Олон улсын ардчилсан холбоо (ОУАХ) болон Ардчилсан намын хамтарсан олон улсын бага хурал өнөөдөр, маргааш /2024.04.25-26/ үргэлжилнэ.
Баруун төвийн чиг баримжаатай дэлхийн улс төрийн намууд үзэл санаагаа хуваалцах, харилцаа холбоо тогтоох, харилцан биенээсээ суралцах, хамтран хүчтэй дуу хоолой болж үнэт зүйлсээ хамгаалах зорилгоор 1983 онд IDU болон олон улсын ардчилсан холбоог байгуулсан түүхтэй. Одоогийн байдлаар тус холбоонд 84 улсын баруун төвийн чиг баримжаатай улс төрийн намууд багтаж байна.
IDU-ийн анхны үүсгэн байгуулагчдын дунд тэр үеийн АНУ-ын дэд ерөнхийлөгч Рональд Рейган, Английн ерөнхий сайд асан М.Тетчер, Парис хотын захирагч хожмоо Франц улсын ерөнхийлөгч болсон Ж.Ширак, Германы канцлер Х.Коль болон бусад лидерүүд байсан аж.
Олон улсын ардчилсан холбоо, улс төрийн намууд бодлогоо хэлэлцэж, сонгуульд ялах туршлагаа солилцдог байнгын уулзалт хурлуудыг хийдэг. Ингэхдээ улс орнуудын улс төрийн намуудын дарга нараас бүрдсэн намын дарга нарын зөвлөл нь 3-4 жил тутам хуралддаг байна. Түүнчлэн бүс нутгийн болон дэргэдэх байгууллагын хүрээний уулзалтыг тогтмол зохион байгуулж иржээ. Эдгээрээс гадна улс орнуудад болж байгаа сонгуульд ажиглагчаар оролцоход зохион байгуулах, намын аппаратын ажилтнуудыг чадавхжуулах, сургах зэрэг тодорхой ажлуудыг хийдэг байна.
Ардчилсан нам энэхүү олон улсын бага хурлыг Монголд зохион байгуулах эрхийг авсан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд Монголын АН олон улсын тавцанд нэр хүндтэй, туршлагатай, төрийн эрх барих хэмжээний улс төрийн институци хэмээн үнэлэгддэгтэй холбоотой.
Улаанбаатарт болж байгаа энэ хурлаар улс орнуудын төлөөлөгчид Монгол Улсын ардчиллын 34 жилийн түүхэн замнал, ололт амжилт, алдаа оноог хэлэлцэж байгаагаараа онцлог.
МОНГОЛ АРДЧИЛЛЫН ИНДЕКСЭЭР БАЙР УХАРВАЛ АВТОРИТАР ДЭГЛЭМТЭЙ АНГИЛАЛД ОРОХ ЭРСДЭЛТЭЙ
Олон улсын ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч MICHAEL DUST:
-Өнөөдрийн бага хурлын гол ач холбогдол нь Ардчилсан нам. Ардчилсан нам ирэх жилүүдэд Монголын улс төрд гол байр суурийг эзэлж, ардчиллыг бэхжүүлэх хүрээнд ажиллана гэдэгт бид итгэж байна. АН ганцаараа биш, энэ намын хойно Олон улсын ардчилсан холбоо байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Ардчилсан намыг бид ямагт дэмжинэ. Яагаад гэвэл Монгол Улсын газар зүйн байрлалаас харвал ардчилсан дараагийн улс хэдэн зуун км-ын зайтай байгаа. Тиймээс энэ хурлын ач холбогдол нь Монгол АН-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэж бодож байна.
Ардчилал гэхээр ерөнхий ойлголт. Жишээлбэл, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, чөлөөт ардчилсан сонголт хийх зэрэг олон зарчим бий. Тэгэхээр эдгээрээс алийг нь авч үзэж ардчиллын индексийг гаргаж байна гэдэг чухал.
Ардчиллын ерөнхий индексээр Монгол Улс 60 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Жаахан хойш байр руу ухарвал авторитар дэглэмтэй ангилалд орох эрсдэл байна лээ. Бусад индексээр харвал 190-130-д гэхчлэн зарчим бүрээр өөр өөр байранд орсон харагдаж байгаа юм. Тиймээс ямар хүчин зүйлсээр ардчиллыг хэмжиж байгаа нь чухал.
АРДЧИЛСАН БҮХИЙ Л ОРНУУДЫГ НЭГТГЭДЭГ ШҮХЭР БАЙГУУЛЛАГА НЬ IDU
ОУАХ-ны даргын бие төлөөлөгч TONY CLEMENT:
-Намайг Тони Клемент гэдэг. Би Канадын хууль тогтоох байгууллагад парламентын гишүүнээр ажиллаж байсан. Өнөөдрийн арга хэмжээнд Олон улсын ардчилсан холбоо гэдэг байгууллагыг төлөөлөн оролцож байна. Олон улсын ардчилсан холбоо бол дэлхий даяар оршиж байгаа баруун төвийн үзэл баримтлалтай ардчилсан, консерватив бодлоготой намуудын нэгдсэн байгууллага. Гишүүнчлэлийн хувьд Америк, Ази, Латин Америк зэрэг бүх л тивийн энэ чиглэлийн улс төрийн намуудыг нэгтгэсэн шүхэр байгууллага гэдгээр онцлог.
Монгол улсын ардчилал, үүсэн бий болсон ардчиллын уламжлалыг ОУАХ дэмждэг.
Мөн ирэх сонгуульд АН-ыг ялалт байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Монгол Улс өнөөдөр маш чухал цаг үе дээрээ ирээд байна. Удахгүй болох сонгуулийн эгзэгтэй цаг үед сонгууль шударга, өрсөлдөөнтэй, ямар нэгэн гадны нөлөөгүйгээр явагдах нь чухал юм.
Ардчиллаараа Монгол Улс хэддүгээр байрт жагсч байгаа талаар би нарийн статистик мэдэхгүй байна. Гэхдээ ардчилсан тогтолцоонд тодорхой хэмжээний сорилт, дарамттай ямагт тулгардаг. Энэ нь Европ, Америк, Латин Америкад, Африкт ч үүсч байгаа. Дэлхийн хэмжээнд нэг хандлага явж байна. Ардчиллыг үгүйсгэх, дарамт үзүүлэх зэрэг. Гэхдээ бид үүнийг даван туулж байж ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэнэ.
Холбоотой мэдээ