдаа мадаггүй, гүйцэтгэл сайтай хийвэл Монголын баг олимпийн эрх бүрэн боломж бий. Бүр эхний тэмцээнээсээ илүү их боломж харагдана. Азидаа түрүүлсэн Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж байна.

Эмэгтэй багуудын тухайд гол өрсөлдөөн Канад болон Австралийн дунд өрнөнө гэсэн таамаг бий.

Үцүномияагаас эрхээ авч чадахгүй бол тавдугаар сарын 16-нд Унгарт сүүлийн тэмцээн болно. Тухайн тэмцээнээс гурван баг олимпийн эрхээ авна. Гэхдээ өрсөлдөөн харьцангуй чанга, олон баг оролцоно. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн л монголчуудын хамгийн боломжит хувилбар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж