Сьерра-Леон улс Туркийн эрчим хүчний "Karpowership" компанид төлөх ёстой 48 сая ам.долларын өрөө барагдуулж чадаагүй учир хэдэн долоо хоног тоггүй байжээ. Эндээс 18 сая ам.долларын өрийг барагдуулахтай зэрэгцээд тус улсын Эрчим хүчний сайд Канжа Сесай огцров. Тэрбээр үүсээд буй хямралын хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж мэдэгджээ.
Сьерра-Леоны эргээс холгүй хөвж буй Туркийн усан онгоцноос нийслэл Фритаунд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг. Эрчим хүчний төлбөрийг төлж барагдуулаагүй учир "Karpowership" компани отод нийлүүлэх эрчим хүчийг 60 мегаваттаас 6 мегаватт хүртэл бууруулсан гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Гэхдээ үүнээс ч өмнө эрчим хүч тасалдаад эхэлсэн байжээ.
Эрчим хүч тасалдсанаас болж эмнэлэгт дор хаяж нэг нярай хүүхэд нас баржээ. Эмч нар гар утасны гэрэлд эмчилгээгээ үргэлжлүүлж байна.
Харин хотын иргэд цахилгааны төлбөрөө төлдөг атал ийм зүйл амсаж байгаадаа бухимдаж байна. "Та хувцсаа яаж индүүддэг вэ, хоолоо яаж хийдэг вэ? Бид цахилгааны төлбөрөө төлдөг атлаа яагаад ингэж амьдрах ёстойгоо ойлгохгүй байна" гэж иргэдийн төлөөлөл ярьжээ.
Эрчим хүчний сайд огцорсон учир яам одооноос ерөнхийлөгчийн шууд удирдлага дор ажиллах болсон байна.
"Karpowership" нь дэлхийн хамгийн том хөвөгч цахилгаан станцуудын нэг бөгөөд Африкийн хэд хэдэн мужид цахилгаан эрчим хүч түгээдэг. Тус компани өнгөрсөн оны аравдугаар сард мөн л төлбөрийн асуудлаас болж Гвиней-Бисау руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоож байв. Сүүлийн жилүүдэд Сахарын цөлөөс өмнөх Африкт цахилгаан эрчим хүчний хүртээмж харьцангуй нэмэгдсэн ч гэлээ бүс нутгийн хүн амын 50 гаруй хувь нь цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй хэвээр ажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ