Сүүлийн үед ажлын эхний өдрүүдэд Төрийн ордон эзгүйрч, эл хульд дарагдах болсон. Тухайлбал, Даваа гариг бүр хуралдах товтой намын бүлгүүдийн хуралдааныг аваад үзвэл сүүлийн хоёр долоо хоног МАН бүлэг хуралдаагүй бол энэ долоо хоногт Ардчилсан намын бүлэг ч мөн хуралдаагүй юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай өдрүүдэд буюу пүрэв, баасан гаригт төрийн ордондоо тал хувь нь бараагаа харуулаад түүнээс бусад цагт тойрогт ажлаад хууль тогтоох "завгүй", хууль хэлэлцэх сөхөөгүй байна. УИХ-ын нэгдсэн чуулганы танхимд сууж хууль хэлэлцдэг, үгээ хэлж үзэл бодлоо уралдуулдаг гишүүд ховордсон.Чуулганы хуралдаан завсарлахад 10 хүрэхтэй үгүйтэй гишүүд ганц нэгээрээ гарч ирдэг болоод удсан. Угтаа Төрийн ордон эзгүйрч. төрийн ажил эзэнгүйдсэн.
Үндсэндээ энэ удаагийн парламентын хамгийн отгон хаврын чуулган хаалтаа хийхэд хуруу дарам цөөн хоног үлдсэн эдгээр өдрүүдэд энэ удаагийн парламентад сууж байгаа 76 гишүүнд улс орныхоо нийгэм эдийн засагт ач холбогдолтой, иргэдийнхээ ажил, амьдралд нөлөөлөх хууль тогтоомжуудыг батлаж гаргахаас илүүтэй тойргийнхоо сонгогчдод таалагдах, танигдахын "өвчин" туссан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн тойргийг томсгосон нь тэдэнд ажлаа хаях том шалтаг болсон. "Та бүхэн ойлгоорой. Энэ удаагийн сонгуулийн тойрог том учраас явах газар хол, уулзах хүн их байна" гэх ядруухан тайлбар тавиад удаж байна.
Ёстой нөгөө "Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг"-ийн үлгэрээр онгоц хөлөглөх нь хөлөглөж, мотоцикольд мордох нь мордож, морио унах нь унаж, машинаар хурдлах нь хурдалж Монголоо тэд сая л нэг бүтэн тойрч байна. Үлдсэн хугацаанд тойргийнхоо иргэд, сонгогчидтой амжиж уулзахын тулд ордонд нь суух нь бүү хэл, орондоо орох ч завгүй байна.
Тухайлбал, өчигдөр /2024.04.30/-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдах хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон. Байнгын хороо нь 19 гишүүнтэй бөгөөд 10 гишүүн ирж байж, ирц 50 хувьд хүрнэ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд найман гишүүн ирсэн тул ирц 50 хувьд ч хүрсэнгүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Ирц бүрдүүлэх гэж нэлээд ажилласан болсонгүй. Удахгүй хуралдана” гэсэн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар харьяалагддаг. Тус байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Шүүх байгуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм.
Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр 10.00 цагт товлогдсон байсан ч мөн л ирц бүрдээгүйгээс хойшилсон. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужин ажилладаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Батлут, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Б.Бейсейн, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар харьяалагддаг. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байв.
Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх хүрээнд хийгдсэн “но”-той худалдан авалтуудыг судлах үүрэг бүхий Нийтийн тээврийн 2023 оны шинэчлэл, худалдан авалтыг хянан шалгах Түр хороо хуралдаж, сонсгол товлон зарлах тухай, сонсголоор хэлэлцэх нотлох баримт шинжлэн судлах дарааллыг тогтоох тухай, сонсголд гэрч дуудах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч мөн л гишүүд нь ирээгүй тул хойшлов. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нарыг Түр хорооны гишүүнээр томилсон юм. Түр хорооны гишүүд ирээгүйгээс ирэх тавдугаар сарын 7, 8-ний өдрүүдэд сонсгол зохион байгуулах боломжгүй, дахин долоо хоногоор хойшлох эрсдэл үүссэнийг Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2024.05.01/-ний өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдах товтой байна.
Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10 цагт Төрийн ордоны Их засаг танхимд хуралдаж Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийг хэлэлцэх бол, Төрийн байгуулалтын байнгын хороо 12 цагт Төрийн ордоны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ,Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийг хэлэлцэнэ. Харин Төсвийн байнгын хороо 13.30 цагт Төрийн ордоны Үэдсэн хууль танхимд хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл , Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл , Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /-ийг хэлэлцэх бол, Инновац, цахим бодлогын байнгын хороо 14 цагт Төрийн ордоны Их засаг танхимд хуралдаж “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох тов гарсан байна. Харин байнгын хороодын ирц бүрдэж, асуудлуудыг авч хэлэлцэх эсэх нь асуултын бас анхаарлын тэмдэг дагуулж байна. Тойргоо тойглосон гишүүд төрийн ордонд заларвал ирц бүрдэж байнгын хороод хуралдана
УИХ-ын гишүүн хууль санаачилах, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийн талаар иргэд, олон нийтэд тайлагнах үндсэн гурван үүрэгтэй. Парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад үндсэн хоёр үүргээ умартаж ажлаа хаяж, хийсэн ажлаа тайлагнах нэрээр халавчилж сонгуулийн сурталчилгаагаа хийж, тойрогруугаа гүйлдсэн тэдэнтэй таарсан нэг нь "Ажлаа хий" гэж шахаж бас шаардмаар байна. Сонгуулийн өмнө иргэд олон нийтэд хайр зарлаж ажил хийсэн эрхэм гишүүний дүрээр хурлын хоймор заларч, ам хуурайгүй ярих тэдэнд бүрэн эрх нь бүрэн бүтэн байгаа хугацаанд төрийн ажлыг хийвэл хийсэн шиг хийгээд дуусгах ёстой бас үүрэгтэй сануулж хэлээд явуулах хэрэгтэй.