Д.Ганхуяг: Ардчилсан нам цөөн хүний өмч биш

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг: Ардчилсан нам цөөн хүний өмч биш

УИХ-ын гишүүн
Д.Ганхуягтай ярилцлаа.

-Сүүлийн үед Ардчилсан нам, Ард­чил­сан хүчний холбооны уулзалтууд орон нутагт ар араасаа давхцах болсон нь хүмүүсийг нилээд төөрөлдүүлж байна. Бас ч үгүй хардлага төрүүлэх боллоо. Ардчилсан нам хоёр хэсэг хуваагдлаа гэж. Та өөрөө Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, дээр нь Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч хүний хувьд үүнд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Ардчилсан хүчний холбоо бол төрийн бус байгууллага. Ардчилсан нам болохоор улс төрийн, олон нийтийн байгууллага. Монголын ардчиллын манлайлагч улс төрийн хүчин. Чуулган завсарласны дараахан Ардчилсан нам орон даяар бүсчилсэн чуулга уулзалт хийнэ гэсэн мессеж илгээсэн байсан. Ардчилсан хүчний холбоо бол тавдугаар сард “Монголоо шинэчлэе” гэдэг уриан дор бүсийн чуулга уулзалтыг орон даяар явуулахаар шийдвэрлэж, бэлтгэлээ хангасан байсан. Гэтэл яг уулзалтуудаа хийх болохоор хугацааны хувьд давхардаж таарсан. Өнөөдөр энэ бөмбөрцгийн хэмжээнд төр иргэн, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийг холбох гүүр нь ТББ  болсон. Ардчилсан хүчний холбоонд намын харьяалал хамаарахгүй.  Ардчилсан үзэлтэй, Монголоо шинэчлэх хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст үргэлж нээлттэй байгууллага. Хүмүүн байгаа газар шинэчлэл, өөрчлөлт байнга л явагддаг жамтай .

Харин Ардчилсан намын хувьд намын дүрмийн дагуу энэ намыг намын удирдлага нь төлөөлдөг. Гэхдээ шийдвэр гаргах байгууллага нь мэдээж намын их хурал, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл шүү дээ. Улс орон даяар зохион байгуулах ажлыг Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцэх нь ажлын үр дүнд ч чухал нөлөөтэй. Манай намын дүрэм улс төрийн намын тухай хуулийн дагуу батлагдсан. Гэтэл дүрмийн дагуу тийм зүйл болсонгүй. Мессежээр л мэдээлэл ирсэн. Иймээс л чуулга уулзалтууд давхардаад  байх шиг байна. Хамтарч хийсэн ч болох л байсан. Харамсалтай нь манай намын Гүйцэтгэх зөвлөл ажиллахгүй, хуралдахгүй болсоор удлаа. Намыг намын удирдлага төлөөлдөг болохоос биш цөөн хэдэн хүний өмч биш л дээ, энэ нам чинь.

-Гүйцэтгэх зөвлөл нь хуралдахаа гэ­хээр нам доторх удирдлага, зохион бай­гуулалт алдагдсан гэсэн үг биз дээ. Үүн дээр нь Ардчилсан хүчний холбоо “ажиллаад” байгаа юм биш үү?

-Гүйцэтгэх зөвлөл хуралдахгүй болсоор удаж байна. Монголын ардчиллын манлайлагч хүчин болсон парламентад олон суудалтай Ардчилсан нам үндэсний хэмжээний чуулга уулзалт зохион байгуулахдаа Гүйцэтгэх зөв­лөлөөрөө заавал хэлэлцэх учиртай. Ингэвэл хэд гурван  дарга нар биш, бүхэл бүтэн намын бүтэц ажиллах болно. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Ардчилсан хүчний холбоо  бүсийн чуулган зохион байгуулдаг, араас нь Ардчилсан нам дахиад чуулга уулзалт зохион байгуулаад явах нь онцгүй л байна. Гэхдээ зөрчилдөөд байгаа асуудал одоохондоо бага байна.

-Та Оюутолгой гэрээг анхнаас нь эсэр­гүүцэж байсан хүний нэг. Сүүлийн үед Оюутолгойн гэрээг тойрсон сөрөг мэдээлэл нилээд цацагдах боллоо. Үүнд ч бас магадгүй таны оролцоо байгаа болов уу?

-Тухайн үед би эсрэг саналтай байсан. Одоо ч гэсэн энэ гэрээг сайжруулах ёстой гэсэн байр суурь хэвээрээ. Саяхан Оюутолгойн ТУЗ-д орсон Монголын талын  нэртэй улс­төрч “Боловсронгуй луйврын гэрээ” гэсэн утгатай үг хэлсэн нь сонинд гарсан байна. Энэ нь уг гэрээг явуулахгүй гэсэндээ биш. Гэрээ байгуулагдаагүй хугацаа алдсан гэдэг. Ачир дээрээ 2007 оны долдугаар  сард анхны гэрээний төсөл УИХ-д орж ирсэн. Яагаад би гэрээг эсэргүүцээд байна вэ гэхээр Монгол Улсад ашиг багатай гэрээ болсон. Энэ гэрээг энэ байдлаар батлахад Ардчилсан намаас З.Энхболд, Н.Батбаяр бид гурав, МАХН-аас Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар эцсийн хэлэлцүүлгийг дуустал эсрэг саналтай байсан.

-Гэрээг батлагдсан хойно нь ч эсэргүүцэх ямар шалтгаан байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Оюутолгойн нөөцийг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцож борлуулалтаар нь үнэлбэл гурван зуун тэрбум гаруй ам.долларын баялаг бий. Хөрөнгө оруулагч таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл манай улс өөрийнхөө баялгийг өчүүхэн ч үнэлээгүй. Харин ч бүр энэ баялгийг ашиглах компанийн хөрөнгө оруулалтын 34 хувийг худалдан авч, хүүтэйгээ нийлээд  1.2 тэрбум орчим ам.долларын өр тавьж байж энэ төсөл хөдлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл өөрийнхөө баялгийг өөрөө худалдаж авсан гэсэн үг. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй. Энэ компанийн 34 хувийг монголчууд  шууд эзэмшээд явах боломж байсан уу гэвэл хангалттай тийм боломж байсан.

-Эрх баригчид Оюутолгойн гэрээг хөдөлгөхийн тулд Засгийн газар 68 хувийн татвараа хүртэл тэглэсэн. Энэ нь тэгвэл хэр зөв алхам болсон бэ?

-Оюутолгойн ашиглалтын лицензийг ашиглаж байгаа  “Айвенхоу майнз” компани олон улсын зах зээл дээрээс тэрбум тэрбум доллараар хөрөнгө босгож байна. Оюутолгойн хэмээх  дэлхийн хэмжээний энэ том орд байгаа учраас л тэр. Иймдээ ч тухайн компанийн хувьцаа үнэ хүрч байгаа. Харин энэ хөрөнгийг Монголын баялгийг барьцаалж босгож байгаа хэрнээ манай улсад ямар ч хамааралгүй байсаар байна. Манай улс 68 хувийн татвараа ирэх оноос эхлэн тэглээд байгаа. Зэсийн үнэ 2003 оноос өмнөх олон жилийн дундаж нь 2000 ам.долларын хавьд хэлбэлзэж байсан. Одоо 6000-8000 ам.долларт хэлбэлзэж байна. Тиймээс 68 хувийн татвар авсан аваагүй Монголын талын авдаг татвар нэмэгдэх нь ойлгомжтой.

-Засгийн газар Нөөцийн төлбөрийн тухай хуулийг оруулж ирэхдээ Оюутолгойд хамаарахгүй байхаар өргөн барьсан. Энэ тухайд?

-УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу Оюутолгойн гэрээг байгуулах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт өгсөн.  Гэвч энэ нь хэрэгжээгүй. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэж байгаа учир шаталсан нөөцийн татварыг нэмэгдүүлж оруулж ирэх үүргийг өгсөн юм. Гэтэл хуулийн төслийг оруулж ирэхдээ Оюутолгойд хамаарахгүй  байхаар өргөн барьсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрт үйлчилнэ. “Эрдэнэт” үйлдвэр Монголын ард түмэнд ашгаа өгсөн. Ялгаа нь Монголын төр Эрдэнэтэд 51 хувь, Оюутолгойд 34 эзэмшдэгт байгаа юм. Нөөцийн төлбөр бол нийт борлуулалтаас нь авдаг, Монголын тал бүрэн авч болох ганц татвар. Энэ төлбөрийн хувь хэмжээ манайд зэсийн үнэ 2-3 дахин өсчихөөд байхад таван хувьтай хэвээр байгаа. Үүнийг олон улсын жишгийг харгалзаж  наймаас доошгүй хувьтай болгох хэрэгтэй байна. Эндээс эрх баригчид хэний талд үйлчлээд байгаа нь харагдана байх. Ийм л байдалтай болчихоод байна. Тиймээс би хувьдаа холбогдох хүмүүстэй нь хариуцлага тооцох ёстой гэж бодох болсон.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтаа хэдий хэр хугацаанд нөхөх талаар та судалгаа гаргасан гэсэн. Гэвч энэ судалгаа тань хэр үндэслэлтэй юм бэ?

-Зэсийн үнийг 4320 ам.доллараар тооцоход 4.7 жил, 5000-аар тооцвол гурван жил, 6000-аар тооцвол 2.5-3 жилийн дотор ашгаа нөхнө. Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээс хойш шүү дээ. Ийм ашигтай бизнес хаана ч ховор л доо. Мөн Оюутолгойн гэрээ 2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас хүчин төгөлдөр болох ёстой байсан. Ингэхдээ УИХ-ын 57 дугаар тогтоолд   хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгө оруулалттай нөхсөнөөс хойш Монголын тал 34 хувиа төлбөргүйгээр эзэмших, цаашилбал Монголын эзэмшлийн хэмжээг 50 хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх заалтыг хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл чимээгүй  байсаар байлаа. Тиймээс гэрээ хүчинтэй болох хугацаа ойртохоор  нэр бүхий 11 гишүүн гарын үсэг зурж, Засгийн газар УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэрхэн хангах талаар тодруулахаар Д.Дэмбэрэл даргад шаардлага хүргүүлсэн. Гэтэл байдал эсрэгээрээ эргэж, Засгийн газар  дээрхи гэрээг хугацаанаасаа өмнө хүчин төгөлдөр болсныг зарласан. Үүнээс нь харвал хамтарсан Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзэж болох талтай.

-Стратегийн 15 орд бий. Магадгүй стратегийн бусад ордууд ч гэсэн Оюу­толгойн замналаар явах болов уу?

-Стратегийн 15 ордын Оюутолгойгоос бусад 14 орд нь  улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон. Гэтэл лиценз нь ямар нэг байдлаар бусдын гарт орсон байна. Ийм байж болохгүй л дээ. Лицензийг тэд хадгалж байсан гэдгийг сайн ойлгохгүй байна. Инээдтэй л үг. Учир нь Монгол Улс тусгаар тогтносон улс. Хилээ, эх орноо хамгаалдаг цэрэг эрстэй, ард түмэнтэй улс. Улсын төсвөөр хайгуул хийгдсэн л бол  ард түмний өмч л байх ёстой. Үүнийг нэг их сүр бадруулж давтах ч хэрэггүй. Шинэ батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар улсын төсвөөр хайгуул хийгдсэн газар хайгуулын зөвшөөрөл олгохгүй, ашиглалтын лиценз олгох бол уралдаант шалгаруулалт явуулна гэж заасан. Ер нь үлдсэн 14 ордын асуудлыг хуульд нийцүүлэн, шударга байдлаар шийдэх шаардлагатай байна.

Б.АЛТАНСҮХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж