“Тэнцвэр”-ийн ялагч дэлхийн наадамд оролцоно | News.MN

“Тэнцвэр”-ийн ялагч дэлхийн наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

“Тэнцвэр”-ийн ялагч дэлхийн наадамд оролцоно

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 26-наас эхэлсэн ‘Tiger Translate 2010’ наадмын үзэсгэлэнгийн эхний үе шат өндөрлөж, сүүлийн шатанд оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулжээ. Энэ шатны шалгаруулалтад уран бүтээлч н.Орхонтуулын “1:1 хүрдэн” инстоляци, Э.Бадрахын “Би = би биш” график ажил, Түмэнжаргалын “Тэнцвэр, өөрчлөлт” уран зураг, Б.Энхтуяагийн “Тэнцвэр” инстоляци бүтээлүүд шилдгээр шалгарчээ.

Эдгээр уран бүтээлчид уг наадамд зочноор оролцож буй Англи, Дани, Австралийн уран бүтээлчдийн хамт сүүлийн шатанд оролцох гэнэ. Наадмын ялагчаа энэ сарын 3-ны өдөр “i-Loft” танхимд болох хаалтын ажиллагааны үер тодруулах ажээ. Энэ жилийн наадмын ялагч Шинэ Зеланд улсын нийслэл Веллингтон хотноо болох “Tiger Translate 2010” дэлхий наадамд эх орноо төлөөлөн оролцох юм.

Монголд гурав дахь жилдээ болж буй уг наадмыг “Тiger” брэнд жил бүр Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, барималч, Л.Болд, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, Дүрслэх Урлагийн дээд сургуулийн захирал Л.Бумандорж, Монголын Уран зургийн галерейн захирал А.Чадраабал нар ажиллаж байна. Тэнцвэр сэдвийн дор болсон уг наадамд бүтээлээ ирүүлсэн дөч гаруй уран бүтээлчийн 50 орчим бүтээлээр “i-Loft” танхимд үзэсгэлэн гаргасан бөгөөд мөн үеэр үзэгчдийн саналыг хүлээн авч, шүүлтэд тусгажээ.

Залуу уран бүтээлчдэд нийгэм, байгаль дэлхий дахинд тулгарч буй сэдвээр уран бүтээлээ туурьвих, түүнээ хуваалцах, үзүүлэх тэр шалтгаан, боломж, чиглэлийг аливаа нэг байгууллага, уралдаан гаргаж өгөх нь ховор байдаг. Тэгвэл энэхүү “Тэнцвэр” нэрийн дор болж байгаа “Tiger translate 2010” наадмын онцлог нь нийгэм, байгаль дэлхийн дахинд тулгарч буй асуудлыг шинэ залуу уран бүтээлчдэд өөрсдийн хэлээр, өөрсдийн уран бүтээлээрээ илэрхийлэх боломжийг олгодогт байгаа юм. “Tiger Translate 2010” наадмын хаалтын ёслол I-Loft Function House-д энэ сарын 3-нд болох ба хаалтын шоунд Нидерландын алдарт “DJ” Барт Клаессен зочноор оролцож, Монголын “DJ” нартай хамтран тоглох юм байна.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж