Хятад улс хөгжиж буй орон уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хятад улс хөгжиж буй орон уу?

БНХАУ-ын ДНБ 2010 онд Япон улсыг гүйцэн түрүүлж дэлхийд хоёрдугаар байранд орлоо. Бээжин, Шаньхай, Гуанжу зэрэг том хотуудын хүрсэн амжилт, хөгжил, цэцэглэлтийг харвал Хятад улс хөгжиж буй орон уу, эсвэл хөгжингүй орнуудын жагсаалтад орсон уу гэсэн асуулт гарах болжээ.

БНХАУ 1.3 тэрбум гаруй хүн амаараа дэлхийд хүн амын тоогоор нэгдүгээрт ордог.  Канадын хүн амыг Хятадтай харьцуулбал 2,5 хувьтай нь тэнцдэг бол Италийнх 4,4, Францынх 4,6, Английнх 4,6, Герман улсын хүн ам 6,2 хувьтай, Японы хүн ам аравны нэгтэй нь дүйж байна. Хүн амын тоотой нь харьцуулж харвал Хятадын эдийн засгийн өсөлт эдийн засгийн хөгжлөөрөө өндөр төвшинд гарсан гэсэн үг биш ажээ.  Хэдийгээр Хятадын эдийн засаг үргэлжлэн хурдацтай хөгжиж, эдийн засгийн хүчин чадал болон улсын чадавхи тасралтгүй нэмэгдсэн буй ч нийгэм, эдийн засгийн хөгжил нь хоёрдмол шинжтэй байна гэж Хятадын судлаачид үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг талаас улс орон цэцэглэн хөгжих таатай хандлага харагдаж байгаа ч нөгөө талаас эдийн засгийн бүх салбарын хөгжилд саад бэрхшээл тулгарч байгаа ажээ.

Хятад улс үйлдвэржилтийн хувьд дунд зэргийн төвшинд байгаа бөгөөд ажиллагчдын дадлага чадвар өндөр биш, аж үйлдвэрийн бүтэц тохиромжгүй, шинийг нээх чадвар сайнгүй, бүтцийн зөрчил газар авч, байгалийн баялаг, хүрээлэн буй орчинд халгаатай өндөр зардал зарцуулсан хэвээр байгааг судлаачид дурджээ.

Хятад улсын төр, засаг ард түмний амьдралыг дундаас дээгүүр чинээлэг төвшинд гаргах үе шаттай зорилт тавиад байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус улсын иргэдийн амьдрал тэдний нэрлэдэг томъёоллоор ерөнхийдөө анхан шатны чинээлэг төвшинд хүрч, ядууралтай тэмцэх чиглэлд нэлээд амжилт олжээ. Гэхдээ энэхүү чинээлэг амьдрал гэдэг нь анхан шатны төвшний хэмжээнд л байгаа хэрэг бөгөөд нийт хүн ам даяараа тэнцвэртэй баян чинээлэг болсон гэсэн үг хараахан биш юм. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр авч үзвэл Хятад улс бага, дунд орлоготой орны тоонд орно. Хятадын үндэсний статистикийн газрын мэдээгээр 2008 онд хүн амд ногдох ДНБ 3300 ам.долларт хүрч дэлхийд 104 дүгээрт жагсан дунд орлоготой орнуудтай зэрэгцүүлбэл харьцангуй доод төвшинд багтжээ. Дэлхийн банкны 2010 оны хөгжлийн тайлангийн үзүүлэлтээр Хятад улсын нэг хүнд ногдох нийт орлого 2008 онд 2940 ам.доллар болж, дэлхийн хэмжээнд 130 дугаар байрт орсныг дурджээ.

Хятадын тариалангийн аж ахуйн үндэс суурь буурай, хөдөө орон нутгийн хөгжил хоцрогдонгуй хэвээр байгаа. Хот тосгонд ажлын байрны эрэлт нэмэгдэж, иргэдийн амьдралд тулгамдсан асуудал олноор бий болжээ. Хүн амын бүтцийг авч үзвэл, хөдөө нутагт аж төрдөг  болон ядуу хүн амын эзлэх хувь өндөр хэвээр байна. Хятадын 1.3 тэрбум хүн амын 700 сая гаруй нь хөдөө нутагт аж төрдөг нь Египетийн нийт хүн амны тооноос 10 дахин илүү юм. Хот газар ажиллахаар шилжин очсон тариачид 150 сая байгаа нь ОХУ-ын нийт хүн амтай тэнцэнэ. НҮБ-ын үзүүлэлтээр Хятадад 150 сая ядуу хүн байна.

Хятадад 2009 оноос баримталж буй орлогын төвшний шалгуураар жилдээ 1067 юаниас доош орлоготой хүнийг ядуу гэж тооцвол, 43 сая ядуу хүн буюу Өмнөд Солонгосын хүн амтай бараг тэнцүү тоо харагдана. Үүний дотор амьжиргааны доод төвшнөөс доош нэн ядуу 15 сая хүн тоологджээ. 

Хятадын хот, хөдөөгийн иргэдэд боловсрол, эрүүл мэндийн зэрэг салбарт тулгамдсан бэрхшээлтэй асуудал олон бий. Тухайлбал, бүх нийтийн боловсролын санхүүжилт нь ДНБ-ний 2.4 хувийг эзэлж буй нь дэлхийн дундаж төвшнөөс 4.9 хувь доогуур байна. Нэг хүнд ногдох эрүүл мэндийн санхүүжилт 94 ам.доллар байгаа нь  дэлхийн дундаж төвшний наймны нэгтэй л тэнцэх үзүүлэлт юм.

Эдийн засгийн хөгжлийн бүтцийн асуудал ч хүнд байна. Нэгдүгээрт, аж үйлдвэрийн бүтэц тэнцвэргүй. Аж үйлдвэрийн салбарын орлого ДНБ-ий 49 хувь, хөдөө аж ахуйнх 11 хувь, үйлчилгээнийх 40 хувийг тус тус эзэлж байгаа нь өндөр орлоготой орнуудын дундаж төвшнөөс хоёроос 11 дахин илүү үзүүлэлт юм. Хоёрдугаарт, хот хөдөөгийн ялгаа их. Тухайлбал, хот газрын нэг гэр бүлийн гишүүдэд ногдох орлого 2008 онд хөдөөгийнхөөс 4.3 дахин илүү байжээ. Гуравдугаарт, бүс нутгийн хөгжил тэнцвэргүй. Хятадын илүү хөгжсөн зүүн бүс нутгийн нийт бүтээгдэхүүний харьцаа хөгжлөөр арай дутуу баруун бүсийнхээс дөрөв гаруй, нэг хүнд ногдох ДНБ нь 3.3 дахинаар зөрүүтэй байна.

Худалдааны бүтцийн хувьд БНХАУ нь дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээний сүүлд ордог бөгөөд нэмүү өртөг багатай бүтээгдэхүүн ихээр гаргадаг орон юм. Хөгжингүй орнуудын хувьд нэмүү өртөг шингэсэн, шинжлэх ухааны давуу талыг ашигласан үйлдвэрлэл явуулдаг билээ.

Хөгжингүй орон, аж үйлдвэрийн хөгжингүй орон гэсэн томьёолол бий. Хөгжингүй орон үйлдвэрлэлийн хувьд өндөр төвшинд гарсан байдаг бол БНХАУ одоо л ид үйлдвэржих замдаа явж байна. Энэ нь Хятад улс хөгжиж буй орон хэвээрээ байна гэж үзэх үндсэн шинж мөн гэж тус улсын судлаачид дүгнэсэн байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж