Удаан хугацаанд бөх сонирхогчид төдийгүй олны анхаарлыг татаж, хүлээгдэж байсан улсын арслан М.Бадарчийн допингийн хэрэг маргаан өчигдөр/2024.04.30/ шийдэгдлээ.
Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх Давж заалдах комиссын хуралдаанд нэхэмжлэгч талаас М.Бадарч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчид, хариуцагч талаас хариуцагч талаас Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо, түүний салбар бөхийн комисс, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын/МОНАДА/ төлөөлөгчид болон өмгөөлөгч нар оролцож, хоёр өдөр үргэлжлэв.
Ийнхүү эцсийн шийдвэрийг хурал даргалагч Г.Батзаяа танилцуулсан юм. Түүний мэдэгдлийг товчилбол, нэхэмжлэгч М.Бадарч нь хориглосон бодис биед нь хэрхэн орсноо нотолж чадаагүй. Тиймээс допингийн зөрчил болохыг тогтоосон. Гэхдээ нөгөө талаас Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо тамирчны эрхийг хамгаалж, түүний тайлбар сонсч, хамтарч ажиллах санал тавиагүй гэж үзжээ. Улмаар М.Бадарчид хэн хориотой бодисыг санал болгосон, яаж олж авсан, ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарлах, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж барилдах эрхийг нэг жилээр хасах зэрэг боломж байгааг хэлжээ.
Одоо Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгох саналыг ирэх наадмаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах ёстой. Харин Ерөнхийлөгчийн зүгээс цол хураах болон нөхөн олгох зарлиг гаргаснаар энэ хэрэг маргаан эцэс болно.
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ.
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
- Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно.
Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолон дээрээ эргэн бууна.
Үүнээс гадна том зургаараа МОНАДА болон Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороог олон улс болон үндэсний хууль дүрмэндээ нийцүүлж, ажиллах хэрэгтэйг сануулсан том сургамж боллоо. Тэдний буруутай, хариуцлагагүй, мэргэжлийн бус үйл ажиллагаанаас болж, олон бөхчүүд нэр хүндээрээ хохирсон удаатай. Шинжилгээ авах үйл явцаасаа эхлээд сорьцыг илгээх, зарлах, шийтгэл оногдуулах гээд бүхий л шатандаа алдаа дутагдал гаргаж, эцэст нь өөрсдөө арбитрын өмнө буруутав.
М.Бадарчийн тухайд Спортын арбитрын тавьсан саналыг хүлээн авч, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, нэг жилээр эрхээ хасуулах болов уу гэж бөх сонирхогчид харж байна. Угаасаа барилдаагүй бараг нэг жил болж байгаа учир энэ хугацаагаа тооцуулж, ирэх намраас барилдах байх гэсэн яриа гарчээ.
Холбоотой мэдээ