Covid-19 цар тахлын эсрэг анхны хятад вакцин бол "Синофарм". Тэгвэл "Синофарм" вакцины ахлах судлаач Ян Сяомин дөрөвдүгээр сарын 23-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас хөөгджээ. "China National Biotec" группын тэргүүн Ян Сяомин сахилга бат, хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр эрх баригч дээд байгууллагаас хөөгдөж, үндэсний томоохон асуудлаар шийдвэр гаргадаг 3000 шахам депутатын тооноос хасагдсан гэсэн үг.
"Синофарм" вакцин нь Хятадад хамгийн өргөн тархсан Covid-19-ийн тарилга бөгөөд 79 хувийн үр дүн үзүүлсэн гэж тооцоолжээ.
Ян Сяомин нь "Синофарм"-аас гадна Хятадын өндөр технологийн хөгжлийн төлөвлөгөө буюу "863 хөтөлбөр"-т гар бие оролцсон хүн юм. Түүнийг албан тушаалаас нь огцруулсан тухай мэдээлэл "Х" платформд 180 сая орчим хандалт авчээ. Вакцинтай холбоотой асуудлаар түүнийг огцруулсан байж магадгүй гэж зарим хүн үзэж байна.
Анагаах ухааны чиглэлээр блог хөтөлдөг "Dr Chen" хэлэхдээ "Синофармыг үндэслэгч эцэг дүрэм журам, хууль тогтоогч зөрчсөн байлаа гээд түүний боловсруулсан вакцинд асуудал байна гэсэн үг биш. Сандрахаасаа өмнө харзнацгаая" гэжээ.
Хятад улс эрүүл мэндийн салбар дахь авлигын эсрэг өргөн цар хүрээтэй тэмцэж, олон зуун эмнэлгийн дарга, нарийн бичгийн дарга нарын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Кампанит ажлын үр дүнд наймдугаар сард Хятадын эм үйлдвэрлэгч А зэрэглэлийн компанийн хувьцаа огцом буурч байжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ