Сурвалжлага: Скүүтер, унадаг дугуйн "зам"-гүй ХОТ

Хуучирсан мэдээ: 2024.04.29-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Скүүтер, унадаг дугуйн "зам"-гүй ХОТ

Сурвалжлага: Скүүтер, унадаг дугуйн "зам"-гүй ХОТ

Хотын түгжрэлээс залхсан улаанбаатарчууд унадаг дугуй, скүүтерээр хөл дүүжлэх гэхээр замын асуудал тулгардаг. Нэг бол машин дундуур сүлжилдэх эсвэл явган хүний зам дээр "түгжирдэг". Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа унадаг дугуйн зориулалтын замыг асуудлыг хөндлөө.

Олны нэрлэж заншсан Багшийн дээд орчмын гэрлэн дохиотой уулзвар дээр хүмүүс ногоон гэрэл хүлээн зогсоно. Явган зорчигчид дунд скүүтер болон унадаг дугуйтай хүүхэд, залуус ч харагдана. Тэд зам гарахдаа унадаг дугуй, скүүтерээсээ бууж, явган зорчигчийн адил гарцаар гарах ёстой. Гэвч тэгж замаар гарч байгаа нь цөөн аж.

Амны хаалт зүүж, хар нүдний шил зүүсэн, зориулалтын спорт хувцастай нэгэн залуу "Хотын гудамжаар унадаг дугуй унахад хүндрэлтэй байдаг. Унадаг дугуйн зориулалтын зам ховор. Байгаа зам нь явган хүний замтайгаа нийлчихсэн. Явган хүний замаар явахдаа дуут дохиогоо дарахаар зарим хүмүүс нь сонсохгүй, зам тавьж өгдөггүй. Тэгээд л машин замаар явах шаардлага гардаг" гэдгийг учирлаж байлаа.

Цааш явж унадаг дугуй болон скүүтертэй хүүхдүүдээс дээрх асуултуудыг асуухад яг ижил хариулт буюу зам хэцүү, дүрэм журмын талаар сайн мэдэхгүй гэж хариулж байсан юм. Харин эсрэгээрээ явган зорчигчоос дээрх тээврийн хэрэгсэлтэй хүмүүс явган зорчигчдод хэрхэн саад болдог талаар асуухад, нэгэн иргэн "Унадаг дугуй, скүүтер унасан зарим залуус их хурдтай явдаг. Нөгөө талаасаа тэднийг авто зам дээр явахыг харахаар их эрсдэлтэй харагддаг" гэсэн юм.

Харин замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч "Ер нь зориулалтын замгүй болохоор унадаг дугуй, скүүтер унаж байгаа хүмүүст ч хэцүү байдаг байх. Замын хөдөлгөөнд оролцож байхад ардаас гэнэт гараад ирнэ. Тэгээд л машин дундуур сүлжилдээд л мөргүүлчих шахна. Ер нь их эрсдэлтэй" гэдгийг хэлсэн юм.

Сүхбаатарын талбайн зүүн талд 10 орчим минут зогсч ажиглахад гарцаар унадаг дугуйтайгаа гарах, машин замаар сүлжин давхих, гарцгүй газраар машин харж байгаад гарах зэрэг үйлдэл олон давтагдаж байв. Энэ хэвийн л зүйл шиг болсон аж. Нэг талдаа зориулалтын зорчих зам ховор нь үнэн ч гэлээ нөгөө талдаа хариуцлагагүй, монгол хүний хэнэггүй зан нөлөөлдөг болов уу гэж бодогдож байлаа.

“ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БОЛОН ДУГУЙН ТЭМДЭГТЭЙ ЗАМААР ЗОРЧИХ ЁСТОЙ”

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мөнх-эрдэнэ:

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нас болон замыг зааж өгсөн байдаг. Хууль, дүрэмд 10 нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн хараа хяналт дор явган хүний зам дээр унадаг дугуй унахыг зөвшөөрдөг. Гэр хороололд хашаан дотор, байр орон сууцны орчимд хүүхдийн зориулалтын тоглоомын талбайд унадаг дугуй болон скүүтер унахыг зөвшөөрнө. Харин 10 наснаас дээш насныхан зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн тэмдэгтэй замаар зорчих ёстой.

Хэрвээ 14 наснаас дээш насны хүүхдүүд дээр хэлсэн зориулалтын замгүй газраар замын хөдөлгөөнд оролцохоор болвол зорчих хэсгийн баруун гар талаар хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Тэгэхээр унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий. Мөн зам хөндлөн гарахдаа тухайн тээврийн хэрэгслээсээ буугаад явган хүний замаар унадаг дугуй болон скүүтерээ түрээд явган зорчигчийн адил гарах ёстой байдаг. Гэтэл унадаг дугуй болон скүүтерээсээ буухгүйгээр явган хүний гарцтай болон гарцгүй замаар зам хөндлөн гардаг, дүрэм зөрчиж улаан гэрлээр гарах зэрэг нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж, гэмтэж бэртэх шалтгаан болж байна гэдгийг анхааруулсан юм.

ЭНЭ ОНД  ЯВГАН ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД  35.6 ТЭРБУМ ЗАРЦУУЛНА

Нийслэлийн хэмжээнд 2024 онд явган замын бүтээн байгуулалт, тохижилтыг хэрхэн, хаана хийх талаар Улаанбаатар хотын захирагчийн албаны хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Тэрбээр "Нийслэлээс түгжрэлийн асуудалтай холбоотойгоор 2022 оноос хойш жил бүр явган болон дугуйн замын өргөтөл, шинэчлэлийн ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Энэ оны хувьд бид төвийн магистраль замууд буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тэнгэрийн ам, Олимпын гудамж, Их тойруу, Сүхбаатарын гудамж орчим гээд нийт төвийн зургаан байршилд явган хүний замын тохижилт, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөсөн.

Эдгээр бүсүүдийн явган хүний замын насжилтын хугацаа нь дууссанаас үүдэж зарим хавтангууд цөмөр ч, үүрсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Иймд дээрх зургаан байршлыг сонгон өргөтгөл, шинэчлэл, засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

Улаанбаатар хотын хэмжээнд бүрэн хийж дууссан 72.3 километр дугуйн зам бий. Бидний хувьд шинээр тавигдах явган замыг судалгаа, шинжилгээ болон дүүргүүдийн санал хүсэлтээр хийж гүйцэтгэдэг. Тухайлбал, дүүргүүдийн хувьд эдгээр байршлуудад явган замын бүтээн байгуулалт хэрэгтэй гэх зэргээр санал хүсэлтээ өгдөг. Энэ хүрээнд бид санал, хүсэлтийг авч батлагдсан төсвийн хүрээнд тодорхой ажлуудыг хийдэг гэж ойлгож болно. Өнгөрсөн жилийн хувьд Их тойруу болон Бага тойруугийн замд шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ мэтчилэн иргэдийн ачаалал ихтэй байршлуудыг сонгож, санал хүсэлт авч байж явган хүний зам засварын ажлыг хийдэг. Энэ жилийн тухайд бид дээрх зургаан байршилд шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ жилийн хувьд явган зам шинэчлэлийн хүрээнд 35.6 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Энэ төсөвт дээр дурдсан зургаан гудамжны зураг төслийн ажил, зардал гээд бүгд багтсан гэв.

ХЭРВЭЭ ОСОЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

Зөрчлийн тухай хуулиар зөрчилд хариуцлага хүлээлгэх иргэн буюу 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүнд тооцогдоно. Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад авто машин мөргөсөн эсвэл бусад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн тохиолдолд 16 насанд хүрсэн бол тухайн иргэнд учруулсан хохирлоо барагдуулах ёстой.

Хэрвээ 14-өөс доош насных бол эцэг, эх асран хамгаалагч нь хуульд заасны дагуу тухайн иргэнд учирсан хохирлыг барагдуулна.

Гэхдээ гол анхаарах зүйл нь унадаг дугуй скүүтертэй дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцсоноор бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахаас илүү өөрөө бэртэж гэмтэх эрсдэлтэй. Тиймээс унадаг дугуйтай иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцох, аюулгүй байдлаа бодож хамгаалалтын малгай өмсөх ёстой. Шөнө оройн цагаар хөдөлгөөнд оролцох үедээ өөрийгөө бусдад харагдуулах зорилгоор гэрэл цацруулагч бүхий хантааз, цүнх, ханцуйвч заавал өмсөх шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Нэмж хэлэхэд, унадаг дугуй, скүүтерийг ганцаараа унах ёстой. Мөн замын хөдөлгөөнд болон явган хүний хөдөлгөөнд саад болохооргүй зориулалтын  газар байрлуулж тавих хэрэгтэйг ТЦА-наас санууллаа. Учир нь иргэд бага насны хүүхэдтэй хамт хөдөлгөөнд оролцох, хоёр хүн хамт явах тохиолдол цөөнгүй байдаг.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж