Украины арми зүүн фронтын гурван тосгоноос ухарсныг Ням гаригт командлагч Александр Сирський мэдэгдлээ. Тодруулбал, Бердычи, Семеновка, Новомыхайловка тосгонуудын баруун талд Украин шинэ байрлал эзэлжээ. Сирськийн мэдэгдэлд Новобахмутивка тосгоны талаар дурдаагүй. ОХУ-ын Батлан хамгаалах яам Ням гаригт тус тосгоныг хяналтдаа авсан гэж мэдэгджээ.
ОХУ сүүлийн үед Украины зүүн фронтод хүчээ төвлөрүүлэх болсон. 61 тэрбум ам.долларын тусламжийн багцын хүрээнд АНУ-ын зэвсгийг нийлүүлбэл Украины арми тогтворжино гэж найдаж байгаагаа Сирський хэлжээ. Түүний мэдэгдэл нь зүүн фронтод нөхцөл байдал улам дордсоныг илэрхийлнэ гэж үзэв.
Маринкагаас баруун тийш, Авдийвкагийн баруун хойд хэсэгт хамгийн хүнд байдалтай байгаа аж.
Түүнчлэн Украины хоёр дахь том хот болох Харьковт сүүлийн үед Оросын цэргийн тоо нэмэгдэх болсон байна. ОХУ-ын хилээс ердөө 30 км-ийн зайд орших 1.3 сая хүн амтай хот сүүлийн саруудад олон удаа агаарын цохилтод өртсөн. Украинчуудын үзэж буйгаар Оросын арми Харьковыг хүн амьдрах боломжгүй болгохоор оролдож байгаа аж.
Украины ерөнхийлөгч Зеленский зэвсгийн нийлүүлэлтийг аль болох түргэсгэхийг олон улсын түншүүддээ уриалж байна. Тэрбээр Ням гаригт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч Хакем Жеффристэй ярилцахдаа патриот системүүд яаралтай хэрэгтэй байгааг онцолжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ