"Живж" буй Майами Америкийн ирээдүй!

Хуучирсан мэдээ: 2024.04.30-нд нийтлэгдсэн

"Живж" буй Майами Америкийн ирээдүй!

"Живж" буй Майами Америкийн ирээдүй!

Даниел Хабибианы дэлгүүр Майамийн эрэг дагуу Атлантын далайгаас хэдхэн блокийн зайд байрладаг. Дэлхий дулаарч, мөсөн голууд хайлж эхэлсэн тул Майами хот ойрын хэдэн 10 жилд живэх аюултай байна. “Цаг уурын эрсдэл үргэлж бидний бодолд байдаг. Майами бараг л далайн түвшинтэй зэрэгцэж оршиж байгаа тул усны түвшин бага зэрэг нэмэгдэхэд л живэх аюултай” гэж Даниел Хабибиан ярьжээ.

2060 он гэхэд Майами-Дэйд дүүргийн 60 орчим хувь нь усанд живнэ гэж Майамигийн их сургуулийн Газарзүй, тогтвортой хөгжлийн профессор Харолд Ванлесс тооцоолсон байна.

Майами, Форт Лодердейл, Вест Палм Бич зэрэг нь зургаан сая гаруй хүн амтай бөгөөд Өмнөд Флоридагийн хамгийн нам дор газарт тооцогддог. Гэсэн хэдий ч хүмүүс Майами руу нүүсээр л байна. Хотын өнгө үзэмж ч улам нэмэгдсээр. Хүмүүс дүрвэх бус эрсдэлтэй газар руу улам тэмүүлж байна. Энэ хандлага нь ихэнх америкчууд байгаль орчны эрсдэлийг үл тоомсорлоход бэлэн байгааг харуулав. Тэд өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн Майами гэлтгүй АНУ даяар хүмүүс байгалийн гамшигт өртөмтгий бүс нутаг руу нүүсэн хэвээр байгааг “Urban Institute”-ын ахлах ажилтан Эндрю Румбач хэлжээ.

Зүүн өмнөд Флорида мужид энэ зууны эцэс гэхэд далайн түвшин хотын газрын гадаргуутай ижил түвшинд хүрэх төлөвтэй байна. 2000 оноос хойш далайн түвшин ойролцоогоор 15 см-ээр нэмэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна Майамигийн хөрсөнд асуудал бий. Тодруулбал, газрын хөрсний бүтэц нь сүвэрхэг шохойн чулуун бүтэцтэй бөгөөд инженерүүд үүнийг Швейцарийн бяслагтай зүйрлэсэн байдаг. Энэ бүтцийг нь харгалзан үзвэл газар доороос ус амархан нэвчих боломжтой. Эдгээр динамикаас шалтгаалаад далайн шуурга, аадар бороо, далайн түрлэг гэх мэт байгалийн үзэгдлүүд Майамид улам хурцаар илрэх магадлалтай байдаг. 2006 оноос хойш Майамид далайн түрлэгээс үүдэлтэй үерийн давтамж 400 гаруй хувиар нэмэгджээ.

Майами-Дэйд дүүргийн оршин суугчдын 70 орчим хувь нь 2017-2022 оны хооронд хур тунадастай холбоотой үерт, 60 орчим хувь нь хар салхи, халуун орны шуурганаас үүдэлтэй үерт, 16 хувь нь түрлэгийн үерт өртжээ. Мэдээж үүнийг дагалдаад санхүүгийн нөлөөлөл нь асар өргөн цар хүрээтэй байсан. Тэдний 34 хувь нь ажилдаа ирж очиж чадахгүйд хүрсэн аж.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судлаачид далайн эргийн усанд автах хамгийн өндөр эрсдэлтэй 10 хотыг жагсаахад үүнд нь Майами багтсан байна.

Ийм уур амьсгалын гамшгийн санхүүгийн аюул заналхийлэл нь маш их. Үүнд эд хөрөнгийн хохирол, даатгалын өндөр төлбөр, эмнэлгийн төлбөр, үл хөдлөх хөрөнгийн үнийн бууралт, аялал жуулчлалын бууралт, бизнесийн ашгийн алдагдал, нүүлгэн шилжүүлэлтийн зардал зэрэг багтана. Ийм олон эрсдэл байсан ч Майами-Дэйд дүүргийн оршин суугчдын 66 хувь нь эндээс хэзээ ч явахгүй гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэдний дөрөвний гурваас илүү нь буюу 77 хувь нь дэлхийн дулаарал энд явагдаж буйг хүлээн зөвшөөрч байгаа аж.

“Юу ч болж байсан эндээс явахгүй. Майами бол Америкийн ирээдүй” гэж олон оршин суугч үзэж байна.

Сүүлийн үед Майами дахь өндөр барилга, зочид буудал, оффисуудын тоо хурдацтайгаар нэмэгджээ. Ингэснээр АНУ-ын хэмжээнд хамгийн өндөрт тооцогдох хотуудын нэг болсон. Оршин суугч олшрохын хэрээр орон сууцны эрэлт ч нэмэгдэж буй. 2014 онд л гэхэд тус хотын засаг захиргаа орон сууцны болон холимог зориулалттай барилга шинээр барих 10 орчим зөвшөөрөл олгосон байна. Ингээд 2019 он гэхэд энэ тоо 150 гаруй болж, 1000 гаруй хувиар өсчээ.

Гайхамшигтай нь Covid-19 цар тахлын үеэр хот улам өргөжин тэлжээ. 2019-2022 оны хооронд Майамиг зорьсон хүмүүсийн тоо АНУ-ын бусад хэсэгтэй харьцуулбал 60 хувиар илүү байв. Энэ нь хүмүүс хаанаас ч ажиллах эрх чөлөөтэй болсонтой холбоотой. Дулаан цаг агаар, харьцангуй бага татвар, ажлын байрны өргөн боломж зэрэг нь үүнд нөлөөлжээ.

Калифорни, Нью-Йорк, Нью Жерси зэрэг өндөр татвартай мужаас Майами руу хамгийн олон хүн шилжин суурьшсаныг “Miami Realtors” байгууллагын хийсэн дүн шинжилгээнээс харах боломжтой.

Энгийн иргэдээр тогтохгүй дэлхийн хэмжээний тэрбумтнууд хүртэл Майами руу хошуурав. Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос, Голдман Сакс компанийн гүйцэтгэх захирал Дуглас Сакс нарыг энд дурдаж болно. Түүнчлэн “Citadel”, “SH Hotels & Resorts” зэрэг томоохон компани төв байраа Майами руу нүүлгэжээ. Тэд Майамиг Латин Америк, Карибын тэнгисийн гарц гэж харж буй.

Томоохон компаниудыг дагаад ажилчид нь Майамид ирж буй нь орон нутгийн эдийн засаг эерэгээр нөлөөлжээ. Майами-Дэйд дүүргийн ажилгүйдлийн түвшин 2024 оны хоёрдугаар сард 1.6 хувьтай гарсан. Энэ нь түүхэн дэх хамгийн доод түвшин аж. Гэтэл АНУ-ын ажилгүйдлийн дундаж түвшин 3.9 хувь байна.

Гэхдээ Майами хот нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй төслүүдэд олон сая ам.доллар зарцуулж буй. Барилгын хатуу дүрэмж, дэд бүтцийн сайжруулалт зэргийг тус хотын эрх баригчид өөрсдийн гол хөзөр болгон дэлгэж байна.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж