VS: “Сөүл” рестораныг зогсоолгүй болгоно, болгохгүй

Хуучирсан мэдээ: 2024.05.01-нд нийтлэгдсэн

VS

VS: “Сөүл” рестораныг зогсоолгүй болгоно, болгохгүй

Хүүхдийн парк дотор“Сөүл” ресторан байрлаж үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үйлчлүүлэгч нарынхаа автомашин байршуулдаг талбайг чөлөөлөх хүсэлтийг нийслэлээс тавьж эхэлсэн нь маргаан дагуулаад байна. “Сөүл” рестораны зүгээс “Нийслэлээс тавьж буй шаардлага хэрэгжвэл “Сөүл” ресторан ажиллах боломжгүй болж, 150 гаруй хүн ажилгүй болно. Нөгөө талдаа нийслэлээс тавьж байгаа дээрх шаардлага нь бизнесийн эрх ашигт халдсан үйлдэл” гэж үзэж буй юм. Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “50 машины зогсоолоос илүү паркаар үйлчлүүлэх иргэдийн тав тух чухал” гэдэг байр суурь илэрхийлээд буй. Иймд талуудын байр суурийг энэ долоо хоногийн “VS” буландаа онцоллоо.


У Хем Ён:
"Сөүл" группийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

-Манай “Сөүл” ресторан Монгол Улсын урдаа барьдаг ресторан болж, байнга хөгжиж ирсэн. Олон улсын зочдыг хүлээн авч, гадаад дооодын олон үйл ажиллагааг манай ресторанд зохион байгуулж байсан. Бид өнгөрсөн 28 жилийн хугацаанд 100 гаруй ажилтан албан хаагчийн хамтаар хоёргүй сэтгэлээр ажиллаж, татвар төлөгчийн үүргээ үнэнчээр гүйцэтгэж ирсэн.

“Рио Тинто” компанийн төсөл өнгөрсөн хавраас эхлэн Хүүхдийн паркт хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл манай бизнест олон талаар сөргөөр нөлөөлж байсан ч бид хотын захиргаа болон “Рио Тинто” компанийн төслийг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Одоогоор рестораны төв хаалганы өмнө байсан тав тухтай том зогсоол байхгүй болсон. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулсан учраас бид Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар даргатай  таван сарын турш хэлэлцээр хийсний эцэст рестораныхаа хойд хэсэгт цөөн ч гэсэн машин байршуулах газрыг авсан. Газрын тухай хууль, хотын үйлчилгээний газруудын зогсоол шийдвэрлэх дүрэм  журмын дагуу “Сөүл” рестораны  хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай орц гарц, зогсоол зэргийг “Рио Тинто” компанийн хэрэгжүүлж байгаа паркийн шинэ төсөлд заавал тусгах шаардлагатай.

Зураг төслөөр бол “Сөүл” рестораны ар талын газарт 50 машины зогсоолыг тусгаж өгөхөөр байгаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд шинээр томилогдсон Улаанбаатар хотын дарга цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажилтай танилцахаар ирэхдээ менежерт маань  “Цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа “Сөүл” рестораны авто зогсоолыг бодолцох огт шаардлага байхгүй. Долоо хоногийн дотор бүх тээврийн хэрэгслийг зайлуул” гэдэг шаардлага тавьсан байна. Хэрвээ Хотын даргын хэлсэн энэ үг хэрэгжих юм бол манай “Сөүл” ресторанаар  үйлчлүүлэгчид үйлчлүүлэх боломжгүй болно. Бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, нэг өдөр 150 гаруй хүн ажлын байргүй болох аюул нүүрлээд байна. Бидний 28 жилийн трушид бүх хүчээ дайчлан ажилласан, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан ресторан маань хотын нэг эрх баригчийн захирамжаар гэнэт хаагдахад хүрвэл Монгол Солонгсоын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих, Солонгос улсад байгаа монголчууд болон Монгол Улсад байгаа солонгос хүмүүсийн эрх ашгийг харилцан хамгаалах гэсэн хоёр улсын зөвшилцөл талаар болно.

Мөн гадаадын болон дотоодын бизнес эрхлэгч нарт хэт их дарамт үзүүлж, бизнесийн эрх ашигт халдаж байгаа нь соёл иргэншилтэй, хууль журамтай улсын хувьд байж болшгүй зүйл гэж үзэж байна.

Х.Нямбаатар:
Улаанбаатар хотын захирагч

-Д.Өнөрболор /УИХ-ын гишүүн Д.Өнөрболор/ өөртөө 50 зогсоолтой байх ёстой юм уу, Улаанбаатар хотын хоёр сая иргэд тайван орчинд хүүхдийн парк дээрээ алхах уу гэдгийг л хэдүүлээ сонгоё. Сонгууль дөхөж байна, яршигдаа л гэж бодож байна. Эмэгтэй гишүүнд үг хэлээд. УИХ -ын гишүүн гээд Улаанбаатар хотын даргыг дарамтлах, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгаж болохгүй. Би харин хэлээ хазаад өнгөрье.

Хүүхдийн паркийн ерөнхий төлөвлөгөө нь огт машин байхгүйгээр батлагдсан юм билээ. Би Д.Өнөрболороос айгаад тэнд нь зогсоол шийдье гэвэл Авлигатай тэмцэх газарт  дуудагдана. Тэрийг би өөрчилчихсөн зүйл байхгүй, хот байгуулалт дээр аль эрт батлагдсан байдаг.

Хүүхдийн парк руу хүн орж ирэхээрээ тайван алхаж явах орчин бүрдсэн байх ёстой.  Энд тэндээс машин гараад ирэхвий гэдэг айдас хүйдэстэйгээр явах ёсгүй. Намайг Улаанбаатар хотын захирагчаар ирэхээс өмнө төлөвлөгөө нь батлагдсан. Үүнээс илүүг яримааргүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж