Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгортой ярилцлаа.
-Эрүүл мэндийн даатгалын газраас эмчийн үзлэгийг заавал 10 минутад багтааж хийх талаар журам гарсан. Яагаад заавал 10 минут гэдэг хугацаа зааж өгсөн юм бол?
-Шинэчлэл эхлэхээс өмнө буюу 2021 оноос өмнө эрүүл мэндийн байгууллагууд хэдэн хүн үзэж, эмчилснээс үл хамаарч тогтмол санхүүжилт авдаг байсан. Харин гүйцэтгэлээр санхүүждэг болсноос хойш буюу чанар, үр дүнд суурилсан санхүүжилт олгож эхэлсэн. Энэ ямар учиртай санхүүжилт байдаг гэхээр тухайн эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ нь хэр чанартай байснаас хамаарч санхүүжилт авах боломж үүссэн. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үед тоо, хэмжээний өсөлтийг бий болгосон.
Тухайлбал, 2023 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагуудын амбулаториор нэг хүнийг үзэхэд 1.3-6.3 минут зарцуулсан байна. Угтаа иргэнийг үзэж, оношлоход хоёр минут зарцуулахад ямар хэмжээний чанартай тусламж үйлчилгээ байх билээ.
Ийм богино хугацааны үзлэг хийсэн эрүүл мэндийн байгууллагад чанар гэх ойлголт хатуухан хэлэхэд байхгүй. Чанартай, тусламж үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын газар /ЭМДГ/ худалдаж авах ёстой. Наад зах нь эмнэлгийн байгууллагад очсон иргэнээс ямар зовиурьтай байгаа, хэзээнээс эхэлсэн, ямар эм тариа уусан гэх мэт дэлгэрэнгүй асуумж асуухад 5-6 минут зарцуулдаг.
Гэтэл хоёр минутын дотор өвчтөн эмч хоёр мэндлээд л өнгөрөх хугацаа. Тиймээс даатгалын байгууллагаас энэ бол чанартай тусламж үйлчилгээ биш гэж үзэж байгаа.
Монгол Улсад эмч өвчтөнийг үзэх хугацааг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад 15 минут болон түүнээс дээш хугацаагаар, сэргээн засах амбулаторийн үйлчилгээг 20 минутаас дээш хугацаанд үзсэн байхаар зааж өгсөн байдаг. Даатгалын байгууллагаас нэг хүнийг 10 минут үзэх гэдэг хугацааг АНУ-ын судалгаан дээр үндэслэж гаргасан. Тухайн судалгаан дээр нэг эмчийн үзлэг дунджаар 15.07 минут үргэлжилж байж эмчийн үзлэг бүрэн дүүрэн чанартай болно гэж гарсан. Гэтэл Монголд 2.3 минут гэдэг бол асар богино хугацаа. Тиймээс 10 минут гэх хугацааг тооцож гаргасан. Нэгдүгээрт, иргэдэд чанартай тусламж үйлчилгээ хүргэхийг зорьсон. Хоёрдугаарт, хоёр минутад нэг хүн үзэж байгаа эмчийн ачаалал нэмэгдэж алдаа гаргах магадлал нэмэгддэг. Тийм учраас нөгөө талаас эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнаа хамгаалсан шийдвэр. Өдөрт 70-80 хүн үзсэн эмч алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Чанарт биш зөвхөн тоо хэмжээнд ач холбогдол өгснөөр эмч нарын цалин нэмэгдэж болох ч үр дүнгийн асуудал эргэлзээ төрүүлнэ. Мөн өвчтөний онош тодорхойгүй ямар нэгэн зовуурьтай хүн эмнэлэгт очиж байгаа тохиолдолд хамгийн багадаа 10 минут үзэхийг шаардаж байгаа. Харин онош нь нэгэнт тодорхой байгаа хүнийг 10 минут үзэх шаардлага тавиагүй.
-Бодит байдал дээр 10 минутын үзлэг амьдрал дээр нийцэхгүй байна. Хугацаагаа дуусгах гэж өвчтөн, эмч хоёр бараг л цаг нөхцөөж байна гэдэг шүүмжлэл их байна. Тэгэхээр яг зорилтоо хангаж чадахгүй байгаа юм биш үү?
-Энэ бол бидний зорьж байгаа чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилтыг зарим эрүүл мэндийн байгууллагын эмч нар гуйвуулж, үр дүнгүй болгож байгаагийн хэлбэр. Дээр дурдсан АНУ-ын судалгааг аваад үзэхээр 5.3 минутыг зөвхөн өвчний зовуурийг асууж тодруулахад зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, эмчийн үздэг хийгдээгүй зөвхөн өвчтөнөө оношлох гэж байгаа эхний асуумж. Эмч энэ асуумжийн дараа стандартын дагуу өвчтөндөө бүтэн биеийн үзлэг хийх ёстой. Ингээд тухайн хүнийхээ амьдралын хэв маяг, уусан эм гэх мэт асуугаад байвал маш олон зүйл бий. Үүний үндсэн дээр зөв онош тавигдана. Түүнээс биш энэ 10 минутын турш эхний байдлаар үзлэгээ хийгээд үлдсэн хугацааг нь сууж өнгөрүүлнэ гэсэн ойлголт байж болохгүй. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагуудад удаа дараагийн сургалт хийж, мэдээлэл өгч байна.
-Гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээс хойш эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн чадамж, эмч нарын цалин хөлс хэрхэн нэмэгдсэн талаар тооцоо судалгаа гарсан уу?
-Гүйцэтгэлээр санхүүждэг болсноос хойш эрүүл мэндийн байгууллагуудад олгож байгаа мөнгөн дүн тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Дотоод ажилчдын цалин хэрхэн нэмэгдсэн гэдгийг дотоодын хяналтаараа гаргах боломжтой байх.
Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд 2019-2020 онд авч байсан мөнгөн дүн нь хамгийн багадаа 45-50 хувиар өссөн. Зарим тохиолдолд 2-3 дахин өссөн хэмжээний санхүүжилт авч байгаа байгууллагууд ч бий.
Тийм учраас эргээд иргэд тухайн эрүүл мэндийн байгууллага надад чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эсэх дээр хяналт тавьж, шаардлага тавих эрх нь бий. Түүнчлэн ганцхан харьцуулсан тоо хэлэхэд 2022 болон 2023 оныг аваад үзвэл Эрүүл мэндийн даатгалын сан дээр ирдэг нэхэмжлэлийн тоо 2.9 саяар нэмэгдсэн. Үүнээс 2.1 сая нь зөвхөн амбулаторийн нэхэмжлэл буюу эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэх зэрэг тусламж үйлчилгээний тоо хэмжээ нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2.3 минутад өдөрт 70-80 хүн үзээд ирвэл эмч өвчтөнөө чанартай үзэх биш тоонд ач холбогдол өгөх дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс нэгэнт даатгалаас мөнгө авч байгаа бол эргээд чанартай үйлчилгээ үзүүлэхийг л шаардаж байгаа юм.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд авах санхүүжилтийн тоо хэмжээг зааж өгсөн нь хүн бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх энэ зорилтоос ухарсан шийдвэр болж байгаа гэдгийг зарим эмнэлгийн удирдлагууд илэрхийлсэн байсан. Даатгалын сангаас санхүүжих мөнгөн дүнг ямар аргаар тооцож олгож байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тухайн жилийн төсвийн тухай хуульд заасны дагуу тоо хэмжээг тогтоох тухай байгууллагуудтай гэрээлэхээр заасан байдаг. Учир нь Эрүүл мэндийн даатгалын сан тодорхой хэмжээний төсөвтэй. Хязгааргүй нөөцтэй биш шүү дээ. Дээр дурдсанчлан 2.9 сая нэхэмжлэл нэмэгдсэн гэдэг бол даатгалын сангийн төсөв дээр өсөлт болж орж ирж байгаа. Ийм учраас тоо хэмжээг тухайн эрүүл мэндийн байгууллагын өмнөх онд үзүүлсэн тусламж үйлчилгээний тоонд үндэслэж гаргадаг. Жил бүр эрүүл мэндийн байгууллагууд шинэ барилга байшин барьж, өргөтгөл хийгээгүй л бол өмнөх хүчин чадлаараа л ажиллана. Хүний нөөцийн хувьд ч жил бүр олон тооны төгсөгч авч орон тоог нь нэмэгдээд байх боломжгүй. Үнэхээр ийм тохиолдолд хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал яригдана.
Гэтэл өмнөх зай талбайдаа өмнөх тооны хүний нөөцөөр ажиллаж байгаа бол тэр хүчин чадалдаа таарсан эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Даатгалаас өмнөх жил нь 100 хүн үзсэн байхад энэ жил 50 болгож бууруул гэсэн шаардлага огт тавиагүй.
Гэхдээ нэгж тусламж дээр нь тоо хэмжээ тавиагүй, харин өмнөх оноос бууруулахгүйгээр гэрээлж байгаа.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахдаа шатлалаас нь хамаарч 13А маягт олгож байсан. Харин үүнийг олгохоо больсон нь эргээд III шатлалын эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлсэн байх боломжтой юу. Үүнээс үүдэн III шатлалын эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсч эргээд санхүүжилт дээр маргаан дагуулах асуудал гарсан юм биш биз?
-Зарим талаараа 13 А маягтыг байхгүй болгосноор хөнгөн өвчлөлтэй хүмүүс III шатлалын эмнэлэгт түлхүү хандаж байхыг үгүйсгэхгүй. Яг энэ талаар нарийн тооцоо судалгаа хэлж мэдэхгүй байна.
Холбоотой мэдээ