Израилийн гал зогсоох саналыг Хамас хүлээн авахыг АНУ уриалав

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

Израилийн гал зогсоох саналыг Хамас хүлээн авахыг АНУ уриалав

Израилийн гал зогсоох саналыг Хамас хүлээн авахыг АНУ уриалав
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Газын зурваст гал зогсоох Израилийн саналыг Хамас хүлээн авч, мөргөлдөөнийг хурдан дуусгахыг  уриалав. Хамасын төлөөлөгчид Египет, Катарын зуучлагч нартай шинэ саналыг хэлэлцэж байх үед Блинкен уг уриалгыг гаргажээ. "BBC" агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр гал зогсоох хэлэлцээр эерэг чиг хандлагатай үргэлжилж байна. Израилийн хүргүүлсэн саналд 40 хоногийн хугацаанд эвлэрэх гэрээ байгуулах ба тухайн мөчид барьцаалагдсан хүмүүсийг суллах боломжийг тусгасан. Мөн дайнаас дүрвэсэн иргэдийг, барьцаалагдсан хүмүүсийн гэр бүлийг Газын умард хэсэгт аюулгүй байлгах зэрэг багтжээ. Түүнчлэн байнгын гал зогсоох саналыг харгалзан үзэхийг уриалсан талаар Египет дэх мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Хамасын төлөөлөгчид Каирд болсон хэлэлцээрийн дараа албан бичгээр хариу илгээнэ гэж  Египетийн төрийн харьяа "Al Qahera" телевиз мэдээлэв. Израилийн засгийн газрын хувьд олон улсын түншүүд, иргэдийн хүсэлтийн дагуу ажиллах дарамт шахалттай тулгараад байна. Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилийн газар нутагт халдлага үйлдсэнээр мөргөлдөөн эхэлж, 1,2 мянган хүн алагдаж, 253 хүн барьцаалагджээ. Барьцааны хүмүүс дунд бага насны хүүхдүүд бий.

НҮБ-ын мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн албан бус тоо 33 мянга давсан. Мөн 0-18 насны амиа алдсан хүүхдүүдийн тоо 14 мянга давсан гэж Палестины зураглаач Мотаз Азайза "Aljazeera" агентлагтай хамтран нийтэлжээ.

Өмнө нь арваннэгдүгээр сард долоо хоногийн хугацаанд гал зогсоосон ба Хамаст барьцаалагдсан 105 хүн, Израилийн шоронд хоригдсон 240 суллагджээ.

Катар, Египет, АНУ-ын зуучлагчид хэдэн долоо хоногийн турш хэлэлцээрт хүрэхийн тулд ажиллаж байна. Тэд энэ удаад Израилийн барьцаалсан 133 хүнийг суллах талаар Хамаст санал хүргүүлсэн. Гэвч тэдгээр хүмүүсийн 30 нь нас барсан байх магадлалтай.  Израилийн зургаан долоо хоногийн гал зогсоох, 40 эмэгтэй, хүүхэд, өндөр настныг суллах саналыг Хамас энэ сарын эхээр  эсэргүүцсэн юм. Хамасын хувьд анхны гаргасан саналдаа тууштай байгаа аж. Тус зэвсэгт бүлгэм гал бүр мөсөн зогсоохыг хүссэн ба Газын зурваст байх Израилийн армийг ухарч, дүрвэсэн палестинчүүдийг төрөлх гэрт нь буцах ёстой гэж үзжээ. Каирт байх "BBC" агентлагийн мэдээлснээр, Израилийн шинэ санал нь өмнөх саналаас тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн гэв.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж