Улаанбаатарт тарьж, ургуулж байгаа модод хүртэл утаа, тоосонд дарагдаж, зарим нь хатаж хорчийн амь гуйх мэт харагдана. Жил бүр олон зуугаар нь тарьдаг модноос хэд нь ургаж, хэд нь үхдэгийг таашгүй. Буянгийн замын ойр орчимд, аж ахуй нэгжүүдийн гадна талбайдаа суулгасан модыг харвал хэзээ хамгийн сүүлд арчилгаа тордлогоо хийсэн бол гэж харуусмаар. Ургахгүй гэдгээ мэдсэн гэлтэй зарим модод бөхийсөн харагдана. Хэзээ, хэн түүнийг ургуулах гэж арчилж тордсон нь тодорхойгүй. Ёстой байгалийн шалгарлаар ургах нь ургаж, үхэх нь үхдэг гэлтэй.
Монголчууд хавар, намартаа мод тарьдаг уламжлалтай болсоор цөөнгүй жилийг өнгөрөөжээ. Хүрз, хувин барьсан байгууллага, хамт олон сошиалд зургаа хийнгүүтээ тарьсан модоо мартчихдаг нь иргэдийн хувьд гэм биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс "2030 он хүртэл тэрбум мод тарина" гэж зарласнаас хойш хэдийнэ гурван жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот, суурин газар гээд нийтээрээ мод тарих ажилд идэвхийлэн оролцох болсон. Намар, хавартаа нэг өдрийг мод тарих өдөр болгон, төрийн болон төрийн өмчит компаниуд, аймаг, нийслэлийн удирдлагууд гээд бүгд л чадахаараа мод тарьж эхэлсэн. Нэгэнт бид дэлхийд амлачихсан, цаг уурын хуурайшилт, нийслэлийн өнгө төрх гээд ногоон байгууламж, мод тарих ажил ямар шатанд явааг бид энэ удаад сурвалжлав.
Өвөлдөө саарал, хавартаа шороотой, намартаа гундуу, зундаа үзэмжгүй бидний хотын өнгө төрхийг харахад зөвхөн хөдөө хээр, говь нутгийн цөлжилтийн асуудлыг яриад суухад дэндүү өнгөц. Нийслэлчүүд тайван, тухтай нарлаад суух ногоон байгууламж бүүр ч ховор. Зуны халуун өдрүүдэд сүүдэрт нь хоргодоод суух ургац сайтай ногоон байгууламж бидний мөрөөдөл болжээ.
Хаашаа ч харсан зэвхийж сааралтсан хэдэн мод бидний нүдэнд торж, нүүрэнд инээмсэглэл тодруулж чадна гэж үү?
Зуны улиралд нийслэл хотын иргэд бүгд л аль сайхан байгалийн тогтоцтой хөдөө нутаг руу уралдаж, амралт зугаалга, амьдралаас авах завсарлага гэхээс илүүтэй нүд баясгах ногоон тал, чих баясгах моддын шуугиа сонсох хүсэл байдагтай холбоотой.
Бидэнд ургуулах боломжтой зай талбай, хэчнээн тооны хамаагүй мод тарих төсөв мөнгө бий. Гагцхүү мод ургуулъя гэсэн сэтгэл л алга гэлтэй.
Иргэдээ цэвэр агаар бүхий ногоон байгууламжтай улсад амьдруулахын тулд юу хийсэн бэ гэж төрөөс асуудаг иргэн та өөрийн эзэмшиж буй газар, ажиллаж буй талбайдаа хэр сэтгэлтэй ханддаг вэ гэдгээ ч бодох цаг болжээ.
Тэрбум мод гэх нэршилтэй төсөл хөтөлбөрийг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагчаар эхлүүлсэн. Өдгөө хийж хэрэгжүүлээд гурван жилийн нүүр үзэж байна. Ерөнхийлөгч 2030 он гэхэд тарьж дуусгана гэх амлалтыг монголчууд төдийгүй, дэлхийд зарласан өгсөн. Хэзээ үр дүнгээ харуулах вэ гэх асуулт иргэдийн дунд гарчээ.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар "Тэрбум мод" хөдөлгөөний төсөв гэх тодорхой мөнгөн дүн байхгүй. Тэрбум мод сангаар дамжуулан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа аж. Харин ногоон байгууламжийн арчилгааны төсөв буюу урсгал зардал жил бүр нэмэгдсэн дүнгээр 13.5 орчим тэрбум төгрөг зарцуулдаг болжээ.
"НИЙСЛЭЛД ӨНГӨРСӨН Ж 745 МЯНГА ОРЧИМ МОД ТАРЬСАН"
НЗДТГ-ын Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.ЭРДЭНЭСАЙХАН:
-Жил болгон Улаанбаатар хотод хавар, намрын улиралд бүх нийтийн мод тарих ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 10-21-ны хооронд мод тарих ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн жилийн хувьд 745 мянга орчим мод тарьсан. Энэ нь есөн дүүргийн хэмжээнд болоод, Нийслэлийн байгаль орчны газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай нийлсэн тоон үзүүлэлт юм. Улаанбаатар хот тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд нийт 120 сая мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний хүрээнд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 65 сая мод, Байгаль орчны газар хотын ойн бүсэд 55 сая мод тарихаар төлөвлөсөн. Мод тарьсан бол ард талд нь заавал арчилгаа байх ёстой гэдэгт санал нийлж байна. Мод тарина гэдэг 10 хувийн асуудал, арчилж ургуулна гэдэг 90 хувийн асуудал гэж хардаг.
Улаанбаатар хотын захирагчийн албанаас өөрсдийн тарьсан модыг жилийн дөрвөн улиралд тордож арчилгаа хийдэг. Нийтдээ 129,7 га талбай дээр ногоон байгууламжийн арчилгааг 25 аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран гүйцэтгэдэг.
Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд гэрээний 30 хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийдэг. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагууд тарьсан мод бут сөөгөө тогтмол арчилгаа хийж ажилладаг. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн газар нийтдээ 32 га талбай дээр 12 мэргэжлийн аж ахуйн, нэгж байгууллагатай төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна. Эдгээр 12 аж ахуй, нэгж байгууллага өөрсдийн тарьсан модоо мөн адил жилийн дөрвөн улиралд арчилдаг буюу гүйцэтгэлийн томоохон ажлыг хийж гүйцэтгэдэг. Мод тарих ажлыг зөвхөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариуцдаггүй. Аж ахуйн нэгж болгон өөрийн хашаандаа мод суулгаж, байгууллага болгон уулын бүс нутагт мод тарьдаг. Энэ бүгдийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хянах боломжгүй. Тухайн аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдөө жилийн дөрвөн улирлын турш арчилгаа тордолдоог хийх шаардлагатай. Бидний зүгээс Нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсэд тарьсан мод, бут, сөөгийн арчилгааг хийж байгаа гэв.
ТАРЬСАН МОДОНД АРЧИЛГАА ХИЙЖ БАЙГАА ЭСЭХЭД ХЯНАЛТ ТАВИАГҮЙ 6 ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭВ
Бүх нийтийн мод тарих хөдөлгөөнд түншлэлээр хамтран ажиллаж буй аж ахуйн, нэгжүүдийн үйл ажиллагаанд хамгийн сүүлд 2018 онд тооллого хийсэн. Энэ жил дахин бүрэн хэмжээний тооллого хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дээр дурдсан ногоон байгууламжийн арчилгаа хийж байгаа 25 аж ахуй, нэгж байгууллагыг хяналтын системээр буюу нийт төсвийнх нь хоёр хувьд хяналтын төрийн бус байгууллага хяналт хийн ажиллаж байна гэдгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хэллээ.
Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, салхилах зэргээр хамгийн их очдог, цор ганц гэж хэлж болох газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Гэр хороолол, орон сууцны хороолол ялгаагүй ойр хавьдаа ногоон байгууламж байтугай амраад суух аятайхан сандалгүй учир ийн зорьж ирэхээс өөр сонголтгүй гэвэл буруудахгүй.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ жилийн бүх нийтийн мод тарих ажил, явган хүний бродюр солих ажилтай давхцан эхэлсэн харагдана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргааны байрны хоёр талд бидний шүүмжлэл, талархлын хоёр туйл үзэгдэв. Төв зам талдаа чимээ шуугиан, тоос шороо бүхий засварын ажил хийгдэх бол түүнээс урд зүгт 200 метрийн зайд мод ургуулан арчилж буй 4 га талбай цэлийнэ. Тухайн мод ургуулан арчлах талбайд нэвтрэхийг хориглосон хаалт хийсэн байх бөгөөд зарим гадны нөлөөтэй гэмтлээс сэргийлсэн болохыг хариуцсан ажилчид хэлж байлаа.
"ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 30 ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН 170 ГАРУЙ ШИРХЭГ МОД 98.5 ХУВИЙН УРГАЛТТАЙ БАЙНА"
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тарилтын менежер М.ШҮРЭНЧИМЭГ:
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд жилд 3000 орчим мод тарьдаг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 50 мянган мод тарьсан байна. Цаашдаа Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд идэвх санаачилгатай оролцон жилд 20 мянган мод тарих төлөвлөгөө гаргасан.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 30 төрөл зүйлийн 170 гаруй ширхэг мод 98.5 хувийн ургалттай ургаж байна. Эдгээр моднуудыг жилийн дөрвөн улирлын туршид арчилдаг учраас модны ургалтын хувь өндөр хэвээр байдаг. Энэ нь нөгөө талаас хаа хамаагүй газар суулгасан арчилж хамгаалах эзэнгүй модноос ялгаатай гэж хэлж болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн мод үржүүлгийн 4 га газартай. Зарим иргэдийн хувьд амарч зугаалж явахдаа, мөн нохойгоо салхилуулж байхдаа санаатай болон санаандгүй байдлаар гадны нөлөөтэй гэмтэл учруулах тохиолдол байдаг гэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол төрийн өмчит томоохон байгууллага. Тиймдээ ч зөв зохицуулалт хийж, хариуцлагаа бусдад биш өөрт шингээвэл хийсэн ажилд үр дүн гарч болдог гэдгийг харуулж байна. Тэрбум мод тариад арчилгаа, хамгаалалт хийж чадахгүй бол тэрбум нэг мод үхэх аюул учирчээ.
Холбоотой мэдээ