
Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкнаас зарласан албан ханш наймдугаар сарын 31-ний байдлаар оны эхнээс 9.9 хувиар, юаньтай харьцах ханш 9.7 хувиар тус тус чангараад байна. Төгрөгийн ханш ийнхүү чангарч, голлох валютуудын ханш суларсан нь энэ хугацаанд манай улсын гадаад худалдааны нөхцөл сайжирсан, гадаад тэнцэл тогтвортой байсан, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээл, валютын шилжүүлэг, зузаатгал, гуйвуулга тус тус нэмэгдсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханшийн алгуур чангаралт нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ уялдаатай байсан гэж үзэж болно.
Үүнийг цөөн тоо баримтаар тайлбарлавал, энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувиар сайжирсан, хөрөнгө санхүүгийн тэнцэл 466 сая ам.долларын ашигтай гарч, 3.4 дахин нэмэгдсэн, гадаад худалдааны алдагдал оны эхний долоон сарын байдлаар 20 хувиар буурсан, оны эхний найман сарын байдлаар ам.долларын цэвэр орох урсгал 6.5 дахин нэмэгдсэн байна. Эдгээр суурь хүчин зүйлс нь төгрөгийн ханш алгуур чангарахад нөлөөлсөн байна гэв.
Энэ дашрамд сонирхуулахад өчигдөр мөн Төв банк нэг долоо хоногтой үнэт цаасны ээлжит арилжаа явуулж, 409,7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.95 хувь жигнэсэн дундаж хүүгээр арилжаалсан байна.
Сонирхолтой тоо баримтаас дурдвал олон улсын валютын зах зээл дээр өдөр бүр 3.2 триллион ам.доллар эргэлддэг байна. Харин Монгол Улсын манай улсын валютын жилийн эргэлт 4.2 тэрбум доллар байдаг аж.
Б.БЯМБАА