Хар тэнгисийн Одеса боомт хот дахь Украины "Харри Поттер" цайз Даваа гаригт пуужингийн цохилтод өртжээ. Цохилтын улмаас дор хаяж таван хүн нас барж, 30 гаруй хүн гэмтэж бэртэв. Гэмтсэн хүмүүсийн дотор хоёр хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй байжээ.
Украины Ерөнхий прокурорын газрын нийтэлсэн бичлэгийг харвал далайн эрэг дагуу хэдхэн секундын дотор 10 гаруй дэлбэрэлт болжээ. Нийтдээ 20 орчим орон сууцны барилга, дэд бүтцийн байгууламж цохилтод өртсөн. Түүнчлэн "Харри Поттер" цайз гэж украинчуудын нэрлэж заншсан барилга мөн цохилтод өртсөн байна.
ОХУ искандер баллистик пуужин болон кластер сум ашигласан гэж Украины үзжээ. "Халдлага болсон газраас 1.5 км-ийн радиуст металл хэлтэрхий болон пуужингийн үлдэгдэл олдсон. Олон зэрэг хохирол учруулах зорилгоор кластер сум ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна" гэж Украины ерөнхий прокурор Андрей Костин хэлжээ.
Кластер сум ашиглах, шилжүүлэх, үйлдвэрлэхийг Кластер зэвсгийн тухай конвенц гэх олон улсын гэрээгээр хориглосон байдаг. Гэвч дайтагч талуудын аль нь ч, тэр бүү хэл АНУ ч энэ конвенцид гарын үсэг зураагүй аж. АНУ өнгөрсөн онд зэвсгийн тусламжийн нэг хэсэг болгож Украинд кластер зэвсэг нийлүүлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ