Төмөр замд хөрөнгө оруулагчдын уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Төмөр замд хөрөнгө оруулагчдын уулзалт хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Шинэ төмөр зам барих уралдаант шалгаруулалтын тухай хэлэлцээд төмөр замд Монголын талын баримтлах зарчмыг тодорхойлон оруулж ирэх үүргийг Зам, тээвэр барилга хот байгуулалт сайд Х.Баттулгад өгчээ. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Засгийн газрын хуралдаанд танилцуулсан Шинэ төмөр замын талаар тодруулахгүй юу?

-УИХ энэ оны зургадугаар сарын 25-нд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан . Энэ баримт бичигт тусгасны дагуу  ирээдүйд гурван үе шаттайгаар уул уурхайгаа дагасан шинэ төмөр замууд баригдах учиртай. Шинэ төмөр замыг барихад олон улсын нээлттэй тендер зарлана. Үүний өмнө бид энэ сарын 11-нд Улаанбаатар хотноо хөрөнгө оруулагчдыг оролцуулсан уулзалт зохион байгуулах юм. Уулзалтаар 1100 км урт төмөр замыг шинээр тавих гэж байгаагаа танилцуулна.  Өөрөөр хэлбэл, ийм ийм нөхцлөөр та бүхэн Монголын төмөр замд хөрөнгө оруулж болох юм гэдэг саналаа хөрөнгө оруулагчдад илэрхийлэх юм. Сая бид Засгийн газрын хуралдаанд энэ тухайгаа танилцуулсан. Хуралдаанаас  “Шинэ төмөр замд Монголын талын баримтлах зарчмыг тодорхойлон оруулж ир” гэсэн даалгавар өглөө.

-Төмөр замын бодлого батлаг­даад багагүй хугацаа өнгөрч бай­на. Энэ хооронд гадаадын хөрөн­­гө оруулагчдаас сонирхлоо илэр­­хийлсэн консерциум хэр олон бай­гаа вэ?

-Одоогоор Европын орнуудаас Герман, Зүүн хойд ази талдаа БНСУ, Япон зэрэг орноос шинэ төмөр замд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байгаа. Мөн ОХУ, Хятадын хоёр ч компани, Монголын талаас ч сонирхлоо илэрхийлсэн.

-Эхний ээлжинд баригдах 1100 км төмөр зам гэхээр Тавантолгойн ордоос татах төмөр зам гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Тавантолгойгоос-Чойбалсан хүртэлх 1100 км төмөр замын асуудал юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж