Улсын төсвийг "үрсэн" БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

Улсын төсвийг "үрсэн" БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

Бүтээн байгуулалт нь 10 гаруй жил үргэлжилсэн 16 төсөл байна. Эдгээр төсөл ямар шалтгаанаар удааширч, "царцсан" талаар Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв төрийн бус байгууллагын судлаачид судалсан байна. Энэ судалгаанд дурдсан таван бүтээн байгуулалтыг танилцуулъя.


НОМЫН САНГИЙН ШИНЭ БАРИЛГЫН ТӨСӨВТ ӨРТӨГ 2 ДАХИН НЭМЭГДСЭН

Үндэсний номын сангийн шинэ барилга анх 2014 оны төсөвт 2012 онд эхэлсэн мэтээр тусгагдсан байна. Гэсэн ч 2012 болон 2013 онд төсөвт энэ бүтээн байгуулалтын санхүүжилт огт тусгагдаагүй. Соёлын яамны тайлбарласнаар барилгын ажил нь 2014 онд эхэлсэн ч газрын маргаан, санхүүжилтийн улмаас барилгын ажил удааширсан, 2017 оноос барилгын гүйцэтгэлийн ажил эрчимжсэн ч цар тахал, гүйцэтгэгч компанийн захирал нас барсантай холбоотойгоор ажил дахин хэсэг хугацаанд зогссон гэдгийг мэдээлсэн. Энэ хугацаанд барилгын төсөвт өртөг хоёр дахин нэмэгджээ.

Уг төслийн 2014 онд батлагдсан эхний санхүүжилт нийт төсөвт өртгийн 18.3 хувьтай тэнцэж байгаа юм.

Хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам "Акми холдинг" ХХК-тай 2014 оны наймдугаар сарын 21-ний өдөр 3/206 тоот барилга угсралтын 11.999.8 сая төгрөгийн үнэтэй гэрээг байгуулж байжээ. Өнгөрсөн хугацаанд гэрээг таван удаа сунгасан гэж Соёлын яамнаас тайлбарласан байдаг. Сүүлд 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 6.900.2 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулснаар гэрээний дүн 18.900 сая төгрөг болсон. Гэвч барилгын тоо, хэмжээ гадна фасадын металл өнгөлгөөний талбайгаар тооцогдож, төсөвт өртөг дахин 794.8 сая төгрөгөөр нэмэгдэх болжээ. Тиймээс нэмэлт гэрээг байгуулж, гэрээний хугацааг сунгах шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр гаргажээ. Гэвч гүйцэтгэгч компанийн захирал нас барж, нэмэлт гэрээний гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх боломжгүй болсон байна. Тиймээс Соёлын яам 2022 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 3/2479 тоот албан бичгээр "Акми холдинг" ХХК-тай байгуулсан гэрээг цуцалжээ. Ингэснээр 2023 оны гуравдугаар сарын 15-нд дахин тендер зарлан, 5.948.2 сая төгрөгийн төсөвтэй үлдсэн бүтээн байгуулалтын дотор засал, гадна фасад, хаалга цонхны ажлыг гүйцэтгэх компанийг шалгаруулсан байна.

Эндээс харахад, 2014 онд 12 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын ажлыг санхүүжүүлэхдээ ердөө 2.2 тэрбум төгрөг тусгаж, 2015 онд дуусгана гэж төлөвлөх нь үндэслэлгүй, санхүүжилтийг үрэлгэн зарцуулж, үр дүн муутай байгааг судлаачид онцолжээ.

"ТӨВ ХАЛХ" ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТЕАТРЫН БАРИЛГАД 6 ЖИЛ ТӨСӨВ БАТЛААГҮЙ

Анх 2012 онд Дундговь аймагт барьж эхэлсэн "Төв халх" дуулалт жүжгийн театрын барилга нь эхний хоёр жилийг эс тооцвол 2013-2018 онд улсын төсвөөс санхүүжилт огт тусгаагүй. Үүний улмаас олон жил царцсан тул барилгын суурь, шалны бетон, арматур зэрэг нь элэгдэж, дахин барих шаардлагатай болсон байна. Энэ нь төсвийн хөрөнгийг үрэлгэн, үр дүн муутай зарцуулж байгаагийн нэг том жишээ юм.

Төсөвт өртөг нь 2021 онд дөрвөн тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн театрын барилгын ажлыг 2024 онд дуусгахаар 2023 оны төсөвт тусгажээ.

Төслийн эхний санхүүжилтэд төсөвт өртгийн ердөө 6.5 хувьтай тэнцэх  л хөрөнгийг тусгаж байжээ. Төслийн санхүүжилт 2013-2018 оны төсөвт тусгагдаагүй бөгөөд 2019 оны төсөвт хоёр тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

ЗАВХАНЫ ТЕАТРЫГ 13 ЖИЛИЙН ДАРАА БАРЬЖ ДУУССАН

Театрын барилга 2011 онд 1987 онд батлагдсан театрын барилгын зургаар эхэлж, 2011-2012 онд барилгын суурь хэсгийн ажлыг гүйцэтгэжээ. Гэвч 2013-2017 онд Завхан аймгийн орон нутгийн өмчийн газраас дахин тендер зарлаж, "LCB" ХХК шалгаран 2018 оноос барилгын ажил нь дахин эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд барилгын гадна фасад, дээвэр, цонх, агааржуулалтын систем зэрэг ажлуудыг  хийсэн байна.

Гэвч 2020 онд батлагдсан төсөвт барилгын дотоод засал, тайзны интерьер, үзэгчдийн суудал гэх зэрэг ажлын санхүүжилт тусгагдаагүй, барилгын материалын үнэ, ажлын хөлс нэмэгдсэн зэрэг шалтгаанаар нэмэлтээр 4.2 тэрбум төгрөг шаардлагатай болсон байна.

Цар тахлын улмаас барилгын ажил удааширч, 2012 онд дуусна гэж төлөвлөсөн барилга 2023 онд буюу 13 жилийн дараа дууссан байна. Энэ хугацаанд барилгын ажлын анхны төсөвт өртөг дөрөв дахин нэмэгджээ.

БАЯНХОНГОР АЙМГИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙГ БУРУУ ХИЙСЭН

Сургуулийн барилга анх 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах жагсаалтад БШУС-ын сайдын багцад тусгагдсан байжээ. Тухайн үед төсөвт өртөг нь 3.2 тэрбум төгрөг ба 2013 онд дуусахаар төлөвлөжээ. Гэвч энэ төсөл 2023 онд дахин улсын төсөвт тусгаж, 2012-2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад нийтдээ есөн жил тусгагдсан байна.

Анхны төсөвт өртөг нь 2012 онд 3.2 тэрбум төгрөг байсан бол 2023 онд 5.4 тэрбум болж нэмэгджээ.

Боловсрол, шинжлэх ухааны тайлбарласнаар зураг төслийг буруу хийсэнтэй холбоотойгоор барилгын ажлыг дуусгаж чадалгүй олон жил болж, төсөв нь 1.7 дахин нэмэгдсэн гэдэг тайлбарыг хэлжээ.

АШУҮИС-ИЙН ЭМНЭЛГИЙН БАРИЛГА МОНГОЛЫН ТАЛЫН САНХҮҮЖИЛТЭЭС БОЛЖ УДААШИРСАН

Уг эмнэлгийн барилга нь анх 2015 онд эхэлсэн ч Монголын талын хөрөнгө оруулалт 2018, 2022, 2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад БШУС-ын багцад тусгагдсан байна. Монголын талын гаргах хөрөнгө 2018 онд 12.9 тэрбум төгрөг байсан.

Төсөл хэдий 2015 онд эхэлсэн ч 2015-2017 оны төсөвт огт тусгагдаагүй бол 2023 онд 11.6 тэрбум төгрөг болж буурсан байна.

Буцалтгүй тусламжийн хүрээнд барих эмнэлгийн барилгын ажил удааширч байсан тул дахин төлөвлөгөөндөө өөрлөлт оруулж, амбулаторийн хэсгийг эхлээд ашиглалтад оруулахаар болсон байна. Японы тал гэрээний үүргээ биелүүлж, 2019 оны зургадугаар сард ашиглалтад оруулжээ. Харин Монголын  талын санхүүжилт төсөвт тусгагдаагүй. Үүний дараа 2022 онд 2.1 тэрбум, 2023 онд 3.4 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж