Хааныг сөхрүүлсэн аваргуудыг залуу, өлсгөлөн чононууд хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

Хааныг сөхрүүлсэн аваргуудыг залуу, өлсгөлөн чононууд хүлээж байна

Хааныг сөхрүүлсэн аваргуудыг залуу, өлсгөлөн чононууд хүлээж байна

NBA-ийн 2023-2024 оны плейоффын эхний шатанд баруун бүсийн хоёдугаар байрт эрэмблэгдсэн, аваргаа хамгаалан тоглож буй Денвер Наггетс баг нэмэлт тоглолт хийн долдугаар байраар шалгарсан Лос Анжелес Лэйкерсийг 4:1-ээр хожиж, маш өрсөлдөөнтэй цувралыг дуусгалаа. Денвер хотноо болсон цувралын сүүлийн тоглолтын эхний хагасыг өмнөх дөрвөн тоглолтын адилаар Лэйкерс гурван оноогоор тэргүүлж дуусгасан боловч тоглолтын төгсгөлд Жамал Мюррейгийн гайхалтай дундын шидэлтийн ачаар аваргууд хожиж, ЛеБрон болон түүний нөхдийн Ларри О’Брайн цомын төлөөх аяллыг хоёр жил дараалан зогсоолоо.

Тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр “Энэ цувралд бүх цаг үеийн шилдгүүдийн нэг, ЛеБрон гэж энэ агуу сагсан бөмбөгчийг хамгаалан тоглож, бие биенийхээ эсрэг харилцан цагираг дээрээс довтлох үед өөрт чинь төрсөн тэр мэдрэмжээ хуваалцахгүй юу?” гэсэн сурвалжлагчийн асуултад Жамал Мюррей “Яг хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байна. Багаасаа ЛеБроныг шүтэж, тоглолтыг нь үзэж, аавын найзын бэлэглэсэн жерсиг нь өмсөж өссөн. Ямар агуу тамирчин бэ гэдгийг нь та нар надаар хэлүүлэлтгүй мэдэх энэ хүнтэй ана мана өрсөлдөж, энэ цувралд ялалт байгуулсандаа баяртай байна” гэж хариулав.

Хоёр баг 2023 онд плейоффын гуравдугаар шатанд буюу баруун бүсийн аваргын төлөө учраа таарч Наггетс итгэл төгс 4:0-ээр шүүрдэж байсан бол энэ жилийн даагаа нэхэх тоглолтуудад 39 настай ЛеБрон Жеймс, АНУ-ын олимпийн шигшээ багийн тоглогч Антони Дэйвис нарын жигд, гайхалтай тоглолтын дүнд Лэйкерс илүү хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн юм.

Цувралын таван тоглолтын нийт 240 минутын 165 минутад нь буюу 69 хувьд нь Лэйкерс тэргүүлж байснаас харахад ойлгомжтой. Гэсэн ч ирэх долоо хоногт MVP буюу Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогчийн алдрыг гуравдахь удаагаа хүртэх магадлалтай, цэнхэр гаригийн хамгийн шилдэг сагсан бөмбөгч гэгдээд байгаа серби залуу Никола Иокичийн дэндүү найдвартай, ухаалаг тоглолт, ид үедээ гэмтлийн улмаас бүтэн хоёр улирлыг өнжсөн ч амжилттай эргэн ирэлт хийж, багаа аварга хүртэхэд том хувь нэмэр оруулсан Жамал Мюррей, гар нийлж, багаар тоглох урлагийг шинэ шатанд гаргаж байгаа Денвер Наггетсын бусад залуус зогсоогдошгүй байлаа. Ялангуяа тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж болохоор байсан цувралын хоёр болон тав дахь тоглолтуудын төгсгөлийг Жамал Мюррейгийн өөртөө итгэлтэй, гайхалтай шидэлтүүд шийдсэн юм.

Плейоффын 2-р шатны цувралыг аваргууд шинэ залуу супер од Энтони Эдвардсаар ахлуулсан Миннесотта Тимбервулвсийн галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуусын эсрэг эхлүүлнэ. Финикс Сансыг 4-0-оор тас татсан чононууд аваргуудаас ноднин эхний шатанд хожигдсон хариугаа авахыг хүсэж байгаа нь дамжиггүй. Цуврал тавдугаар сарын 4-нд Дэнвер хотноо эхлэнэ.

Денвер хотоос бичвэрийг Б.Цогтбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж