Ам.долларын урсгал 6.5 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Ам.долларын урсгал 6.5 дахин нэмэгджээ

Намрын ажлын оргил ажил, бараа эргэлтийн урсгалыг угтан төгрөгийн ханш чангарч, ам доллар болон Солонгосын вонны ханш ялимгүй сулраад байсан. Тэгвэл наймдугаар сард 1295 төгрөг хүрээд байсан ам.доллар мягмар гаригаас эхлэн бага зэрэг өсчээ. Өчигдөр буюу лхагва гаригт ам.доллар 1304.56 төгрөг болов. Энэ нь өмнөх өдрийнхөөс 2.76 төгрөгөөр өсч долоо хоногийн өмнөх төвшинд хүрсэн гэсэн үг. Наймдугаар сарын эхэнд ам.доллар 1353.49 төгрөг, харин энэ оны эхэнд 1445.55 байсан юм. Харин наймдугаар сарын хувьд ам.долларын хар захын ханш 1295 төгрөг болж байсан удаатай.  Харин өчигдрөөс ханш бага зэрэг сэргэж эхлэв. Тиймээс хүмүүс ам.долларын ханш цаашид өсөх болов уу гэсэн хариултыг авахыг хүсч байна. Энэ талаар Монголбанкны Валют эдийн засгийн газрын хэлтсийн захирал С.Болдоос тодруулахад,

Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкнаас зарласан албан ханш наймдугаар сарын 31-ний байдлаар оны эхнээс 9.9 хувиар, юаньтай харьцах ханш 9.7 хувиар тус тус чангараад байна. Төгрөгийн ханш ийнхүү чангарч, голлох валютуудын ханш суларсан нь энэ хугацаанд манай улсын гадаад худалдааны нөхцөл сайжирсан, гадаад тэнцэл тогтвортой байсан, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл, валютын шилжүүлэг, зузаатгал, гуйвуулга тус тус нэмэгдсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханшийн алгуур чангаралт нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ уялдаатай байсан гэж үзэж болно. 

Үүнийг цөөн тоо баримтаар тайлбарлавал, энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувиар сайжирсан, хөрөнгө санхүүгийн тэнцэл 466 сая ам.долларын ашигтай гарч, 3.4 дахин нэмэгдсэн, гадаад худалдааны алдагдал оны эхний долоон сарын байдлаар 20 хувиар буурсан, оны эхний найман сарын байдлаар ам.долларын цэвэр орох урсгал 6.5 дахин нэмэгдсэн байна. Эдгээр суурь хүчин зүйлс нь төгрөгийн ханш алгуур чангарахад нөлөөлсөн байна гэв.

Энэ дашрамд сонирхуулахад өчигдөр мөн Төв банк нэг  долоо хоногтой үнэт цаасны ээлжит арилжаа явуулж,  409,7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.95 хувь жигнэсэн дундаж хүүгээр арилжаалсан байна.

Сонирхолтой тоо баримтаас дурдвал олон улсын валютын зах зээл дээр өдөр бүр 3.2 триллион ам.доллар эргэлддэг байна. Харин Монгол Улсын манай улсын валютын жилийн эргэлт 4.2 тэрбум доллар байдаг аж.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж