Хуучин нэр ба хувьсгалт “дээл”

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хуучин нэр ба хувьсгалт “дээл”

МАХН-ынхан дээр үеийн уугуул нэрээ авах гээд бөөн ажил ундруулж байна. Хуучин нэрээ сэргээж хувьсгалт “дээл”-ээ угаах ажлыг энэ сарын 6-ны өдөр болох намын бага хурлаараа хийе гэжээ. Уг нь бол шинэ гараад ирсэн санаа  биш л дээ. Бүр 1990-ээд оноос “хувьсгалт” хэмээх “балагт” үгийг нэрээсээ хасч анхны алдраа сэргээх гэж оролдсоор ирсэн. Харин “хувьсгалын тохироо” нь эвлэж бүрдэж өгөлгүй удсан юм. Учир шалтгаан нь гэвэл олон намын тогтолцоонд дөнгөж шилжиж янз бүрийн нэр гуншинтай намууд мэндэлж байсан болохоор хэдий ардчилагчдад чичлүүлж байсан ч “хувьсгалт” гэдэг тодотгол л “ах” намыг тэднээс ялгаж байв. Бас нэрээ солих аваас Улсын дээд шүүхийн бүртгэлд шинэ намуудаас доогуур орж, түүнээсээ болоод сонгуулийн саналын хуудсанд ч тэр хэрээр ухарч бичигдэх учраас хуучнаа сэргээнэ гэдэг амиа хорлосонтой адил болох гээд байсан хэрэг. Саналын хуудсанд нэгдүгээрт бичүүлнэ гэдэг сонгогчийн нүдэнд хамгийн ойр үзэгдэж санал цуглуулах чухал үзүүлэлт гэдгийг МАХН-ын хашир удирдлагууд хэзээд тооцоололгүй яахав.

Экс Социал демократ нам дээр дөрөөлж Олон улсын зүүний намуудыг нэгтгэсэн  байгууллага болох Социнтернд элсэхэд МАХН гэдэг нэр чухал нөлөө үзүүлсэн. Энэ нэр олон улсын хүрээнд Монголын анхны бөгөөд зүүн чиглэлийн нам гэсэн нэрийн хуудас болж байв. Дээрх бүхнээс шалтгаалан олон жил МАХН хувьсгалт “дээл”-ээсээ салж чадаагүй юм. Уг нь 1990 онд ардчилсан хувьсгал үүсч шинэ цагийн анхны намууд төрж эхэлмэгц 1921 онд анх байгуулж байсан Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ авах санаа өвөрлөсөн ч улс төрийн дэндүү огцом өөрчлөлт, хувьслууд дунд толгой нь эргэн балмагдаад, сэхээрч чадалгүй явтал МАН нэртэй бас нэг шинэ нам үүсчихсэн. Ингээд юун намын нэр бодох манатай, юм юм дээр дороо орж, 70 жил дагасан коммунист үзэл суртал нь салхинд хийсмэгц Нагаржунайн онол гэдэг бурхны шашны сургаалиар онол номоо хийх гэж аргаа барж суусан цаг. Нөгөө бурхан, шашнаас цэрвэдэг нь ч хаачлаа. Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга К.Зардыхан ч МАХН-аас өрх тусгаарлан байгуулсан намдаа МАН гэдэг нэр өгөх гэж байтал Т.Өлзийбаяр гэдэг хүн нам үүсгэж, МАН-ын алдрыг хайрлачихсан учир арга буюу Монголын Сэргэн Мандлын Нам хэмээн нэрлэсэн юм гэнэ лээ. Түүхч мэргэжилтэй Т.Өлзийбаяр МАН-ыг байгуулмагцаа МАХН-ын 1924 оноос өмнөх үзэл номлолыг дагаж, “Үндэсний ардчилсан чиглэлийг барина” гэж байсан ч нэг их удалгүй 1990-ээд оны сүүлээр МАХН-нд дагаар орсноор чимээ тасарсан юм. МАХН-ын хашрууд хэзээ нэг цагт хуучин нэр нь хэрэг болно гэдгийг санаж “амидай”-гаа өвөртөө хийхээ мартаагүй нь тэр.  Эхлээд жигүүр нэрээр дагуулж аваад сүүлдээ намдаа уусгаж сураггүй болгосон. Т.Өлзийбаяр дарга ч тухайн үедээ алд дэлэм алдсанаа мэдэрч, Дээд шүүхэд бүртгүүлсэн бүртгэлээ цуцлаагүй гэдгээ хүртэл мэдэгдэн тамга тэмдэг, туг далбааны хэрүүл хийсэн ч төдөлгүй анир алдарч, усанд хаясан чулуу гэгчээр МАХН-ын уужим өвөрт живж одсоноор шинэ цагийн МАН-ын түүх дууссан юм.

МАХН ерөнхийдөө 1997 оноос шинэ үзэл баримтлалтай болж, шинэ цагийн намын төрхийг олж эхэлсэн. Тэр үеэс намын нэрийг өөрчлөх санал нам дотор илүү ихээр яригдах болж, бэлгэ тэмдгээсээ эхэлж солихоор шийдэн улаан таван хошуугаа улаан сарнай болгосон. Улаан сарнай хувьсгалт дээлийн энгэрт сайхан зохиж, нүдэнд амархан дассан ч МАХН-ын дарга нар нэрээрээ оролдоно гэхээр нэг л цааргалаад байв. Үгүй ядахдаа л товчилж бичихэд МАХН гэж харагдахаар байя хэмээн Монгол Ардын Хөгжлийн Нам зэрэг олон хувилбар авч үзсэн нь бүтээгүй. Саналын хуудсан дээр МАХН гэж бичихгүй л бол шинэ нам шиг харагдах гээд болдоггүй.

Харин өдгөө цаг өөр болж, “хувьсгалт” дээлийг үгүйлээд байх үе хуучирсан тул Сү. Батболд дарга, У.Хүрэлсүх генсекийн нүүрэн дээр энэ сард лут том цэвэрлэгээ хийн дээлээ угаахаар зоригложээ. “Субботник” хийх санал Бага хурал дээр дэмжигдэж гэмээнэ тун удахгүй Их хурлаа зарлана гэдгээ ч мэдэгдлээ.

Тиймээс анхны МАН-ыг дуурайн Тунхаг бичиг хүртэл гаргав. Тунхаг бичигт “Манай нам улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлж, түүхээ хүндэтгэн, уламжлалт шашин суртахуун, соёл, ёс заншлаа сахин хамгаалахаа илэрхийлж, Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ сэргээж авахыг чухалд үзнэ.

Үндэсний ардчилсан үзэл санааг намынхаа үзэл баримтлал болгоно. 

Үндэсний ардчилсан үзэл санааг хүн төвтэй хөгжлийн бодлогод тулгуурласан нийгмийн баримжаа бүхий зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх шинэ утга агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхийг зорино.

Мөнхийн хөршүүд болон дэлхийн улс орнуудтай тогтоосон нээлттэй, найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэх зэргээр Тунхаг бичигт дурджээ. Ер нь л 1924 оны өмнөх үндэсний ардчилсан үзэл баримтлалтай МАН руугаа буцаж буйгаа мэдрүүлэх гээд байгаа төлөвтэй. Хэдэн жилийн өмнө бол “Хувьсгалт” гэдэг сайхан үгийг минь хасч хаях гэлээ” гэж босох хөгшид өвгөд цөөнгүй байсан, одоо бүхэл бүтэн нэгэн үе солигдсон болохоор үгүйлээд байх хүн ч цөөрсөн юм биз. Хоёрт гэвэл тэр тодотголтой тодотголгүй МАХН-ыг танихгүй будилах хүн тийм ч олон биш болсон. Нэг үгээр хэлбэл дээлээ солих хувьсгалын тохироо бүрдэв бололтой.

Гэхдээ хуучин цагийн “хувьсгал”-гүй дээлээ буцааж өмслөө гэхэд онол ном нь ямархан билээ гэх асуулт гарч ирнэ. Хувьсгалт бие дээр хувьсгалгүй дээл өмсөөд төрөл арилжиж чадах уу гэдэг хамгийн гол асуулт. Нэг үгийг нэрнээсээ хусч хаяснаар МАХН шиг коммунист чанараа хадгалж үлдсэн нам нэг л өдөр үндэсний ардчилсан үзэл чиглэлээ дагаад эхлэх үү. Зүүний дээлээ барууныхаар сольсон шинэ маягийн “МАХН”-ыг Социнтерн хэрхэн хүлээж авах бол. Хамгийн гол нь 1921 оны МАН одоогийн МАХН-ын уг угшил мөн үү гэдэг асуулт.

МАХН бол зүүн төвийн нам. Заримдаа хэт зүүний үнэр ч ханхлуулж мэднэ. Гэтэл анхны МАН бол барууны нам. Үндсэндээ 1924 оны Улсын анхдугаар их хурал хүртэл МАН барууны нам байж, баячууд, лам нарын төлөөллийг ч эгнээндээ нэгтгэж байсан. Наймдугаар богд Жибзундамба ч идэвхтэй зүтгэлтэн нь байсан гэдэг. Бас түүний анхны баримт бичгүүдийн нэгд “Хэрэв Монголд өөр үзэл баримтлалтай улс төрийн намууд гарч ирвэл түүнтэй хэм тэгш харилцана” гэсэн үг өгүүлбэр ч орсон байдаг. Тэнд зааснаар бол МАН-тай зэрэгцээд өөр үзэл суртал агуулсан улс төрийн намууд үүсэх аваас шууд хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаар тийм дүрэм журамтай байжээ. Бодоо лам, феодал С. Данзан, эх орныхоо төлөө харийн дайсантай тэмцсэнийхээ төлөө хэргэм зэргээр шагнуулж малнайдаа тогосны өд хатгасан Д.Сүхбаатар, Сан бэйсийн хүрээнд шавилан сууж асан Х.Чойбалсан нар үүсгэн байгуулж байв. Харин МАХН-ын хувьд огт өөр. Хар, шар феодалуудтай тэмцэнэ хэмээн хөрөнгө чинээ, гарал үүслээр нь монголчуудыг талцуулж, ардын намын анхны долоогийн нэгээс бусдыг хороосон огт ондоо нам. МАХН бол гаднын түлхээсээр 1924 онд байгуулагдсан онхи өөр улс төрийн хүчин болж харагддаг. 1924 онд Коминтерний дарамт шахалтаар нэрэндээ “хувьсгалт” гэдэг шигтгээ суулгасан МАХН өөр намыг хүлээн зөвшөөрөх бүү хэл, өөрөөр бодох гэсэн хүнийг ч тэвчдэггүй байсныг 1990 он хүртэлх түүх гэрчилнэ. Өөрөөр хэлбэл Коминтерн барууны хэв шинжтэй МАН-ыг устгаж, зүүний үзэлтэй МАХН-ыг төрүүлж, гишүүдээс нь баячууд, лам нарыг хөөж, ангийн үзэл гэгчийг нэвтрүүлж монголчуудыг өөд өөдөөс нь сөргүүлэн алалдуулсан билээ. Эндээс үзвэл МАН гэдэг нь МАХН-ын уугуул нэр биш, аль эрт Коминтернд Бодоо, Данзантайгаа хамт хороолгосон Монголын анхны улс төрийн хүчний нэр ч юм шиг.

 Ингээд бодохоор МАН бол МАХН-ын уугуул нэр биш. Хувьсгалт дээлээ солилоо гээд хуучин муу нэр үлдэхгүй гэж үү.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж