Ирц бүрдэхгүйгээс Байнгын хороод, Түр хорооны хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

Ирц бүрдэхгүйгээс Байнгын хороод, Түр хорооны хуралдаан хойшлов

Ирц бүрдэхгүйгээс Байнгын хороод, Түр хорооны хуралдаан хойшлов

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.04.30/ хуралдах хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшиллоо.

Байнгын хороо нь 19 гишүүнтэй бөгөөд 10 гишүүн ирж байж, ирц 50 хувьд хүрнэ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд найман гишүүн ирсэн тул ирц 50 хувьд ч хүрсэнгүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Ирц бүрдүүлэх гэж нэлээн ажиллалаа болсонгүй.  Удахгүй хуралдана” гэсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар харьяалагддаг.

Тус байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Шүүх байгуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон байсан ч мөн л ирц бүрдээгүйгээс хойшиллоо.

Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужин ажилладаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Батлут, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Б.Бейсейн, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар харьяалагддаг.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байв.

Мөн энэ өдөр нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх хүрээнд хийгдсэн “но”-той худалдан авалтуудыг судлах үүрэг бүхий Түр хороо хуралдаж, сонсгол товлон зарлах тухай, сонсголоор хэлэлцэх нотлох баримт шинжлэн судлах дарааллыг тогтоох тухай, сонсголд гэрч дуудах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч мөн л гишүүд нь ирээгүй тул хойшлов.

Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нарыг Түр хорооны гишүүнээр томилсон юм. Түр хорооны гишүүд ирээгүйгээс ирэх тавдугаар сарын 7, 8-ний өдрүүдэд сонсгол зохион байгуулах боломжгүй, дахин долоо хоногоор хойшлох эрсдэл үүссэнийг Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж