Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс нийслэл есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гаригуудад нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Нөөцийн маханд дугаарлаж байгаа иргэдийн бичлэг өчигдөр цахим сулжээнд цацагдан нь шүүмжлэл дагуулсан. Өнөөдөр "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн гадна талбайд болж буй нөөцийн махны өргөтгөсөн худалдаа хүний хөл багатай үргэлжилж байна.
Хонины махыг гулуузаар нь борлуулах бөгөөд нэг кг нь 8900 төгрөгийн үнэтэй бол гулууз мах хийх зориулалт бүхий шуудайг 1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин "Алтжин бөмбөгөр" худалдааны төв дотор хонины цул мах нэг кг нь 15000 төгрөг бол үхрийн цул мах нэг кг нь 16500-22000 төгрөг, адууны цул мах нэг кг нь 12500-13000 төгрөг, ямааны цул мах нэг кг нь 9500-10000 төгрөг, тэмээний цул мах нэг кг нь 10000-11000 төгрөгийн үнэтэй байв.
Нөөцийн мах худалдан авч буй иргэдийн хэлснээр, нөөцийн махны өргөтгөсан худалдааг хүлээж байсан. "Хүчит шонхор" зах дээр хонины мах нэг кг нь 15000 төгрөг, хонины гулууз нэг кг-ыг нь 10000-11000 төгрөгөөр зарж байна. Нөөцийн жижиглэн ууттай махыг авч хэрэглэсэн ч яс ихтэй учир больсон. Гулуузаараа чанар арай дээр байна гэв.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:30-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Холбоотой мэдээ