Охидын сэтгэлийг булиглуулагч Коул Спроуз

Хуучирсан мэдээ: 2024.05.02-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Охидын сэтгэлийг булиглуулагч Коул Спроуз

Охидын сэтгэлийг булиглуулагч Коул Спроуз

"NEWS" агентлагаас хөтлөн гаргадаг "ХҮМҮҮС" буландаа Диснейн баяцхан одоос Холливүүдийн алдар цуунд хүрч яваа Коүл Спроузыг танилцуулж байна. Тэрбээр найман сартайгаасаа эхлэн кино дэлгэцийн олон зуун бүтээлд дүрээ мөнхөлжээ.


Коул Митчелл Спроус нь 1992 оны наймдугаар сарын 4-нд Италийн Ареццо хотод Мэттью Спроуз, Мелани Райт нарын Америк эцэг эхийн гэр бүлд төржээ. Тэрбээр ихэр бөгөөд төрсөн цагаасаа бусдын хайрын булаасан өхөөрдөм дүр төрхтэй байсан гэж гэр бүл нь ярьдаг. Тэрбээр усны дусал мэт адилхан ихэр Диланаасаа 15 минутын дараа төрсөн бөгөөд жазз дуучин, төгөлдөр хуурч Нэт Кинг Коулын нэрээр нэрлэгдсэн байна.

Ихрүүдийг дөрвөн сартай байхад нь гэр бүлээрээ АНУ-ын Лонг Бич рүү нүүж, суурьшсан. Эмээ  Жонин Бут Райт жүжиглэх урлагийн багш бөгөөд зээ нарынхаа өхөөрдөм дүр төрхийг дэлгэцний уран бүтээлд харахыг хүсдэг байжээ. Түүний хүсэлтийг ээж Мелани нь биелүүлснээр найман сартайгаасаа эхлэн ихрүүд реклам, клип, кинонд тоглож эхэлсэн. Тухайн үед Калифорниа мужийн хүүхдийн хөдөлмөрийн хууль хатуу чанга байсан ба ихрүүдийг нэг дүр дээр хуваарилан, цаг цагаар ээлжлэн тоглуулдаг байжээ.  Коүл, Дилан нарын хамтран тоглосон онцлох дүрүүд гэвэл  1993-1998 онд "Grace Under Fire " киноны Патрик Келли, 1999 онд гарсан Адам Сандлерын  "Big Daddy" киноны Жулиан, 2002 онд "The Master of Disguise" киноны залуу Пистачио Дигуисей зэрэг юм.

Харин бид бүгдийн хамгийн сайн мэддэг дүр нь алдарт "Friends" цувралын Россын хүү Бен юм.

Тухайн кинонд Коүл ганцаараа тоглосон ба түүний бага насны дүр төрхийг маш сайн олж харна. Коүл нэгэн удаа ярилцлага өгч байхдаа " Надад "Найзууд" цувралд тоглох үнэхээр мартагдашгүй сайхан байсан. Би тухайн үед Рачелын дүрд тоглодог Женнифэр Аннистонд гэнэн, үнэн сэтгэлээсээ, хүүхдийн хайр ямар байдаг яг л тэгэж дурласан. Одоо ч хүртэл би Женнифэрт хайртай. Би бүр Женнифэртэй хийх сценүүдийг урьдчилан бэлдэж, түүнд онцгүй харагдахыг хүсдэггүй  байсан" гэжээ.

Үүний дараа ихрүүд маш олон кинонд туслах дүрүүдэд тоглодог байсан бол Диснейтэй гэрээ байгуулснаар "өсвөр насны охидын дунд од" болж чаджээ. Спроузын ах дүүс  2005 онд Дисней сувгийн анхны цуврал болох "Зак ба Коди"-д  Диланы хамт тоглосон. Тэрбээр Коди Мартины дүрийг өөрөө мэт төгс бүтээсэн нь эмээгийн ая тус гэлтэй. Цуврал хэдэн жилийн турш үргэлжилсэн ба "The Suite Life on Deck" гэх дараагийн хувилбарт тогложээ. Коүл бусдын хайрыг харцаараа татдаг байсны сацуу кино урлагийн салбараас их хэмжээний ашиг олсон.

Их сургууль ба гэр бүлийн харилцаа

Ах дүүсийн карьер оргилж байх хооронд тэдний гэр бүлийн амьдрал хаалттай хаалганы цаана хэцүүхэн байлаа. Мелани, Мэтью нар хөвгүүдийг 2 настай байхад нь салсан бөгөөд Мелани хүүхдүүдээ асран хамгаалах болсон. Гэхдээ олсон бүх орлого нь ээжийнх нь халаасанд ордог байв. Коүл анхандаа ээжийнхээ сэтгэлзүйн асуудлыг анзаардаггүй байсан ч 10 нас хүрдэг жилдээ бүх зүйлийг олж мэджээ.

Коүл " Миний ээж үнэхээр гайхалтай, урлагийн өндөр мэдрэмжтэй  эмэгтэй байсан ч санхүүгийн хувьд хамгийн хариуцлагагүй хүн байсан. Дилан бид хоёр ээжийн ганцхан санхүүгийн эх үүсвэр болсон байсан. Сүүлдээ бидний хүүхэд нас ээжийн хүсэлтээр ажлын боол мэт өнгөрсөн" гэж 2023 оны гуравдугаар сард "Ааваа дууд" подкаст дээр өгсөн ярилцлагадаа хуваалцжээ.

Ээж Мелани нь сэтгэлзүйн хүнд нарциссист шинж тэмдэг ихээр үзүүлдэг байсан ба санхүүгийн зохион байгуулалт муутайгаас болж аав Мэтью нь хөвгүүдийг 10 нас хүрдэг жил асран хамгаалах болжээ. Эцэг эх нь салсан ч хөвгүүдээ хамгийн их хайрладаг байсан тул нөхөрсөг харилцаатай байв. Мэдээж ах дүүсийн хооронд муудалцах зүйл их гардаг байсан ч одоо бол хамгийн сайн найзууд юм. Аав нь хөвгүүдийг асран хамгаалах болсноор бодит бага насаа үзсэн гэж хэлж болно. Тэд кино урлагийн салбараас түр амс хийж, сурч боловсрон, өсвөр насны хайр дурлалтай учир байлаа.

Коүл  2011 онд Нью-Йоркийн их сургуульд суралцаж эхэлсэн. Анх кино, телевизийн үйлдвэрлэлийн чиглэлээр суралцах сонирхолтой байсан тэрбээр Галлатины бие даасан судалгааны сургуульд элсэхээр шийдэн хүмүүнлэгийн ухаан, археологийн чиглэлээр суралцахаар шийджээ. Тэрбээр 2015 оны тавдугаар сард Диланы хамт төгссөн. Коүл  археологийн чиглэлээр богино хугацаанд малтлага хийх, лабораторийн ажил гүйцэтгэх зэрэг ажил хийж байжээ. Коүл газарзүйн мэдээллийн систем, хиймэл дагуулын дүрслэлээр мэргэшсэн аж. Суралцах хугацаандаа Европ, Азийн аль алинд нь зуны малтлага хийж байсан ба  Болгарт бакалаврын ажлаар малтлага хийж  байгаад Дионисусын маск олжээ.

Коүл  гэрэл зураг авах сонирхолтой. Тэрбээр 2011 онд  хувийн гэрэл зургийн вэб сайт нээж,  "Teen Vogue, L’Uomo Vogue, The Sunday Times Style, W Magazine" зэрэг томоохон загварын хэвлэлд зурагчнаар ажиллаж байжээ.

Охидын сэтгэлийг булиглуулагч 

Коүл  2018 оноос 2020 оны гуравдугаар сар хүртэл "Riverdale"-ийн жүжигчин Лили Рейнхарттай үерхэж байсан. Тухайн үед Коүл тус цувралын Жагхеэд гэх нууцлаг, ухаалаг, бусдаас өөрийгөө тусгаарласан гол дүрийг бүтээж байв. Кино нь гарсан жилдээ орлогоороо тэргүүлсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байх охид "нууцлаг муу залуу" Коүлыг шохоорхох болжээ. Залуу насаа өөрийн үзэл бодолдоо үнэнч өнгөрүүлсэн Коүл  2020 оны тавдугаар  сарын 31-нд Жорж Флойдын амийг хөнөөсөн хэргийн дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шударга ёсны төлөө Лос Анжелес хотод болсон эсэргүүцлийн жагсаалд нэгдэж,  баривчлагджээ.

Түүний нууцлаг гүн харцанд дурлахгүй байхын аргагүй гэж шүтэн бишрэгчид нь ярьдаг. Шаргал үст сахиусан тэнгэр шиг Коүл нас биед хүрсний дараа хайрын тал дээр бат бөх үзэлтэй болжээ. Тэрбээр мөнгөнд дурлаж ,мансууруулах бодист донтсонгүй. Коүл оюутан ахуйдаа нэг сургуулийн охинтойгоо олон жил үерхсэн ч амьдралын зорилгоосоо болж салж байжээ. Түүний хамгийн олон нийтэд ил болсон үерхэл нь жүжигчин Лили юм. Тэд кино зураг авалтын үеэр танилцсан ч Күол өөр бүсгүйтэй болсон гэх цуурхалын дараа салжээ. Хувийн амьдралаа олон нийтэд тийм ч их зарлаад байдаггүй Коүлын хувьд тухайн үед мөн адил чимээгүй байсан. Гэхдээ Лилитэй одоог хүртэл найзууд хэвээр байгаагаа онцолжээ.

Коул, Виктория хоёр "Зак, Кодигийн амьдрал" киноны ангид тоглосныхоо дараа богино хугацаанд болзож байсан бөгөөд тухайн үед тэд дөнгөж 11 настай байсан. "Nickelodeon"-ын жүжигчин асан Викториагийн хувьд Коул түүний анхны үнсэлт байжээ.

Алисон Стонер  2016 онд өгсөн ярилцлагадаа "Миний дурлаж, болзож байсан  анхны хүү бол Коул Спроуз гэж би бодож байна" гэжээ. Харамсалтай нь тэдний хоорондох бүх зүйл гашуун дурсамжаар төгсөв. Коул үнэндээ 12 насны төрсөн өдрөөрөө "Cheaper By the Dozen" жүжигчнийг хаяжээ. "Тэр зүгээр л "Бүтэхгүй" гэж хэлсэн"гэж Алисон дурссан байна.

Коул "NYU"-д суралцаж байхдаа 2013-2015 онд ангийн найз Бритэй болзож байсан. Тэдний харилцаа олон нийтийн анхаарлын төвд байсангүй. Гэсэн хэдий ч тэд бие биеийхээ зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

2021 оны 2-р сард Коул, загвар өмсөгч Ари Фурниер нар Ванкуверт амарч байхдаа зургаа авхуулжээ. Жүжигчин загвар өмсөгчтэй харилцаагаа таван сарын дараа тэр оны долдугаар сард Instagram-д албан ёсоор хийсэн.

"Аавыг нь дууд" нэвтрүүлэгт оролцохдоо найз охин Ари Фурньерын талаар ярьжээ. Тэрбээр " Би амьдралдаа хэзээ ч хэн нэгэнтэй ийм итгэл дүүрэн байж үзсэнгүй. Би түүнээс цэвэр аз жаргал мэдэрдэг" гэжээ.

Ингээд Холливүүдэд шинээр дахин төрж буй залуу, охидын сэтгэлийг уяруулагч Коүл Спроүзыг танилцууллаа. Түүний шинээр гарах олон кино, зургийн цомгийг цахим хаягаас нь мэдэх боломжтой.

Эх сурвалж: Wikipedia, People, Life and Style Magazine

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж