Хаа сайгүй, хаашаа л харна залуус электрон тамхи гартаа атгачихаад байсхийгээд л сорцгоох юм. Хоргүй гэж гүн бат итгэчихээд зааг хязгааргүй залгиж байдаг юмуу эсвэл гангараа, хэв маяг гэж хэлбэрдээд байна уу гэж эргэлзээ төрүүлэх болов. Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ арай л хэтийдлээ. Дунд сургуулийн сурагчид ч амандаа зуучихсан, гартаа барьчихсан тоосон шинжгүй гудамжаар алхцгаана. Сургууль, цэцэрлэгийн ойролцоог үл тоож хэд хэдээрээ бөөгнөрчихөөд хээв нэг татаад инээлдэж зогсох нь олонтаа.
Нийслэлийн Боловсролын газраас 2023 онд ЕБС-ийн 205 сургуулийн сурагчдын дунд судалгаа хийхэд 9000 орчим хүүхэд электрон тамхи хэрэглэж байжээ. Үүнээс 77.6 хувь нь хөвгүүд, үлдсэн нь охид байна. Үүний цаана судалгаанд “хэрэглэдэггүй” гэж хариулчихаад хэрэглэж байгаа хүүхэд олон байх магадлалтай юм. Хүүхдүүд сайн, мууг өөрийн ухамсраар ялгаж салгахаас илүү бусдыгаа даган дуурайж, “cool” харагдахдаа л анхаардаг байхыг ч үгүйсгэх аргагүй.
ДЭМБ-аас эхлээд эрүүл мэндийн салбарын олон эрдэмтэн, судлаачид аюулын харанга болчихоод байна гэдгийг сануулсаар байна.
Электрон тамхи нь ихэвчлэн никотинтой. Никотингүй нь синтетик бодистой. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар, өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буйг тогтоожээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, хавдар, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.
Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи амтлаг бөгөөд татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрүүлэхгүйгээс гадна өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь энгийн тамхийг татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгдөггүй учраас байнга сорсоор байдаг сөрөг талтайг эрдэмтэд анхааруулсан байна. Тиймээс өсвөр насныхан хэт их донтож, сорох хүсэл сонирхол нь нэмэгдсэнээр хэтрүүлж хэрэглэх магадлалтай юм. Мөн электрон тамхинаас ялгарах бодис нь ойр орчмынх нь хүмүүсийн эрүүл мэндэд аюул заналхийлж дам тамхидалтанд өртөж байгааг онцолжээ.
ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн их эмч Б.Батмөнх "Электрон тамхи нь хэлбэр дүрс, өнгө, үнэр зэргээрээ хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Өнгө, үнэр оруулагч зэрэг нэмэлт химийн бодисууд агуулагддаг. Электрон тамхи нь тархинаас эхлээд давсаг хүртэлх бүх эд эрхтэнд нөлөөлсөн шинэ төрлийн өвчлөл үүсгэж байна" хэмээн саяхан мэдэгджээ. Харин Монгол Улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс доорх анхааруулгыг цахим хуудсаараа дамжуулан гаргаад байна.
“Энэхүү VAPE буюу электрон тамхинаас шалтгаалсан өвчлөл, нас баралт олон улс оронд бүртгэгдэж эхэллээ. Мөн электрон тамхи ихээр татсанаар шинэ төрлийн уушгины өвчин бий болжээ.Үүнийг EVALI гэх бөгөөд англиар e-cigarette or vaping use-associated lung injury хэмээн нэрлэж байна. 2019 оноос эхлэн энэ өвчнийг шинээр бүртгэх болсон байна. Электрон тамхины ууранд тамхинд донтуулагч никотин агуулахаас гадна глицерин бусад химийн бодис, хүнд металлууд мөн агуулагдаж байна. Хоргүй гэх хуурамч сурталчилгаанд итгэсэн хэрэглэгч нар тамхинаас гарч никотиний хамааралаас гарах бус бүр илүүтэйгүүр орж донтож байгааг эрдэмтэд дурдаж байна. Огт тамхи татаж үзээгүй хүүхдүүд энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч болж тамхины хэрэглээ эрс нэмэгдэж 10-20 жилийн дараагаас эхлэн зүрх судас, уушгины өвчлөл ихсэх хандлагатай байгааг зүрх судас, уушгины эмч нар анхааруулж байна.
Электрон тамхинд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй маш олон төрлийн бодис байгааг илрүүлээд байна.
1. Никотин – донтуулах үйлчилгээтэй,өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх,
2. Propyleneglycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
3.Diethyleneglycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.
4. Ацетилальдигид болон формальдегид – хорт хавдар үүсгэгч химийн нэгдэлүүд.
5.Бензол – хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
6.Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
7.Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
8. Никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт хүнд металууд хорт хавдар үүсгэнэ.
9. Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт метал
10. Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцор зэргийг тус тус агуулдаг байна” гэжээ.
Ийм ноцтой мэдээлэл, сэрэмжлүүлгийг удаа дараа Мэргэжлийн байгууллага, Мэргэжлийн хүмүүс хийгээд байхад тодорхой зохицуулалт хийхгүй байж болохгүй юм. Ирээдүйг чинь зугуухнаар хөнөөж байхад гараа хумхиад, хараад сууж болохгүйтэй адил.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас ч удаа дараа ноцтой мэдэгдэл хийж анхааруулж буй.Тухайлбал, 2023 оны тайландаа “Ковидоос хойших удаа дараагийн харьцуулсан судалгааны дүнгээс харахад хүн амын дундах тамхины хэрэглээг бууруулахад электрон тамхи огт нөлөөлөөгүй, үр дүнгүй байгаа”-г онцолсон байна. Тэгэхээр тамхидалтыг бууруулдаг, тамхинаас гаргагч гэж сурталчлах нь өрөөсгөл, электрон тамхийг ихээр худалдаалах гэсэн маркетингийн нэг арга аж. Харин ч хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар дагуулах болсон түгшүүртэй тоо баримтуудыг дурдсан байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейюс “Хүүхдүүд бага наснаасаа тамхи татах буруу зуршилтай болж, никотинд донтох эрсдэлтэй. Иргэдээ, тэр дундаа хүүхэд залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд электрон тамхины тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг улс орнуудад уриалж байна” гэжээ.
“Электрон тамхи нь 16,000 гаруй төрлийн амттай бөгөөд олон нийтийн сүлжээ, нөлөөлөгчөөр дамжуулан хүүхдүүдэд сурталчилж байна. Зарим тохиолдолд ийм төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлахдаа хүүхэлдэйн киноны баатруудын дүр төрх, дэгжин загваруудыг ашиглан залуу хойч үеийг уруу татах тохиолдол гардаг. Хүүхэд залуучуудын электрон тамхины хэрэглээ зарим улс оронд насанд хүрэгчдийнхээс илүү хурдацтай нэмэгдэж байна” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын захирал доктор Рюдигер Креч өгүүлжээ.
Цахим орчинд элдэв төрлийн электрон тамхийг сурталчилсан контент, сурталчилгаа хэтийдэж хүүхдийг буруу зуршилд уруу татах, хэрэглэж үзэх сонирхолыг ихээр өдөөж байна.
Хойч ирээдүйгийнхээ эрүүл, урт удаан наслах боломж нөхцөлөөс хумслахгүйн тулд аль болохоор л электрон тамхинаас татгалзах, электрон тамхи худалдаалахгүй байхыг ДЭМБ засгийн газруудад уриалсаар байна.
Одоогийн байдлаар дэлхийн 34 оронд электрон тамхи худалдахыг хориглосон. Манай улсын хувьд ямар ч зохицуулалтгүй орнуудын тоонд орно. Электрон тамхийг утаат тамхины адил дотор орчинд татахыг хориглож, насанд хүрээгүй хүүхдэд зарахгүй,дэлгүүрийн лангуунд болон ил задгай худалдаалахыг хориглохоор хуулийн хэлэлцүүлэг хийж Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан юм.
Гэвч өнөөдрийг хүртэл Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулаагүй, электрон тамхины зохицуулалтыг нарийвчлан тусгах асуудал шийдэгдээгүй, электрон тамхи хил гаалиар саадгүй нэвтэрч, хүүхэд залуусын хамгийн их үйлчлүүлдэг GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүд, ТҮЦ, супермаркетын лангуун дээр өрөөстэй.
Энэ аюулт тахал хэрхэн сургуулийн орчинд хүүхдүүд маань хордуулж байгааг бид харж байна. Одоо хүлээхгүйгээр эрс шийдэмгий тэмцэх цаг нь болжээ. Үгүй бол хүүхдүүдгүй, ирээдүйгүй болно.
Х.Тамир
Холбоотой мэдээ