Нийслэлийн зүгээс “Хангай” зочид буудлын өнгө үзэмжийг сайжруулж, татвараа төлөхийг шаардаад буй. Эл шаардлагыг дээрх буудлыг эзэмшигчийн нэг болох “Буян холдинг” компанийн захирал Б.Жаргалсайхан хүлээн авч байгаагаа мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “Бид нар зураг төслөө хийчихсэн байга, янзална. Өргөтгөл хийгээд 20 давхар барилга барина. Залуучуудын худалдаа үйлчилгээний төв барина. Ар талд нь буудал оффис янзална. Тэр барилга бол бетонон баганатай, дам нуруутай, маш өндөр баллыг тэсвэрлэх сайн чанарын бетоноор барьсан юм билээ.
Хотын засаг захиргаа ямар шаардлага тавина, биелүүлнэ. Буруу шаардлага тавиагүй гэж бодож байна. Зөв зүйтэй хүлээж аваад ажлаа өөд нь татах ёстой болов уу” гэсэн юм.
“Хангай” зочид буудал нь Улаанбаатар хотын төв хэсэгт байрладаг ч ашиглалтгүй байгаагаас өнгө үзэмж нь гундаж, балгас шахуу болсон. Бараг 30-аад жил ийм байдалтай байгаа аж. Зарим талаараа хэрэг зөрчил гарах шалтгаан ч болж ирсэн гэж нийслэлээс мэдэгдээд буй.
2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн аж. Уг үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өр шууд тооцоход хэцүү аж.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ