ЗГ: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

ЗГ: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэлээ

ЗГ: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэлээ

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.01/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


Сангийн сайд Б.Жавхлан:

-Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Монгол Улс ипотекийн зээлд жилдээ хамгийн өндөртөө 700 тэрбумыг гаргаж байсан. Харин одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэр 1,2 их наяд төгрөг болно. Арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол төв банк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм.

Банкуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1,2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна.

Ирэх Даваа гаригаас төв банкин дээр эхний гүйлгээ хийгдэнэ. Төв банк удирдаад банкууддаа хуваарилалтаа хийгээд явна гэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Өмнөх жилүүдэд 750 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг нэмж санхүүжүүлснээр ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээд хамрагдах боломж бүрдэж байна.

Хуримтлалын нэгдсэн сан ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлснээр иргэн бүр Хуримтлалын нэгдсэн сантай болно.  "И Монголи"а дээр цэс нэмэх үүрэг өгсөн. Энэ ажил хийгдсэнээр Хуримтлалын нэгдсэн сангаас бэлэн бусаар зарцуулагдах мөнгө тодорхой болно.

Хуримтлалын нэгдсэн сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээл хэрэгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан.  Ипотекийн санхүүжилт дээр Монголбанк, арилжааны банк зохицуулалт хийнэ.

Хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрөх мөнгөний эх үүсвэр “Эрдэнэс Монгол” нэгдлээс хийгдэнэ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяанд байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг хэлбэрээр 200 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэр 273 тэрбум, Дарханы төмөрлөгийн үйлдвэр  14 тэрбум, “Монгол росцветмэт нэгдэл” 8.6 тэрбум, “Цемент шохой үйлдвэр” 3,5 тэрбум, “Эрдэнэс Оюутолгой”-гоос 356 сая төгрөг татан төвлөрүүлнэ.

Уул уурхайн баялаг өнгөрсөн хугацаанд цөөн хүний гарт төвлөрч байсныг Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж, батлуулснаар нээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувийн хэвшлээс төрд буцаан авснаар эерэг нөлөөг үзүүлж байна.

Экспортын нүүрсний тээвэрлэлтийг ил тод болгож, биржээр арилжаалдаг болсноор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмсэн. Цаашдаа төрийн өмчит үйлдвэрийн газраас Хуримтлалын санд төвлөрөх мөнгөн дүн өснө. Ирэх жилүүдэд 700 тэрбум, 800 тэрбум болж нэмэгдэнэ.

Хоёр дахь асуудал нь энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд импортын гурил тэжээлийн татварыг тэглэх журам батлагдсан байсан. Энэ долоо хоногоос хууль хэрэгжиж эхэлсэн. Засгийн газраас өнөөдөр тогтоол баталлаа. Импортын бараа бүтээгдэхүүний жагсаалтад төрөл зүйл нэмлээ. Улаан буудайн гурил, малын тэжээлийг оруулж байна. Бүх хилийн боомтоор өнөөдрөөс эхлэн гурил, малын тэжээл татваргүй орж ирнэ. Засгийн газарт УИХ аас үүрэг өгөгдсөн. Нэгдүгээрт, дотоодын үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах. Импортын гурилын хэм хэмжээг Засгийн газар өөрөө тогтоож байх эрхийг авсан. Дотоодын улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор стратегийн нөөцөд жил бүр 100 мянган тонн улаан буудайг худалдан авах. Улаан буудай тариалагчид агуулах сав байдаггүйгээс гурилын үйлдвэрүүдэд өгөхөөс өөр арга байдаггүй. 182 мянган тонн буудай хадгалах элеваторыг зориулалтын дагуу ашиглах эрхийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад өгсөн.

Дотоодын хэрэгцээг хангаад илүүдэл улаан буудайг экспортод гаргана. БНХАУ жилдээ 12 сая тонн улаан буудайг 1 хувийн татвартайгаар импортолдог.

Гуравт, Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс Барилга, хот байгуулалтын сайдад өгсөн.

Үүнийг дагаад барилгын салбарт үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй гэж Засгийн газрын зүгээс үзсэн.  Барилгын үнэ хөөрөгдөхгүй байх чиглэлд анхаарал хандуулж, яриа хэлэлцээр хийх үүрэг чиглэлийг мөн Ерөнхий сайд өгсөн.

Цаашдаа барилгын салбарт үнэ бууруулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс импортын цементийн татварыг бууруулах тогтоолыг хэлэлцэж, баталлаа.

Өнөөдөр импортоор орж ирж байгаа цемент 20 хувийн татвартай байгаа. Засгийн газрын хуралдаанаас гаргасан тогтоолоор импортын цементийн татварыг таван хувиар тогтоосон. Энэ таван хувийн татвар өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.

Импортоор орж ирэх цементэд хугацаа, хэмжээ тавиагүй. Дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлж байгаа юм.  2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ хувь хэмжээг хэрэглээнээс илт багасгасан. Маш богино хугацаанд буюу гуравхан сарын дотор цементийн үнэ гурав дахин нугарч байсныг та бид бүгдээрээ харсан. Энэхүү эрсдэлийг бий болгохгүйн тулд импортоор орж ирэх цементийн татварыг таван хувь болгон бууруулсан гэлээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Хуримтлалын санд төвлөрүүлсэн 500 тэрбумыг зөвхөн ипотекийн зээлд зарцуулах нь хэр оновчтой вэ. 10 мянган иргэнийг орон сууцжуулахаас илүү нийт иргэддээ хамаатай том төсөлд хэрэгжүүлсэн бол илүү үр дүнтэй байхгүй юу. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг Монголбанкаар хэрэгжүүлэхгүй, Засгийн газар өөр дээрээ авна. Үүний тулд нэг агентлаг байгуулах ч юм шиг, эс бол Төрийн орон сууцны корпораци хариуцах ч юм шиг асуудал яригдсан. Цаашдаа ипотекийн зээлийн санхүүжилтийг хэн хариуцуулж хэрэгжүүлэх вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Ипотекийн зээл рүү оруулж байгаа хөрөнгө өөрөө Хуримтлалын сангийн хөрөнгө. Энэ сангийн хөрөнгийг гурван зүйлд зарцуулахаар хуульд заасан. Боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлийн санхүүжилтэд гэж.

Ипотек бол дотоодын эдийн засгийг хурдтай эргэлтэд оруулж чаддаг.  Нэг байшин аваад зогсохгүй дагаад 17-18 салбарт эдийн засгийн нөлөөлөл үзүүлдэг.  Шинэ байранд ороход найр хийнэ гэхчлэн наад зах нь. Санхүүжилт хамгийн эрэлттэй байгаа салбар барилга байгаа.

Хоёрт, Ипотекийн зээлийг Монголбанк болон Монголын ипотекийн порпораци, арилжааны банкуудын дундын өмчлөл дунд явж ирсэн.  Энэ хэлбэрээр үргэлжилнэ. Төрийн орон сууцны корпораци зэрэг байгууллага нь төрөөс хэрэгжүүлэх  орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хэрвээ төрд өөрийн эх үүсвэр байгаад хямд орон сууцаар хангах боломж бүрдсэн нөхцөлд дээрх байгууллага барилга бариад явдаг.

-Ипотекийн зээлийн эх үүсвэр 1,2 их наяд төгрөг болж нэмэгдэж байна. Гэвч иргэд ипотекийн зээл хүсэхээр 100 сая төгрөгөөр хязгаарладаг. Ипотекийн зээлээр авах байрны м2 нь 80-аас дээш гарах боломжгүй. Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр зээлийн хэмжээг нэмэх үү?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Ипотекийн зээлийн эх үүсвэр 1,2 их наяд давж байна. Эхний ээлжинд эх үүсвэргүйгээс сүүлийн нэг жилийн хугацаанд банкнаас гарч чадахгүй байгаа зээлийг гаргахад зарцуулна. 7000 орчим иргэний ипотекийн зээл хүлээгдэж байгаа мэдээлэл бий. Нэмэгдээд шинээр зээлдэгч ороод ирэхээр 10 мянга гаруй иргэний ипотекийн зээл гарах боломжтой болно.  Гэхдээ энэ бүх эх үүсвэр зөвхөн Улаанбаатар хотод биш хөдөө орон нутаг руу чиглэнэ гэж ойлгох хэрэгтэй.

Үндсэндээ ипотекийн зээлийн 60 хувь нь шахам орон нутагт хуваарилагдана.  Судлагдаж байгаа зээлийн хүсэлтийн 60 хувь нь орон нутагт байгаа гэж ярьж байгаа.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө рүү ард иргэдийг чиглүүлж, тогтвортой амьдрахад, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албан хаагч нар тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах нь төрийн бодлого байх ёстой. Энэ үүднээс санхүүжилтийн эх үүсвэрийн 60 хувь орон нутагт олгогдоно.

Хоёрт, ипотек зорилтот бүлэг рүү чиглэж байгаа. Том байруудыг авч чадаж байгаа иргэдэд чиглүүлэх шаардлагагүй. Боломжтой нь боломжгүйгээсээ хуваалцаж болохгүй. Болж өгвөл 100 сая гэдгээр бариад байх хэрэгтэй.

-Засгийн газар зөвхөн барилгын салбар луу хөрөнгө оруулалт хийгээд бусад шаардлагатай салбар луу хөрөнгө гаргахгүй байгаа юм биш үү. Жишээлбэл, эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжүүлэх шаардлагатай төслүүд олон байна?

-Цахилгаан эрчим хүч, зам тээврийн салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтыг 2024 оны төсвийн хуулийг батлахдаа тавьсан. Хөрөнгө оруулалтыг хийгээд явж байгаа.  Эрчим хүчний салбарт 3,5 их наяд төгрөгийн гадаадын зээл дотоодын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Зам дээр 1,7 их наяд төгрөгийн хөрөнггө оурулалт хийгдэж байгаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа баталчихсан байгаа үед хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа зүйлдээ хөрөнгө зарцуулах нь зөв.

Та нарыг би Ирээдүйн өв сангийн хуримтлалын талаар асуух болов уу гэтэл асуухгүй юм. Ирээдүйн өв санд одоо 3,4 их наяд хуримтлагдсан. Энэ жил 833 тэрбум төгрөг хуримтлагдана. 2024 оны эцэст 4,1 их наяд төгрөгийн хуримтлал бий болно. 2030 он хүртэл хүн гар хүрэхгүй.

-Импортоор орж ирэх цементийн татварыг бууруулж таван хувь болгох асуудлаар МАК зэрэг компаниудаас саналыг нь авсан уу. Хятадаас хямд үнэтэй цемент оруулаад ирэхээр үндэсний компаниуд хаалгаа барихгүй юу?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардал, бизнесийн байгууллагын ашиг орлого нэмэгдэхээр дотоодын зах зээлд өрсөлдөөнийг бий болгох боломжтой гэдэг санал Барилга хот байгуулалтын яамнаас гарч, өнөөдөр Засгийн газрын хурлаар орж батлагдаж байгаа. Цемент зах зээлд дутагдалтай байгаа гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Гурван том үйлдвэр суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээнд ажиллаж чаддаггүй.

Дотоодод 2022 онд 1,6 сая тонн цементийн хэрэгцээ байхад дотоодын үйлдвэр нийлээд 1,4 сая тонн цемент нийлүүдэг. Зах зээл дээр байнга хомстол үүсч байна гэсэн үг. Энэ нь өөрөө үнэ өсөх суурь болж байгаа.

Хуримтлалын нэгдсэн сангаас орон сууцны зах зээлийг дэмжих бодлого гаргаад ахиу хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр дагаад үнийн хөөрөгдөл үүсгээд Засгийн газрын бодлого амжилттай хэрэгжих нөхцөл хангагдахгүй учраас нэг талдаа эрэлтийг нь бий болгож дэмжиж өгч байна. Нөгөө тадаа цементийн үнэ өсөхгүй байх нөхцлийг хангах алхмыг хийж өгч байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж