УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2024.04.25/Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар биенээ учиргүй магтаж, өөд татацгаав.
Асуулт тавих боломжийг ашиглаад УИХ-ын гишүүн Д.Ганбат “Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэнэ гэдэг амь өрссөн ажил. 2016 онд улсын төсөв 6 их наяд байсан бол одоо 27.5 их наяд болж, зургаа дахин өссөн. Төрийн өмчит компанийн өмч хөрөнгө 55 их наяд, тэгсэн хэрнээ ашигтай ажилладаг компани байдаггүй.
Авлигатай тэмцсэн хүмүүсээ хоёр том нам энэ дотор байгаа хүмүүс дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж хавчиж байна. Жишээ нь, хуулийн илд болоод байгаа Б.Энхбаяр гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн. Манай намд ч бас ийм зүйл ярьж байна. Б.Энхбаяр гишүүн ээ, та юу гэж бодож байна.
Авлигын мөнгө зарим хүмүүсийн сейфэнд багтахгүй, өрөөнд нь багтахгүй, гэрт нь багтахгүй алтан морь болоод байж байна гэсэн. Ардын намын гишүүдийн амнаас л сонссон. Алтан гулдмайг нь хураасан уу. Хөгжлийн банк, нүүрсний сонсгол дээр Б.Энхбаяр гишүүн бид хоёр оролцоод нэлээд ажилласан. Үр дүн юу болсон бэ гэв.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг хоёр жил цугтаа хэлхэлдсээр хоёр ч сонсголын ард гарсан. Эхлээд би Д.Ганбат гишүүнд санаа зовж байсан. Бизнес эрхэлж байсан, УИХ-д хоёр сонгогдсон байсан болохоор. Шинжээчид маань шударга ажилласан. УИХ-ын гишүүдээс янз бүрийн юм илэрсэн. Харин Д.Ганбат гишүүнээс нүүрсний сонсгол дээр ч, Хөгжил банкны сонсгол дээр ч юм гараагүй. Тийм болохоор өөрөө нүүр бардам, үг хэл нь хурц байдаг юм байна гэж бодсон.
Сонсголын үр дүн өөрөө юу болсон гээд байгаа. Олон юм өөрчилж байгаа. Нүдэнд харагдахгүй байгаагаас нь хэлье. Хөгжлийн банкны сонсголын дараа төрийн сайд нараасаа эхлээд дур зоргоороо шийдвэр гаргадаг байдал ихээхэн хумигдсан. Хорин жилийн өмнөх юм ч гаргаад ирэх юм байна гэдэг зүйл төрийн шийдвэр гарах төвшинд хүчтэй болсон. Засгийн газрын олон хурал дээр ч анзаарч байгаа. Хөгжлийн банкны сонсгол дээр 10 жилийн өмнөх хуралдааны аудио сонсгосон. Х.Баттулгад 57 сая доллар өгчихье гэдэг хурлын проткол гаргаад ирсэн. Одоо ийм юм ярьдаг сайд байхгүй болсон. Задгай төлөвлөгөөгүй, бялуу хуваадаг зүйл цэгцэрсэн” гэв.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс хөндөж, түүнд нь сайд Б.Энхбаяр “Сонгуульд нэр дэвших эсэхийг нэг хүн шийдэхгүй” гэж хариу барьж байсан удаатай.
Д.Ганбат гишүүний хувьд Баянхонгор аймаг буюу Архангай, Өвөрхангай аймгуудад өрсөлдөх санаа их ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга, С.Ганбаатар, А.Адъяасүрэн нар тухайн тойргийг услах болсноор жийгдээд буй. Нэг ёсондоо тэд зовлон нэгтэй улстөрчид гэж хэлж болно. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа үед биенээ ч болов магтаад сонгогчдоосоо "очков" авъя гэж бодсон уу, үг яриагаа эртнээс эвлүүлсэн хүмүүс шиг л яв цав нийлэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ