Эрчим хүчний экспорт дахь хөршүүдийн нөхөрлөл

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний экспорт дахь хөршүүдийн нөхөрлөл

Манай урд хөршийн эдийн засгийн чадвар болон зах зээлийн багтаамж улам бүр нэмэгдэхийн хэрээр хойд хөрштэй хамтран ажиллах чиглэл нь өдөр бүр хүрээгээ тэлэх боллоо. Хоёрхон хоногийн өмнө Оросын Алс Дорнодын Амурын муж дахь Сковородино хотод улс хоорондын нефть дамжуулах хоолойг нээх ёслолын ажилл         агаанд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путин оролцож энэ хамтын үйл ажиллагааг өндрөөр үнэлэн үг хэлжээ.Тэрээр энэхүү нефтийн хоолойн төсөл нь Орос Хятад хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж онцолсон байна. “Дорнод Сибирь-Номхон далай” нэртэй нефть дамжуулах хоолойг барьж байгуулах төслийн хүрээнд Оросын нутгаар дайран өнгөрөх хэсгийг ийнхүү дуусгаснаар Дорнод Сибирийн нефтийг Хятад руу гаргах боломж үндсэндээ бүрэн нээгдэж байна.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд Оросын тал 700 тэрбум рублийн хөрөнгийг  оруулж байгаа гэнэ. Мөн энэ хоолой нь  Ази Номхон далайн бүс нутагт Оросын түүхий эдийг хүргэх боломжийг олшруулахад тусалж байна гэж ОХУ-ын ЗГ-ын тэргүүн  хэлжээ. Оросын Засгийн газрын тэргүүний баталж байгаагаар бол шинээр бий болж байгаа нефтийн хоолой Ази Номхон далайн бүсэд 30 сая тонн баррель нефть хүргэх боломжтой гээд хэрэв энэ хоолойн төслийг цаашид өргөжүүлбэл 50 саяд ч хүргэх боломж бий гэж зарласан байна.

Одоогийн байдлаар ОХУ-аас Европт гэхэд л 120-130 сая тонн баррель нефтийг нийлүүлж байгаа юм. Харин дорнод Сибирийн Тайшетийн орчмоос Находка хүртэл татаж байгаа  дээрхи “Дорнод Сибирь-Номхон далай” нефть дамжуулах хоолойгоор өдөртөө л гэхэд 1.6 сая баррель түүхий нефтийг Сибирээс Алс Дорнод хүртэл, дараа нь Хятад болон Ази Номхон далайн бүс нутагт шахаж байх юм. Энэ нефть дамжуулах хоолойн Орос болон Хятадын нутгаар дамжсан хэсэг нь гэхэд л 4000 км урттай байгаа бөгөөд эхний хэсэг нь өнгөрсөн оны 12-р сард ажиллаж эхэлсэн байна. Нефть дамжуулах хоолой цаашид үргэлжлэн Хятадын нутгаар баригдаж явсаар Хятадын зүүн хойд хилд хүрэх бөгөөд улмаар Оросын нефтийн экспортын шинэ шугам  Ази Номхон далайн бүсэд очиж байгаа ажээ. Нефть дамжуулах хоолойн төсөл 2012 онд бүрмөсөн баригдаж дуусах бөгөөд энэ хоолойгоор дамжуулах нефтийн хэмжээг Оросын гадаад орнуудад экспортолж байгаа нийт хэмжээний гуравны нэгт хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Орос уу, ОПЕК уу…

Мэдээж дэлхийн нефтийн экспортод манлайлагч ОПЕК-ийн орнууд Орос Хятад хоёрын энэ төслийн зүг анхаарал тавьж эхэлсэн нь ойлгомжтой. Гэхдээ Орос,Хятад хоёрын хамтран барьж байгаа нефьт дамжуулах хоолой Ази Номхон далайн бусад орнуудад газрын тосыг нийлүүлж эхэллээ ч гэсэн өрсөлдөөнд ОПЕК-той тэмцэлдэж чадахгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Одоогоор Оросын нефтийн экспортын ойрын зорилго нь Хятадаас гадна БНСУ, Япон болоод байгаа бөгөөд ОПЕК ч мөн адил эдгээр орнуудад нефть нийлүүлж байгаа  юм. Гэхдээ ОПЕК өдөртөө 20 сая гаран баррель нефтийг дээрхи орнуудад нийлүүлж байгаа нөхцөлд давуу талаа хадгалах болно гэж Лондон дахь Дэлхийн банкны газрын тосны шинжээч Махмуд Салама хэлж байгаа юм.

Түүний бодож байгаагаар бол Оросын нефть үйлдвэрлэлийн хүчин чадал өдөртөө 5-6 сая баррель түүхий нефтийг л гарган авч дамжуулах бололцоотой гээд түүнээсээ Хятадад 1-1,5 сая баррелийг л нийлүүлж чадах гэнэ. Гэтэл Хятадын хэрэглээ өдөртөө 5 сая баррель нефть болж байгаа болохоор заавал хол газар эрэлт хайх шаардага  байхгүй бололтой. Нөгөө талаар ноён Саламийн тооцоолсноор бол ОПЕК-т Оросоо илүү гарах хоёр давуу тал бий гэж байна. Нэгт нь, ОПЕК ойрын хугацаанд нефтийн экспортын нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой юм байна. Харин Орос тийм хурдтайгаар үйлдвэрлэлээ дорвитой нэмэгдүүлэх бололцоогүй байгаа аж. Хоёрт, ОПЕК нь Номхон далайн орнуудтай нефть нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулан зах зээлийг нь бүрэн хангах баталгаа өгч чаддаг байна. Ийм гэрээ байхгүй байлаа ч ОПЕК л ганцаараа тэдгээр орнуудын нефтийн эрэлтийг найдвартай хангана гэсэн итгэл хэдийнээ бүрэлдсэн гэж шинжээч тодорхойлж байгаа ажээ.

Сүүлийн үед Орос улс  эрчим хүчний экспортоо аль болох тэлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх болсон нь ч бас учиртай аж. Учир нь Оросын эрчим хүчний өөрийн хэрэглээ нь өдөр ирэх бүр өндөр хувь хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаа тул зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар тодорхой хугацааны дараа өөрийн экспортыг ч багасгахад хүрэх аж. Тухайлбал, байгалийн хийн экспортынх нь  ихэнх хувийг эзэлдэг Европын улсуудад өгч байгаа нийлүүлтээ ч татаж магадгүй байдалтай байгаа гэнэ. Иймд эрчим хүчний түүхий эдээ аль болох олон чиглэлээр ашигтай арилжах бодлогыг шуурхай хэрэгжүүлж байгаа бололтой.

Мөн өөрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх үүднээс бусад улс орнуудын хямд эрчим хүчний нөөцийг ч мөн худалдаж авах оролдлогууд хийж байгаа юм байна. Тухайлбал саяхан ОХУ Каспийн тэнгисийн орчмын орнуудын гарган авч байгаа бүх байгалийн хийг нь худалдаж авах гэрээ байгуулсан нь Европ руу гаргаж байгаа экспортын хэмжээгээ одоо байгаагаас нэмэгдүүлэх зорилгоор хийгджээ.

Нөгөө талаар эдийн засгийн хувьд шинэ тулгар гарч ирж байгаа улс орнууд ч эрчим хүчний экспортын томоохон өрсөлдөөн бий болгохоор завдаж байгаа нь манай хөрш орнуудыг зүгээр суулгахгүй байгаа бололтой. Тухайлбал саяхан Туркменистанаас Афганистан болон Пакистаныг дайруулан Энэтхэг хүрэх нефтийн хоолойг татах санал гаргах болсны дээр Иранаас Энэтхэг болон Пакистан руу мөн л нефтийн хоолой татахаар хүлээгдэж байгаа аж. Энэ бүхэн эрчим хүчний зах зээлийн эрэлт нэмэгдэхийн зэрэгцээ нийлүүлэлт нь хүрээгээ улам тэлж байгааг харуулж байгаа юм.

М.Наст

Дэлхийн нефтийн “аваргууд”( 2009 оны байдлаар )

• Саудын Араб:
Өдөрт 20 сая гаран баррель нефть гарган авдаг бөгөөд экспортод гаргадаг нефтийн хэмжээ нь өдөртөө 8,5 сая баррель болдог. Энэ хоёр үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч болж байгаа энэ орон 2 сая гаруй баррель  нефтийг өдөр бүр хэрэглэж байгаагаараа нефтийн хамгийн өргөн хэрэглээтэй 10 орны жагсаалтыг хааж байдаг.

• ОХУ: Өдөртөө 9,7 сая орчим баррель нефтийг боловсруулдгаараа дэлхийн хэмжээнд хоёрт орж байна. Өдөртөө 6,8 сая баррель нефть экспортлодгоороо мөн л удаалж байгаа ба өөрийн хэрэглээ нь ч их. Зөвхөн  хэрэглээгээрээ дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт явж байна.

• АНУ:
Өдөртөө 8,3 сая баррель нефтийг өдөр бүр гарган авдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ гуравт орж байна. Харин өдөртөө 20,6 сая баррель нефтийг хэрэглэдгээрээ хамгийн их хэрэглээтэй улс болдог бөгөөд 12,3 сая баррель нефтийг импортлодгоороо дэлхийн тэргүүн импортлогч болж байна.

• Иран:
Өдөртөө 4 сая баррель нефть олборлож, 2,4 сая баррелийг экспортод гаргадгаараа дэлхийн дөрөвдэх том олборлогч мөн экспортлогч болж байгаа юм.

• БНХАУ:
Өдөртөө 3,8 сая баррель нефтийг олборлодгоороо тавдахь том олборлогч нь болж байна. Харин өдөртөө 7,2 сая баррель нефть хэрэглэдгээрээ хоёрдахь том хэрэглэгч, мөн 3,3 сая баррель нефть импортлодгоороо гуравт орох импортлогч болдог.

• Мексик:
Өдөртөө 3,7 сая баррель нефть олборлодгоороо зургаад орох бөгөөд 1,7 сая баррелийг экспортлодгоороо 10 дахь том экспортлогч болж байна.

• Канад:
өдөртөө 3,2 сая баррель нефть олборлож долдугаар байранд орж байгаа бөгөөд өдөртөө 2,2 сая баррелийг хэрэглэж байгаагаараа мөн л долоо дахь байранд явж байна.

• Арабны нэгдсэн Эмират улс:
Өдөртөө 2,9 сая баррел нефтийг олборлож найм дахь том олборлогч болж байгаа бөгөөд 2,5 сая баррелийг экспортлож гурав дахь том нефть экспортлогч болж байна.

• Венесуэл:
Өдөртөө 2,8 сая баррель нефть олборлож, 2,1 сая баррелийг экспортолж байгаагаараа олборлогчийн болон экспортлогчдын долдугаарт нь жагсч байна.

• Норвеги: Өдөртөө 2,7 сая баррель нефтийг олборлодгоороо дэлхийн 10  дахь томм. нефть олборлогч болж байгаа юм.

М.НАСТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж