Тойм: Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа

Хуучирсан мэдээ: 2024.04.27-нд нийтлэгдсэн

Тойм: Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна. 


"МАССТ НӨЛӨӨЛӨХ СУРТАЛ УХУУЛГА САНААТАЙГААР ХИЙЖ БАЙГАА НЬ БУРУУ"

Ардчилсан Нам /АН/-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүнтэй ярилцлаа.


-Монгол Улс цаашдын хувь заяа залуусын сонголт дээр ирж байна. Та улс төрд оролцоотой шинэ үеийн залуусын нэг. Энэ удаагийн сонгууль эрс шинэчлэлт авчирч чадна гэсэн итгэл байна уу?

-Миний бодлоор залуучууд хэнээс ч хараат бус сонголт хийж чаддаг. Гэхдээ үндсэн нэг асуудал байдаг нь оршин суугаа газрын харьяалал. Дөрөвдүгээр сарын 31-нээр шилжилт хөдөлгөөн хаагдаж байгаа. Тэгэхээр энэ хэдхэн хоногт бид өөрсдөө маш хариуцлагатай байх ёстой. Зургадугаар сарын 28-ны өдөр яг хаана байх вэ? хөдөө, гадаад улс оронд зорчиж байх уу, үгүй юу? гэдгээ маш сайн төлөвлөх нь зүйтэй. Хэрэв одоо байгаа газраас өөр орон, нутагт байна гэвэл шилжилт хөдөлгөөн хаагдахаас өмнө шилжилтээ хийлгэх нь зөв.

Залуучууд сонгуулийн идэвхгүй гээд байдаг мөртлөө яг бодит амьдрал дээр идэвхтэй амьдралын хэв маягаасаа болж хичээл сургалт болон ажил, томилолтоор явж байхдаа оршин суугаа хаяг дээрээ байж чадахгүйгээс сонгуульд оролцож чаддаггүй.

Тиймээс сонгуульд оролцож саналаа өгөх боломжоо хүмүүс өөрсдөдөө хангаж өгөх шаардлага үүсч байна. Хайнга байснаас болж олон санал хүчингүй болж байгаа. Залуучууд сонгуульд ач холбогдол өгч хариуцлагатай байвал өөрсдийнх нь сонголт амьдрах орчин, нөхцөл, оролцоо зэрэг бүхий л хүчин зүйлд нөлөөлөх боломжтой.

-Залуучууд хоёр янз байна. Нэг хэсэг нь улс төрийн мэдлэг, мэдээлэл сайтай байна. Нэг хэсэг улс төрийн боловсрол муутай байна?

-Улс төрийг сонирхдоггүй гэдэг ч бүгд ажиглагчаар оролцоод л явж байдаг. Огт тоохгүйгээр хаях боломжгүй. Хүн бүр дуртай, дургүй улс төрийн амьдралын нэг хэсэг болдог гэсэн үг. Одоогийн байдлаас харахад бид улс төрийн боловсролыг багаас нь сургалтын байгууллагаар дамжуулж олгох нь зүйтэй. Нөгөө талдаа гэр бүл ээж, аавын хариуцлага ч яригдана. Ер нь ямар нийгэмд амьдраад байгаа талаараа хүүхдүүддээ зааж, зөвлөж, чиглүүлж өгөх хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"МОНГОЛ ВЕНЕСУЭЛИЙН ЗАМ ДЭЭР ШУУД ХАРАЙГААД ГАРЧИХЛАА"

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал эхний таван сарын байдлаар ямар үзүүлэлттэй байна вэ?

-Оны эхний улирлын мэдээ боломжийн хэмжээнд гарсан харагдсан. Төсвийн нийт орлого 7.7 их наяд төгрөгт хүрсэн бол төсвийн нийт зарлага 5.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Монгол Улсын экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байсан.

Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 100 орчим  сая ам.доллар, тэнцэл 580 сая ам.доллараар буурсан байсан. Цаашид нүүрсний үнэ үргэлжлэн буувал төсөв төлөвлөсөндөө хүрэхгүй.

Мөн сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой элдэв төрлийн халамж, бэлэн мөнгийг тараах аян өрнөж байна. Энэ бол тун муу мэдээ. Эрх баригчдад сонгуульд ялах нь чухал болохоос улс орны ирээдүй огт хамаагүй мэт аашилж байгаа нь харамсалтай.

-Сүүлийн үед нүүрсний үнэ тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нөхцөл байдал улсын орлогод яаж нөлөөлөх вэ?

-Монгол Улс өнгөрсөн жилийн эхний улиралд 14 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ оны эхний улиралд 18 сая тонн болж биет хэмжээ өссөн хэдий ч нүүрсний үнэ буурсантай холбоотой экспортын орлого буурсан. Нүүрс Монгол Улсын нийт экспортын бараг 60 хувийг эзэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цаашид нүүрсний үнэ буурвал манай экспортын орлого буурч, төсөвт дарамт ирнэ. Нөгөө талаасаа валютын ханш чангарч төгрөгийн ханш суларна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үнэ өсөж аж ахуй нэгжүүд хаалгаа барих, бага орлоготой иргэдийн амьдралд дарамт ирнэ гэсэн үг. Энэ жил төсвийн нийт орлогын 30 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцож байсан бол, 2024 онд найман их наяд болсон нь уул уурхайгаас улам хараат болох бодлого төсвөөр дамжин хэрэгжсэн байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"МОНГОЛ ХОЙД СОЛОНГОСЫН ЖИЖИГ ХУВИЛБАР БОЛЖ БАЙНА"

Ардчилсан намын гишүүн Д.Сосорбарамаас хувийн өмч, хүний эрх, өнөөгийн ардчилал ямар түвшинд байгаа талаар тодрууллаа.


-Монголын ардчилалд зөвхөн дотоодынхон, АН-ынхан биш дэлхийн улс орнууд ч анхаарал тавьж байна. Энийг та юу гэж харж байна вэ?

-Анхаарах цаг болсон. Хувь хүний эрх, хувийн өмчтэй байх, сайн дураар харилцаанд оролцох эрх бол капитализмын тулгуур гурван багана. Капитализм бол ардчиллаас тэс өөр. Ардчилал бол зүүний үзлийн нэг хөл, гар. Адам Смит үүнийг "жам ёсны эрх чөлөө" гэж үнэлсэн байдаг. Тиймээс хувь хүний эрх, хувийн өмчийн эрх нээгдэхгүй бол хүмүүс хоорондоо чөлөөт харилцаанд орох эрх нээгдэхгүй. Ер нь хувийн өмч бол баялгийг аяндаа бий болгодог, өмчтэй хүмүүс цаг завгүй ажиллаж, хувийн өмчтөнүүд ажлын байрыг бий болгодог.

Төрд өмч төвлөрөх тусам тэнд авлигал цэцэглэдэг. Тэгэхээр төрд өмч төвлөрүүлэх биш эсрэгээр нь хувь хүмүүст тэдгээр өмчийг худалдаалж, арилжаалж, хувьчлах хэрэгтэй.

Хувьчлах гэдэг нь төрийн өмчийг нийтэд үнэ төлбөргүй тараа гэсэн үг биш. Нэгэнт л төрд өмч төвлөрөөд байгаа бол баялаг бүтээх чадамжтай хүмүүстээ тэр хөрөнгөө хуваарилах нь зөв. Одоо бол Монголын нийгэмд анх ардчилал гарч байхад өөрийн гэсэн жаахан хувийн өмчтэй болсон хүмүүс л энерцээрээ ажиллаж амьдарч байна.

Одоо хэрэв АН засгийн эрхийг авбал олон яамны тоог цөөлөх хэрэгтэй. Хүн амынхаа тоог бодсон ч Монголд олон яам хэрэггүй.

-Хөгжиж байгаа болон өндөр хөгжилтэй орнуудад төрийн бүтэц нь цомхон, сайд нарын тоо маш бага байдаг талаар та хэллээ. Жишээлбэл, Япон, Швейцарыг хэлж байна. Монгол Улсад хэрэгцээгүй яам байна уу, яамдыг цөөлөх шаардлагатай юу?

-Нэн тэргүүний шаардлагатай. 22 яам, 260 мянга гаруй төрийн албан хаагч бол том тоо. 130 сая гаруй хүн амтай Япон улс 12 яамтай, найман сая хүн амтай. Швейцар долоон яамтай байхад гурван сая хүн амтай Монгол Улс 22 яамтай байна.

Монголд долоон яам хангалттай. Бүр болохгүй бол ес байж болно.

1996-2000 он хүртэл есөн яамтай байсан. Тэгэхээр дарга нарын хүнд суртал, баг томроод ирэхээр л төр дагаж данхайж, эрх мэдэл тэнд үйлчилж зовлон салахгүй байна. Төр хэдий чинээ данхайна тэнд авлига, хээл хахууль цэцэглэж капиталистүүд үүснэ. Өөрөөр хэлбэл, онц бүрэн эрх эдэлдэг өнөө эрх мэдэлтнүүд нь ноёлж, хувийн өмчтэй хүмүүс улам л дарангуйлалд өртөнө. Хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд төр оролцохгүй өмчийг орхих хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж