НЭМЭЛТ:
МАН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр /2024.04.28/ Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд хүлээлгэн өглөө. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тус намын удирдлагууд хүсэлтээ илэрхийлжээ. Тус нам хүний эрхийг дээдлэн, иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрт сонголтыг бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулсан. Хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулах. Авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна.
Л.Гантөмөр: Ардчиллаа аваръя гэвэл мөнгөний сонгуулиас хол байхыг уриалж байна
НЭМЭЛТ:
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ардчилсан нам, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо өнөөдөр /2024.04.28/ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийллээ.
Дээрх үйл явдлын дараа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ 2024 оны сонгууль урьд хожид байгаагүй хар PR-ын шинжтэй сонгууль болох боллоо. Энэ сонгууль өөрөө нэрсийн жагсаалтын будилаангуй байх талаар СЕХ-ны удирдлагад сая саналаа хэллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Ардчилсан намын байр суурийг илэрхийлнэ.
Хяналтын хороо, дэд хороог бүрэн дүүрэн ажиллуулах боломжийг Засгийн газраас шаардана. Тэгэхгүй бол нэг хүн 2-3 удаа санал өгдөг, зарим хүн нэг өдрийн дотор 4-5 газар санал өгдөг гэсэн ийм зүйл яригдаад байгаа. Монгол хүн бүр шударга сонгуулийн төлөө яваасай гэж бодож байна.
Хоёр дахь нь, амьд тролл болоод хэсгийн хороо хэсчихсэн, санал өгдгийг манайхан таслан зогсооно. Шударга сонгуулийг бүрэн дүрэн хийх тухайд Ардчилсан намын сонгуулийн штаб анхаарч ажиллах юм.
Гурав дахь нь, сонгуулийг мөнгөөр хийдэг болсон. Тийм учраас сонгогч олон болон Монголын ард түмэн үнэхээр Монголын ардчиллыг аваръя, монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалъя гэж байгаа бол мөнгөний хамааралтай сонгуулиас хол байхыг уриалж байна. Иймс гурван зүйлийг бусад улс төрийн намууддаа уриалж байна” гэлээ.
Тус намын Үндэсний бодлогын хороо өчигдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан юм. Хуульд зааснаар ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдөр 00.00 цагаар хүсэлтийг хүлээн авах хугацаа албан ёсоор дуусна.
Одоогийн байдлаар 13 нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдээд байна.
СЕХ-нд 12 нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байна
Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн авч эхэлсэн юм. Дээрх хүсэлтийг өнөөдөр мөн хүлээн авна.
Одоогоор ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд байна. Тодруулбал, 12 нас, нэг эвсэл УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор өгөөд байгаа нь энэ юм.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
Сануулахад, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр ээлжит бус хуралдаан хийж, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх асуудлаар хуралдсан. Өнөөдөр шийдвэрээ албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд хүргэнэ.
Холбоотой мэдээ