Хэдхэн жилийн өмнө Д.Батгэрэл мэргэжлийн холимог тулааны ноён оргил UFC холбоотой гэрээ байгуулж, түүхэн амжилтын эзэн болж байлаа. Тэгвэл түүний гаргасан жимээр дараагийн монгол тулаанч UFC холбоотой гэрээ байгуулж, тулааны тов, өрсөлдөгч нь тодорхой болжээ. Тодруулбал, Т.Нямжаргал өнгөрсөн жил Шанхай болон Сингапурт "Road To UFC" тэмцээнд оролцон, хоёр өрсөлдөгчөө буулган авснаар UFC-тэй гэрээ байгуулсан аж.
Өдгөө 26 настай тэрбээр зургадугаар сарын 2-ны өдөр UFC-302 өдөрлөгийн хүрээнд бразил тулаанч Андре Лиматай UFC-ийн дебют тулаанаа хийхээр болжээ. Угтаа Андре Лима Хюн Сюн Пактай тулалдах байсан ч солонгос тамирчин гэмтэж, Т.Нямжаргалтай тулалдахаар болсон гэнэ.
Нью Жерси мужийн Ньюарк хотод болох UFC-302 өдөрлөгийн оргил тулааныг Ислам Махачев, Дастин Пойрьер нар хийх учиртай.
Т.Нямжаргалын тухайд мэргэжлийн холимог тулааны замналдаа найман тулаан хийж, нэг ч ялагдаагүй үзүүлэлттэй. Харин түүний өрсөлдөгч Андре Лима мөн найман тулаан хийснээс найм ялсан амжилттай.