Ирцгүйгээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.04.26-нд нийтлэгдсэн

LiveИрцгүйгээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв

Ирцгүйгээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв
14 : 52
2024-4-26

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэж, уг судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Тус салбарт 11 697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс 5665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна. 

Манай улсад соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна. Тиймээс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохыг зорьжээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ. Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавих гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй 48 саналын томъёоллоор санал хураалгахаар болов. Гэвч гишүүдийн ирц хангалтгүйгээс санал унах эрсдэлтэй байсан тул ирэх долоо хоногийн Пүрэв гаригийн чуулганаар санал хураахаар болж хойшлууллаа. 

Дараа нь Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч төслийг танилцуулах Засгийн газрын гишүүн байхгүй тул мөн л хойшлууллаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм байна. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул өндөрлүүллээ.

 

 

 

13 : 04
2024-4-26

С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэж байна.

Илтгэлийг хэлэлцэхийн өмнө Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид танилцуулга хийв. Тухайлбал, Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн байдал сэдвийн хүрээнд дараах эрх ноцтой зөрчигдөж байгааг онцоллоо. 

Хүрээлэн буй орчны 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байгаа бөгөөд агаар, ус, хөрсний бохирдол нь үндэсний болон олон улсын  стандартын үзүүлэлтээс ноцтой төвшинд байгаа учир орчны чанарыг зохистой төвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асудал нэн нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна.

Агаарын бохирдол нь бусад өвчинтэй хавсраад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлтэй 10 хүчин зүйлсийн нэг болж байна. Нийт хүн амд ялангуяа 0-5 хүртэлх насныхан амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлж, жирэмсэн эмэгтэйчүүд ахмад настан, суурь өвчтэй хүмсүүст илүү эрсдэл бий болгож байна.

Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нүхэн жорлон, аюултай хог хаягдал болоод байна. Монгол Улсын усны нөөц 7 хувиар буурч усны бохирдол стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байгаа нь химийн шинжилгээний үзүүлэлт харуулж байна.

2023 онд Монгол Улс боловсролын индексээр 189 улсаас 103 дугаарт эрэмбэлэгджээ. Тус салбарын бодлого, эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэж байгаа ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот, суурин газрын хүн амын хэт нягтрал суурьшлын тархалтаас шалтгаалаад хүртээмжтэй болж чадахгүй байгааг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид онцолж, сүүлийн гурван жилийн хугацаанд сурч боловсрох эрх зөрчигдсөн талаар 63 гомдол ирж, 59 хяналт шалгалт явуулсан талаар дурдлаа. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр шийдэгдэхгүй асуудлууд үргэлжилсээр байгааг тэрбээр тэмдэглэж, ялангуяа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлууд орхигдсоор байна гэсэн юм. Манай улсад 2022 оны байдлаар 282 373 хүүхэд бүртгэгдсэний 36363 нь хагас өнчин, 2911 нь бүтэн өнчин, 12882 нь  байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байнаТөрөлжсөн асрамж, халамжийн газарт газарт амьдардаг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 18 насанд хүрсэн боловч очих газаргүйгээс тус газартаа үргэлжлүүлэн амьдарсаар байх нь их ажээ. Эрх бүхий байгууллагад энэ талаар удаа дараа санал хүргүүлдэг боловч шийдэгддэггүй байна.

Сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгааг тэрбээр мөн онцолж, цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн эхний дөрөвт гэр бүл, ахуйн хүрээний асуудлууд орох болсон, хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг зөрчлийн ихэнхийг гэр бүлийн орчинд эцэг, эх үйлдсэн, энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо буурахгүй байгаа зэрэг ноцтой баримтуудыг дурдав. Шүүхээр эцэг тогтоолгох, эцэг, эх байх эрхийг хасах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааны тоон үзүүлэлт жил бүр өссөр байгаа ч шүүхийн шийдвэр биелүүлэх байдал хангалтгүй, эцэг, эхийн хариуцлага хүлээх чадвар сул, олон нийтийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг ХЭҮК энэ удаагийн илтгэлдээ дүгнэжээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ талаарх эрх зүйн орчин тодорхой болж, суурь алхмууд хийгдэж байгаа боловч зөрчигдөх явдал буураагүй бөгөөд ялангуяа, байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид, тэр дундаа эмэгтэй зүтгэлтнүүдэд эрсдэл, аюул ихээр тохиолдож байгааг илтгэлд дурдсан байна. Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, өс хонзонгийн сэдэлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгах талаар бодлого, зохицуулалт бий болгох, нийтийн эрх ашгийн өмгөөллийг сайжруулах хэрэгцээ байна гэж ХЭҮК-ын дарга тэмдэглэв. Мөн байгаль хамгаалагчдын эрх зүйн байдал, ажлын байр, ажиллах нөхцөл тодорхойгүй, хамгаалалтгүй, аюул заналхийлэлд өртөх эрсдэл өндөр байгаа тул тэдний ажлын байрны үнэлгээг хийж, эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулах нь зүйтэй гэлээ.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүс нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байдгаас дахин гэмт хэрэг үйлдэхэд түлхэж байгааг энэ удаагийн илтгэлд мөн нэгэн бүлгээр өгүүлжээ. Тэдгээр хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаасаа хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн гэсэн статистик байна. Хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсвэл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй байгаа нь хорих ялын нөлөөг сулруулж, хувь хүний хөгжил, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг комисс хийсэн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн намд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт бий болгох зэрэг ажил хийгдэж байгаа ч энэ нь боловсрол эзэмшсэн, санхүүгийн чадвартай цөөн тооны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг болж, бусдад нь өгөөж багатай байгаа юм. Иймд тус комисс тэдний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг судлан дүгнэж, энэ удаагийн илтгэлд оруулсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Гэр бүлд хүчирхийлэл маш ихээр гарч байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх асар ихээр зөрчигдөж байна.  Зохион байгуулж байгаа ажил харагдахгүй юм. Гэр бүл дэх хүчирхийллийг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр бодож төлөвлөж байгаа ажил байна уу?

Хүний эрхийн үндэсний комисс:

-Хүүхдийн эрхийн зөрчил,  гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэх чиг хандлагатай байна. Эрт шатанд урьдчилсан сэргийлэх нь чухал байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба энэ чиг үргийг хэрэгжүүлдэг учраас ХЭҮК хамтран ажиллаж байна.  Мөн хууль хяналтын байгууллагынхны хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, анхан шатанд ажиллаж байгаа нйгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсейн:

-Монголд аж төрөн амьдарч байгаа казак , тувачууд байна. Эх хэлээ сурч байж үндсэн хэлээ сурах ёстой. Гэтэл нэгдүгээр ангиасаа монгол хэл, казак хэл, ангил хэл үзэж эхэлдэг. Аль ч үгүй болж байна.

Иргэдийн сонгох сонгогдох эрх зөрчигдөж байна. Аль ч нам гарсан төрийн албанд хууль зөрчин халаа сэлгээ хийдэг асуудал зогсохгүй байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргыг улстөржиж ажлаас халсан. Дээд шүүхийн шийдвэр гарсан ч Засаг даргыг эргэн томилохгүй байна.  Дээд шүүхээс давсан эрх мэдэлтэй албан тушаалтнууд бий болсон байна. Сонгосон ард иргэдийн эрх зөрчигдөж байна. Шийдвэртэй санал оруулахгүй бол улсын хэмжээнд энэ мэтчлэнгээр сонгогчдын эрх зөрчигдөж байна. Ийм асуудал дээр ХЭҮК судалгаа хийж үзсэн үү. Баян-Өлгий аймгийн Баянуур сумын  Засаг даргыг томилохгүй байгаа. Толбо сумын Засаг дарга хоёр жил заргалдаж байж томилогдсон.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид:

-Хос хэлний боловсролын сурах бичиг, хөтөлбөр, багшийн асуудлыг шийдэх шаардлага байгаа.

Томилгооны тухайд Төрийн албаны зөвлөл хяналт хийж хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр гарсан бол хэрэгжих ёстой. Төрийн албаны зөвлөл шууд хариуцдаг чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хүүхдийн цусанд хар тугалга илрээд эхэлсэн. Иргэд 300, 400 мянгаараа дайжаад гарлаа. Судалгаагаар 70 хувь нь гадаадад гарахад бэлэн гэж хариулж байна. Ардчилсан оронд албан тушаалтнууд нь хариуцлага хүлээгээд огцордог. Иргэд цөхөрч байна, виз гарвал гадагшаа явна л гэж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид:

-Амьдралын чанар сайжрах ёстой. Хүүхдээ бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй байна. Ямар чиглэлээр арга хэмжээ авах ёстой вэ гэдэг дээр зөвлөмжөө өгдөг. Ядууралгүй, ажилгүйдэл бага нөхцөлд хөгжинө.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хариулт хангалтгүй байна. Боловсрол хүнд байна, дэлхийгээс 5-6 жилээр хоцорсон байгааг анхаарах хэрэгтэй. Уул уурхайгаас орж байгаа баялаг баахан авлигачдын гарт ордог. Бүгд улс төрийн хамгаалалтад орох гэсэн хүмүүсийн тоглоом болж эхэлж байна. Цаашдаа дарангуйлал руу явж байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-ХЭҮК дүр эсгэсэн юм руу яваад орчихлоо. Ямар ч асуудал шийддэггүй, оршуулган дээр байгаа юм шиг. Ард түмнийхээ талд зогсооч ээ, хүний эрхийн манаач байгаач ээ. Зоригтой шүгэл үлээгээч ээ гэж томилсон. Илтгэлийн 80 хувь нь зовлон тоочсон байна. Та нартай наргүй ард түмэн бүгд мэдэж байгаа. Хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөөд байна, бид ийм ажил хийх гэтэл ийм бэрхшээл тулгарлаа гэдэг юм алга. Ийм хууль санаачлаач ээ гэж орж ирсэн хүн байхгүй. Маш том эрх мэдэлтэй байгууллага, 80 гаруй хүнтэй байгууллага. Татвар төлөгчдөөс цалинжиж байгаа. Та нар өнгөрсөн хугацаанд ямар дээд албан тушаалтанд хариуцлага тооцсон юм. Хүмүүс нь өдөр бүр угаартаж амиа алдаж байдаг, таг дуугай. Хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байхад таг дуугүй.  Гэтэл ажлын биелэлтээ 80 хувьтай гэж гаргаж байгаа. Ард иргэд эрхээ хамгаалуулаад сайхан болж байгаа юм байгаа юм уу.

Бүх бүлгээр нь үзлээ. Комиссоороо хуралдаад ийм чиглэлээр тайлангаа тавъя гээд тавьж байгаа. Индекс нь буураад байгаа шударга шүүхээр шүүлгэх эрх, тайван жагсаал цуглаан хийх асуудлаар тайлан алга.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид:

-26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлсэн. Өөрийнхөө хүсэлтээр огцорсон нэг байгаа.

Сүүлийн гурван жилээр авч үзэх юм бол УИХын Тамгын газар, Ерөнхий сайд, Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газар, прокурорт шаардлага зөвлөмж хүргүүлсэн.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

10 : 54
2024-4-26

Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилохоор хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах саналыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар Н.Энхболдыг, Монгол Улсаас Индонези улсад суух Элчин сайдаар Д.Энхтайвныг, Монгол Улсаас Узбекистан улсад суух Элчин сайдаар Д.Батбаатарыг томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс УИХ-д мэдүүлсэн байна.

Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд Т.Бадралын бүрэн эрхийн хугацаа дууссан тул эгүүлэн татахаар зөвшилцөх саналыг оруулж иржээ. 

Эл асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 22-нд хэлэлцэн, дэмжжээ. 

Уг асуудлыг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн 59 хувь нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхдээ хаалттай горимоор хэлэлцжээ. 

10 : 38
2024-4-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.26/ нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхлээд байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай санал

“Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж