АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчилж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин болон тэргүүлэх дипломатч Ван И нартай уулзаж, Орос, Украины дайн, Тайвань зэрэг асуудлын талаар хэлэлцжээ. Мөн хиймэл оюун ухаан, фентанил, Газын зурвасын мөргөлдөөн, Өмнөд Хятадын тэнгисийн маргаан зэрэг бусад өргөн хүрээтэй сэдвийг ч орхигдуулаагүй аж.
АНУ нь Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байгаа ч ирээдүйн талаарх төсөөллүүд нь хоёр орны хувьд харилцан адилгүй байгааг Блинкен онцолжээ.
Юун түрүүнд Украин дахь Оросын түрэмгийлэл Хятадын дэмжлэгээс хамааралтай байгааг Блинкен хэлэв. Хятадаас ОХУ-д машин техник, микрочип болон бусад хэрэгслийг нийлүүлсээр байгаад АНУ санаа зовж байна. Эдгээрийг оросууд Украины эсрэг ашиглах боломжтой гэж үзэж байгаа аж. Гэхдээ дайны эхэн үед цөмийн зэвсгийн аюулаас сэрэмжлэхэд Хятад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэр сайшаажээ.
Энтони Блинкен Бээжин дэх "ВВС"-д ярилцлага өгөхдөө "Хятад улс Украинд ашиглаж буй зэвсэг, техник зэргийг Орост нийлүүлэхээ зогсоохгүй бол Вашингтон арга хэмжээ авна" гэжээ. Гэхдээ чухам ямар арга хэмжээ авахыг тодорхой хэлээгүй.
Тэгвэл Хятадын дарга Ши Жиньпиний хэлсэн үгийг "CCTV" нийтэлжээ. Тэрбээр "Хятад улс өрсөлдөөнөөс айхгүй. Гэхдээ энэ өрсөлдөөн нь үр дүнгүй тоглоом бус тодорхой ахицтай байх ёстой. Хятад улс итгэлтэй, нээлттэй, цэцэглэн хөгжиж буй АНУ-ыг харахдаа баяртай байх болно. АНУ ч бас Хятадын хөгжил цэцэглэлтэд эерэгээр хандана гэдэгт найдаж байна. АНУ, Хятад аль аль нь дэлхийн энх тайвны төлөө хариуцлагатай байж, бүх улсын хөгжил цэцэглэлтийн төлөө боломжийг бий болгох хэрэгтэй. Мөн дэлхийн эв нэгдлийн төлөө эерэг үүрэг гүйцэтгэх хэрэгтэй" гэжээ.
Түүнчлэн Хятад улс Орост тусалж байна гэсэн Блинкений мэдэгдлийг Бээжин эсэргүүцсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэхдээ "Хятад улс эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааныхаа төлөө үндэслэлгүй буруутгагдаж байна. Биднээр буруу хүлээлгэх гэж оролдохгүй байхыг АНУ-д уриалж байна" гэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ