Дуучин Бритни Спирс аавынхаа хараа хяналт дор буюу амьдралыг нь хянах боломжийг бусдад олгосон консерваторын харилцаатай байсан. Консерваторын эрхийг 2021 онд цуцалсан хэдий ч талуудын өмгөөлөгчид төлбөр тооцоо болон бусад асуудлаар тогтмол уулзсаар иржээ. Хоёр жил гаруй үргэлжилсний эцэст асуудлыг эцэслэн шийдсэнийг өмгөөлөгчид мэдэгдэв. Гэхдээ төлбөр тооцооны талаар тодорхой дэлгэсэн зүйл алга байна.
Дуучны өмгөөлөгч Мэтью Розенгарт хэлэхдээ "Бритни Спирсийг төлөөлж, хамгаалж, өмгөөлөх нь бидний нэр төрийн хэрэг, завшаан байсан. Тэр бол түүхэн, баатарлаг, бэлгэ тэмдэг болсон гайхалтай, зоригтой уран бүтээлч. Цаашид ч тийм байх болно" гэжээ.
Харин аавынх нь өмгөөлөгч Алекс Вайнгартен "Энэ бүхэн дууссанд Жэйми маш их баяртай байгаа. Тэр охиндоо маш их хайртай. Түүнийг хамгаалахын тулд уйгагүй ажилласан. Тэр Бритнид хамгийн сайхныг л хүсдэг" гэжээ.
2008 онд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу аав нь Бритнигийн консерватороор томилогдож, 13 жилийн турш дуучны бүх хөрөнгө санхүү, эмнэлгийн шийдвэрийг хянадаг байв. 2021 оны зургадугаар сард Бритни анх удаа консерватороо эсэргүүцэн, шүүхэд ханджээ. Улмаар мөн оны арваннэгдүгээр сард консерваторыг дуусгавар болгосон.
Үүнээс хойш Бритни олон нийтийн сүлжээндээ маш идэвхтэй байх болжээ. Мөн Элтон Жонтой хамтран “Hold Me Closer”, "Will.i.am"-тэй хамтран “Mind Your Business” нэртэй дуунуудыг гаргасан. "Women in me" нэртэй намтар номоо гаргасан нь тэр дороо шилдэг борлуулалттай номоор шалгараад байна. Дурсамж номдоо тэр консерваторт байсан он жилүүдийнхээ талаар илэн далангүй бичжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ