М.Бадарчийн шүүх хурал 14 цаг хүртэл завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

М.Бадарчийн шүүх хурал 14 цаг хүртэл завсарлалаа

М.Бадарчийн шүүх хурал 14 цаг хүртэл завсарлалаа

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр /2024.04.30/ 10.00 цагт үргэлжилсэн. Тэгвэл нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд хуралдаан 14 цаг хүртэл завсарлалаа. Хуралдаан 14 цагаас хоёр талын асуулт хариултаар үргэлжилнэ гэдгийг хуралдаан даргалагч хэллээ.

Хуралд нэхэмжлэгч талаас М.Бадарчийн төлөөлөгч, өмгөөлөгчид болон хариуцагч талаас Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо, түүний салбар бөхийн комисс, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын/МОНАДА/ төлөөлөгчид болон өмгөөлөгч нар оролцов.

Хурлын эхэнд хариуцагч талаас хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хурал даргалагч хүлээн авсангүй, үргэлжилсэн. Энэ үеэр нэхэмжлэгч талаас "Энэ хэргийг зургаан сарын дотор шийдвэрлэх ёстой байсан. МОНАДА шүүх ажиллагааг хойшлуулах гэж хичээж байна. Допингийн ямар заалтууд зөрчсөн бэ гэх хариу тайлбар байна уу? МОНАДА-ийн таван заалттай хүсэлттэй танилцлаа. Гэхдээ энэ хуралдаан шуурхай байх ёстой. Гэтэл удахгүй наадам боллоо. Барилдах эсэхийг нь шийдэх хэрэгтэй. Хариуцагч талуудын ижил хүсэлтүүдээс болж хойшилж байна. МОНАДА үүнд анхаараач. Танай хүсэлтүүд дандаа цагийг нь тулгадаг. Өнгөрсөн Баасан гаригийн хүсэлтийг өнөөдөр хэлэлцэж, цаг алдаж байна. Энэ бол санаатайгаар хурлыг хойшлуулах гэсэн үйлдэл. Улсын бүртгэлээс МОНАДА-г түдгэлзүүлсэн. Тэгэхээр төлөөлөх эрхтэй хүмүүс нь энд сууж байна уу? гэв.

Мөн М.Бадарчийн төлөөлөгч С.Шижирбат "МОНАДА-ийн Ариунзаяа, Энхсанаа гэсэн хоёр хүнийг төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Ж.Хатанбаатарыг хүний гарын үсэг хуурамчаар зурсан гэдгийг тогтоосон. АТГ, Улсын бүртгэл тогтоосон учир төлөөлөх эрхгүй" гэсэн. Үүний дараа МОНАДА-г Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмээр байгуулагдсан эсэхийг тогтоолгох, олон улсын болон үндэсний дүрмийг мөрдөж ажилласан эсэхийг тогтоолгох, шинжилгээ авах, зарлах үедээ алдаа гаргасан эсэхийг тогтоолгох, алдаа гаргасан бол шинжилгээний хариуг хүчингүй болгуулах зэрэг асуудлаар нэхэмжлэгч талаас шаардлага тавьсан юм.

Өнгөрсөн жилийн наадмын шинжилгээний сорьцуудыг хэдэн сарын хэдний өдөр Сөүл рүү явуулсан бэ гэх асуудал үүссэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ярихдаа "Дээж цуглуулах саваа баталгаажуулаагүй. Хаанаас, хэн авчирсан нь тодорхойгүй. Тэгэхээр бэлтгэл ажиллагаа хийгээгүй гэсэн үг. Сорьц цуглуулах DCO-ийн гэрчилгээний хугацаа нь дууссан хүмүүс хөндлөнгийн гэрчээр шинжилгээ авах үйл явцад оролцсон. Тамирчинд резинен бээлий өмсгөх, гараа угаах эрхийг нь сануулаагүй. Тиймээс дээж бохирдсон байхыг үгүйсгэхгүй. Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо долдугаар сарын 13-нд бөхчүүдийн дээжийг явуулсан гэх боловч би DHL-ээс асуухад долдугаар сарын 17-нд Сөүл рүү явуулсан гэсэн. Ийм л стандартуудын алдаанууд гараад байна.МОНАДА анхнаасаа ажлаа хариуцлагатай, дүрэм журмынх нь дагуу хийсэн бол өнөөдөр шинжилгээний хариунд эргэлзээд суухгүй байлаа" гэсэн бол хариуд нь хариуцагч талаас "С.Шижирбат та баримттай яриарай. DHL-ээр дээж илгээсэн баримтыг хүчингүй, МОНАДА-г эрх зүйн чадамжгүй гэж ярьж байна. Батлагдаагүй, нотлогдоогүй яриануудыг зогсоогоорой гэж хурал даргалагчаас хүсье" гэв.

Ингээд МОНАДА-ийн талаас "М.Бадарчийн хэрэглэсэн бодис бол жин, булчингийн масс нэмж, цусны улаан эс төлжүүлдэг. Ядраахгүй, хүч нэмэгдүүлнэ гэсэн үг. Тиймээс үүнийг эмчилгээний журмаар үйлдвэрлэхээ больсон. Хаа сайгүй байдаг бодис биш. М.Бадарч үүнийг тарьсан. Э.Оюунболд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн. Э.Оюунболд эрхээ хасуулдаг, арбитрт хандаад сэргээдэг, дахиад допингтой холбогдоно. Тэр хүн болоод байгаа учир М.Бадарч допинг хэрэглээд арбитр руу хандаад байна. Дасгалжуулагч нь хавар зүрх судасны эмчилгээ хийлгэсэн гэсэн. Ард түмнийш ингэж доромжилж болохгүй. Яагаад ганцхан М.Бадарчийн шинжилгээний саванд гаднаас бодис оруулж, бохирдуулна гэж" гэв.

Энэ үеэр МОНАДА-ийн төлөөлөгчид шинжилгээ сав болон шинжилгээний хуудсыг танилцуулав.

Үүний дараа Үндэсний баяр наадмын зохион байгуулах комисс "Эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүдийн гэрчилгээний хугацаа дуусаагүй. 2024 оны наймдугаар сар хүртэл хүчинтэй. Хэвлэл мэдээллээр дамжуулаэ битгий олон нийтэл буруу мэдээлэл хүргээч. Шинжилгээ авах эрхтэй гурван хүний эрх ашгийг бодолцоно уу" гэж ярьсан бол бөхийн салбар комисс "Бид олон улс болон дотоодын дүрэм журмын дагуу ажилласан. Биднийг худлаа ярьж, ажлаа хийгээгүй юм шиг нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Бид цаг тухай бүрт нь тамирчдад мэдээлэл хүргэсэн. Тамирчин өөрөө эрх, үүргээ мэдэж байх хэрэгтэй. Хариуцлага бас байх хэрэгтэй. Биедээ хориотой бодис оруулахгүй байх үүрэгтэй. Бохирдсон шинжилгээ гэж ярьж байна. Тогтоогоогүй байж ингэж болохгүй. М.Бадарчид мэдэгдээгүй гэж байна. Лаборатори яагаад 2 тусдаа хариулт ирүүлсэн юм бэ? Үүнийг лабораториос тодруулах хэрэгтэй. Хариуцагчаар лабораторийг татъя. Үүнийг ярьж болно. М.Бадарчийг өөрийг нь хуралд оролцуул. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь юу ч яриад байгаа юм" гэлээ.

Үүний дараа хурал завсарлаж, үргэлжлэхдээ хаалттай хуралдсан юм. Өнөөдөр шүүх хурал үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж